Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Рио Тинто: Ирээдүйн уурхай одоо цагт биеллээ олж байна



Б.Төгсбилэгт /Австрали. Брисбен-Мельбурн 

Австралийн эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хэтэрхий хамааралтай байгаа ч тэнд дэлхийн хамгийн хөгжилтэй хотууд оршиж байгаа нь тогтвортой хөгжлийг цогцлоож буйн илрэл гэж хэлж болно. Үүнд Австралийн амжилт оршино. Дэлхийн коксжих нүүрс, төмрийн хүдрийн худалдааны тал хувийг дангаар атгадаг Австрали улсын хувьд уул уурхайн салбар нь уналтад орох үед ямаршуухан байдлаар асуудлыг зохицуулах нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Австралид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбар өндөр хөгжиж, эдийн засагт нь багагүй хувь нэмэр оруулж байгаа ч уул уурхайн салбартай харьцуулах боломжгүй хэвээр байна. Энэ нөхцөл байдал нь тус улсыг Монголтой илүү адил харагдуулж байж болох юм. 

Гэхдээ Австрали бол Монголын уул уурхайн өрсөлдөгч биш. Тус улс Монголын хувьд үлгэр жишээ байж болох тийм л орон. Энд уул уурхайн автоматжуулалтын салбарын ноён оргил оршиж байна. Энд уул уурхайн судалгаа шинжилгээний цөм оршиж байна. Тэдний нэг нь “Рио Тинто” гэдэг их айл юм. Энэ удаад Монголын сэтгүүлчид дэлхийн шилдэг уул уурхайн орон болсон Австралийн уул уурхай, тэр дундаа “Рио Тинто” компанийн инноваци, ноу-хаутай танилцах боломж гарсан юм. 

Тодруулбал энэ удаагийн аялал уул уурхайн дижитал технологи буюу автоматжуулалт, инновацид илүүтэй чиглэснээрээ онцлог байлаа. Монгол Улс уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтайн хувьд салбарт шинэ тутам хөгжиж буй сэдвээс хоцрох ёсгүй. Энэ аяллаар сэтгүүлчид “Рио Тинто”-гийн Брисбэн хот дахь Өсөлт, инновацийн салбар болон Мельбурн хот дахь Технологи хөгжүүлэлтийн төв, Австралийн Квийнслэнд мужийн Уул уурхайн ассоциаци, Квийнслэндийн их сургуулийн харьяа Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэн (Sustainable Minerals Institute) болон голлох хэвлэл мэдээлэл болох Fairfax-ийн дэргэдэх Australian Financial Review сонины редакцийн үйл ажиллагаатай танилцлаа. Австрали улс нь дэлхийн уул уурхайн хөгжлийн тэргүүлэгчдийн байр сууринд баттай зогсож байгаагийн хувьд энэ улсын уул уурхайн туршлага нь Монгол шиг уул уурхайн салбараа хөгжүүлэхийг зорьж буй улсад ихээхэн чухал гэдэг нь дамжиггүй. Иймд уг ажлыг “Mongolian Mining Journal”-ийн дэргэдэх сэтгүүлчдийг чадавхжуулах зорилго бүхий “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь “Оюутолгой” компани болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 1-ний хооронд амжилттай хамтран зохион байгууллаа. 




Австралийг товчоор илэрхийлбэл...

Австрали гэхээр хамгийн түрүүнд Сиднейн театр эсвэл имж, коала буюу Австралийн уутат баавгай санаанд буудаг. 
7.692 сая км2 нутагтай, 6 муж болон бусад харьяат газартай, 25 сая хүн амтай 1.3 их наяд ам.долларын эдийн засагтай. 
Гэхдээ уул уурхайн салбарынхны хувьд Квийнслэндийн нүүрс, боомт, Пилбара дахь төмрийн хүдрийн томоохон уурхайнуудаар нь энэ улсыг төсөөлдөг. Тус улс дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том экспортлогч төдийгүй нүүрсний хоёр дахь том экспортлогч орон. Австрали өөр бас зэс, хөнгөн цагаан, цайр, уран, алт гээд маш олон ашигт малтмалын салбараа гойд сайн хөгжүүлсэн. Өнгөрсөн санхүүгийн жилд тус улс уул уурхайн салбараас 174 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд экспортынх нь 60%-ийг эрдэс баялаг эзэлсэн тухай тус улсын Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамны мэдээнд өгүүлжээ. 

Австрали улс нь зургаан мужтайг дээр өгүүлсэн. Тэгвэл дотроо дэлхийн коксжих нүүрсний худалдааны тал хэсгийг бүрдүүлдэг Квийнслэнд муж нь газар нутгийн хэмжээгээр хоёрдугаарт ордог. Монгол Улсын ирээдүйн биелэл нь бидний олонхийн хэлдгээр Америкийн нэгдсэн улс гэж ойлгодог. Гэхдээ яг үнэндээ Австрали улс гэвэл их ононо. Бүр тодруулбал Квийнслэнд мужийн нийслэл Брисбэн хотын хөгжлөөс энэ бүхнийг харж болно. 

Энэ хотыг сүүлийн хэдхэн жилийн дотор үсрэнгүй хөгжсөн гэдэг. Брисбэнчүүдийн дундаж орлого сарын 5 мянган австрали доллараас эхэлдэг. Нэлээд өндөр өртөгтэй энэ хотод ийм цалин дундаж австрали хүний хувьд сэтгэл хангалуун амьдрахад хангалттай санагддаггүй. Тэгээд ч тэр үү, замаар давхих машинуудыг ажиглавал шинэ загвар, бүр олон жилийн өмнөх загварын гээд төрөл бүрийн машин холилдон харагдана. Мэдээж ламборгини, тесла зэрэг тансаг зэрэглэлийн машин ч хааяа нэг үзэгдэнэ. Гагцхүү утаа угаар гаргадаг унаа л энд алга. Хоолны үнэрээ шууд шүүлгүйгээр гаргадаг ресторан, хоолны газар ч алга. Тиймээс замын хажуугаар алхах үед машины утаа, элдэв хиншүү үнэртэж цухалдуулахгүй. Хотын өрнөл, чимээ шуугиан их ч хаа сайгүй ногоон байгууламжийг харамгүй бий болгосон нь Брисбэн хотын зохимжит, таатай тэр л онцлог бүхий орчинг бий болгож чаджээ. Дэлхийн амьдрахад таатай хотуудын жагсаалтыг гаргадаг индексийн тодорхойлолтод үүнийг батлах мэт ногоон байгууламж, соёл амралтын төвүүд, хотын амьдралын хэв маяг нь Брисбэнийг улам гайхалтай хот болгож буй хэмээн тайлбарлажээ. Брисбэн хот нь Мельбурн шиг амьдрахад таатай хотын жагсаалтын эхний аравт багтдаггүй ч Австрали улс тус хотыг шинэ дэлхийн хотоор зарлаад байгаа юм. Брисбэнийн захиргаа ч хотоо илүү шилдэг байлгахын төлөө тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хотод 2014 онд Их 20-ийн уулзалт болсон. Брисбэн хотын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны байдлаар 160 тэрбум австрали долларт хүрсэн нь улсынхаа ДНБ-ий 9.5%-ийг дангаараа бүрдүүлжээ. 

Брисбэнд томоохон компаниуд, тэр дундаа дижитал технологийн компаниуд төвлөрдөг. Энд уул уурхайн салбарын компаниуд ч бий. Уул уурхайн салбар ч дижитал эринээс хоцрохыг хүсэхгүй байна. Үүний нэг тод жишээ нь “Рио Тинто” компанийн Өсөлт, инновацийн группт өрнөж буй ажлууд юм. Энэ групп нь “Рио Тинто”-гийн аюулгүй, бүтээмжтэй, ашигтай ажиллагааг хангахын тулд хайгуул, судалгаа, хөгжүүлэлт, технологийн оновчлолыг сайжруулах ажил хариуцдаг. Тэдний хийж буй ажил санаанд оромгүй амжилтад хүрч, уурхайн үйл ажиллагааг гурван хэмжээст  байдлаар хугацааны алдагдалгүйгээр харж чадахаар түвшинд хүрчээ. 

Уурхайн автоматжуулалт ажлын байрыг хумина гэдэг нь хуучирсан ойлголт



Ирээдүйн уурхай гэдэг шинэ ойлголтыг “Рио Тинто” 2008 оноос хэрэглэж иржээ. Ийм нэртэй хөтөлбөр яг арван жилийн өмнөөс эхэлсэн. 2008 онд “Рио Тинто” Сиднейн их сургуультай хамтарч дижитал уурхай, автоматжсан уурхайг хөгжүүлэх ажилд оржээ. Биднийг шинэ оффистой танилцах үед тус компанийн Өсөлт, инновацийн группийн Автоматжуулалтын багийн ахлах зөвлөх Крэйг Хамфрей Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагааг дэлгэцээр гурван хэмжээст байдлаар харуулав. Брисбэний салбараас Оюутолгойн ил уурхайн талбайд чухамхүү ямар үйл явц өрнөж байгааг 3D компьютер тоглоомын адилаар маш нарийн харах боломжтойг Крэйг Хамфрэй энгийнээр тайлбарлалаа. 

Түүний хөгжүүлж буй энэхүү системийг RTVis гэж нэрлэнэ. Энэ бол уурхайг автоматжуулах ажлын зөвхөн нэг хүрээ бөгөөд уурхайг гурван хэмжээст зураглалаар маш нарийвчлалтай харуулдаг нь ирээдүйн уурхайг бий болгох ажилд онцгой чухал юм. 

Нөгөөтэйгүүр танд тоглоомыг удирдах боломж байхгүй. Харин хяналт тавих, асуудлыг урьдчилан харж шийдвэрлэх боломж өгч буйгаараа RTVis-ийн давуу тал, үндсэн үүрэг оршино. Аливаа аялал газрын зурагтай байвал илүү хялбар, хянах боломжтой болно. Тэгвэл RTVis уурхайн төгс газрын зураг л гэсэн үг. Учир нь танд зураглал харуулаад зогсохгүй, дата мэдээллийг хугацааны алдагдалгүйгээр дамжуулна. 

21 ил уурхайд нэвтрүүлсэн RTVis системийг “Рио Тинто”-гийн 1200 ажилтан ашиглах эрхтэй. Маш нарийн мэдээлэл, дататай танилцаж, уурхайд ажиллаж буй машин техникийн үзүүлэлтүүдийг хянах боломжтой. Ингэснээр хэрэв ямар нэг асуудал гарвал уурхайд байхгүй ажилтнууд уурхай дээр ажиллаж буй инженерүүдтэй холбогдоод асуудлыг шийдэх боломжтой. Зэсийн хүдэр ачсан самосвал хаашаа явж байгаа, түлшний хэмжээ, хэдэн тонн ачаа ачсан байгаа нь ч харагдана. Ерөнхий мэдээллийг ч багцлаад харж болно. Жишээ нь бүтэн 12 цагийн турш уурхайд ажилласан машин механизм ямар бүтээмжтэй ажиллаж байгаа үр дүнг шууд харж болно. 

RTVis-ийг арваад жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бөгөөд ил уурхайнуудад энэ системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Харин Оюутолгойд хоёр жилийн өмнөөс нэвтрүүлжээ. Ингэснээр машин техникийн үйл ажиллагаа удаашралтай эсвэл хэвийн байгаа эсэхийг өнгөөр тэмдэглэн харуулна. Дампуудын явах зам харгуй, эргэлтийн замыг цэнхэр, улбар шар, шараар тэмдэглэсэн байна. Цэнхэрээр тэмдэглэсэн хэсэгт илүү удаан явж байгаа бол шар, улбар шар өнгөөр тэмдэглэсэн хэсэгт дампууд хэвийн хурдаар явж байгааг илтгэнэ. Хурд саарч буй хэсгүүдийн алдагдсан бүтээмж нь өдөр сараар үржигдэхээр бүтээмжийн бууралт харагдаж байгаагаасаа том болох нь ойлгогдоно. Бүтээмжийг дээшлүүлэх баг үүнд илүү дээр шийдэл гаргахаар ажиллаж болно. Ингэхдээ уурхай дээр ажиллаж буй багтай хамтран оновчтой шийдлийг гаргана гэсэн үг юм.
 
RTVis-ийн ид шид ингээд зогсчихгүй. Уурхайн аль техникт ямар арчилгаа шаардлагатай байгааг ч харуулна. Зөвхөн машин техникийн үзүүлэлтээр хязгаарлагдахгүй өрөмдлөг, тэсэлгээ зэрэгт энэхүү систем нь ач тусаа өгнө. Уурхайн хүдэр, чулуулгийн бүтэцтэй холбоотой мэдээллийг тодорхой харуулснаар тэсэлгээний баг илүү оновчтой ажиллах боломж бүрдэнэ. Эдгээр өгөгдөл мэдээллийг RTVis нь төв мэдээллийн систем рүү байнгын тасралтгүйгээр цуглуулж оруулна. Үүнд үндэслэн компанийн мэргэжилтнүүд уурхайг илүү үр ашигтай ажиллуулах эсвэл болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ажиллах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр зардал хэмнээд зогсохгүй аюулгүй ажиллагааг дээшлүүлнэ. Крэйгийн тайлбарласнаар технологи хөгжүүлэлт нь Брисбэнээс гадна Баруун Австрали болон Хойд Америк дахь төвд мөн хэрэгжиж байна. Тэрбээр системийг улам сайжруулахаар 30 хүнтэй багийн хамтаар ажилладаг юм. Крэйг одоо энэхүү системийнхээ гүний уурхайн хувилбарыг гаргах гээд нөхдийн хамтаар ажиллаж байна.

RTVis нь зөвхөн уурхайг харуулах газрын зураг бол Пилбарагийн уурхайд автомат удирдлага бүхий самосвалын бригад ажиллаж байна (Пилбарад 16 төмрийн хүдрийн уурхай, 1700 км төмөр зам, 200 зүтгүүр бүхий хэдэн мянган вагон хамаарна). Төмрийн хүдрийн баялаг бүс болох Пилбарагийн хэд хэдэн уурхайд “Рио Тинто” одоогоор 90 гаруй бүрэн автомат самосвал ажиллуулж байгаа бөгөөд тоог нь нэмэхээр төлөвлөж буй нь ирээдүйн уурхайн бодит биелэл болж байна. Эдгээр авто самосвалыг уурхайгаас 1500 гаруй км-ийн алсад орших Перт хотоос удирдаж байгаа нь Пилбараг уурхайн автоматжуулалтын маш сайн жишээ болгож буй тухай тус компанийн Өсөлт болон Инновацийн группийн Харилцаа холбоо, орон нутаг хариуцсан менежер Моник Бенстэд  ярилаа. Пилбарад саяхнаас “Рио Тинто” төмөр замаар хянах үүрэг бүхий машинистгүйгээр төмрийн хүдрийн тээвэрлэлтийг туршиж эхэлсэн. Оны эцэс гэхэд машинистгүй автомат удирдлага бүхий төмөр замын тээвэрлэлтийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Мөн л Перт хотноо орших төвөөс төмөр замын тээвэрлэлтийг удирдана. Гэхдээ Моник инженер, техникийн ажилтнууд ирээдүйд үнэ цэнээ алдахгүйг тэмдэглэлээ. Технологийн удирдлагын багт ажлаа сайн мэддэг хүмүүс байх хэрэгтэй. Жолоочгүй 90 самосвал Пилбарад ажиллаж буй нь 90 хүнийг ажилгүй болгосон мэт боловч Перт дэх технологи удирдлагын төвд түүнээс олон хүн ажиллаж байна. Рио Тинтогийн албанд дижитал технологийн чиглэлээр 600 орчим хүн ажиллаж байгаа ажээ. 

Дижиталчлалд шилжихийн хэрээр гурван төрлийн мэргэжил хамгийн эрэлттэй мэргэжлээр тодроод байгаа нь дрон нисгэгч, дата аналист, кибер аюулгүй ажиллагааны мэргэжилтэн гэж тэрбээр хэллээ. Хэдийгээр дижитал мэргэжил моодонд орж буй ч нарийн мэргэжлийн инженер уурхайчдын ур чадвар хэзээд үнэ цэнтэй байх болно гэдгийг тэрбээр тодотгосон юм. Инженерүүд урьдын адилаар уурхай дээр биечлэн ажиллахгүй харин тоон системийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах байдлаар ажил өрнөх төлөв харагдаж буй ажээ. Автоматжуулалтын нөлөө ажлын байрны салбарт хэрхэн өрнөх талаар илүү эерэг байр суурийг  ийн дэлгэсэн нь ихээхэн сонирхолтой байлаа. Хамгийн гол нь автоматжуулалт нь үйлдвэрлэл бүтээмжийн үр ашгийг нэмэгдүүлж, аюулгүйг ажиллагааг дээшлүүлж буй гэдгээрээ уурхайн компаниудын анхаарлыг татаж байна. “Рио Тинто”-гийн мэдээлэлд дурдсанаар автоматжуулсан самосвал жолоочтой самосвалтай харьцуулахад үр ашгийн коэффициент нь 11%-иар илүү байгаа бол автоматжуулсан өрөмдлөгийн машиных 26%-иар илүү байгаа ажээ. Туршилтаар хэрэгжүүлж эхлээд буй төмөр замын тээврийн хувьд ч мөн адил хурдны үзүүлэлт 6%-иар илүү байгааг тэмдэглэжээ. Энэ бүгд нь Пилбарагийн автоматжсан төмрийн хүдрийн уурхайнуудын тоо баримт гэдгийг санах хэрэгтэй. Харин Оюутолгойн хувьд автоматжсан гэдэг сэдэвт хамаарах харьцангуй эрт байна.  


Бандоора буюу “Рио Тинто”-гийн бүхий л ноу-хаугийн цөм

Энэ бол нэр шигээ өхөөрдөм газар биш. Харин илүү нухацтай, буурьтай хүмүүс ажилладаг маш хариуцлагатай үйл ажиллагаа оршдог газар юм. Австралийн Викториа мужийн нийслэл Мельбурн хотноо дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Рио Тинто”-гийн судалгаа шинжилгээний нэгэн төв оршино. Бандоора гэх энэ төвийн үүдээр ороход цэлгэр том шилэн хүлэмжтэй андуурмаар орчин үзэгдэх бөгөөд хэдхэн алхам урагшлаад харахад “Уул уурхай, металын салбарт анхдагчийн хувьд бид хүмүүний хөгжилд үндсэн чухал түүхий эд баялгийг үйлдвэрлэдэг” гэсэн компанийн уриаг тэмдэглэсэн самбар угтана. Бандоора судалгааны төв нь аюулгүй, ашигтай, бүтээмжтэй ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, боловсруулалт, хаалт, ус дахин ашиглалт гээд олон асуудлыг хариуцаж ажилладаг. Нэг үгээр “Рио Тинто”-гийн судалгааны гол түшиц, итгэлтэй баруун гар нь гэж хэлж болно. Энэ төв компанийн Өсөлт, инновацийн группт харьяалагддаг. Гэхдээ харагдаж байгаагаасаа асар ихийг амжуулдаг газар юм. 

Энэ төвд Оюутолгой төслийн ус дахин ашиглах технологийг боловсруулжээ. Тус төвийнхөн Оюутолгой төслийн ус дахин ашиглалтыг компанийн төслүүд дундаа тэргүүлэх хэмжээний гэдгийг итгэлтэйгээр хэлж байна. 

Биднийг очиход төвийн туршилтын цехэд нэгэн чухал төслийн хүдрийг боловсруулах туршилт хийж байлаа. Энэ цехийг 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босгожээ. Серби улсад орших лити, боратын Ядар (Jadar) төслийн уурхайн хүдрийг хэрхэн боловсруулах технологийг боловсруулж байгаа аж. Литийг орчин үеийн зай хураагуурын үндсэн түүхий эд гэдгээр бид сайн мэдэх бол борат нь утас, таблет, хавтгай зурагтын сайжруулсан шил үйлдвэрлэлд ашиглагддаг байна. Асуудлын гол нь энэ уурхайн хүдрийн төрөл (jadarite) нь дэлхийд цор ганц оршдог гэгдэх бөгөөд инженерийн ур ухаанаар хүдрийг боловсруулах хамгийн үр ашигтай аргыг боловсруулахаар тэд ажиллаж байна. Ингэснээр “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд хүргэх юм. Туршилтын үйлдвэрлэлээр тэд хүдрийг боловсруулан эхний бүтээгдэхүүнийг амжилттай гаргаж авснаа харуулсан юм.

Чухамдаа энд компани тухайн уурхайг ашиглах эсэх цаашлаад илүү үр ашигтай ашиглах боломжтой эсэх эсвэл бүр ашиглахад эрсдэлтэй болохыг урьдчилан тогтоох зэрэг стратегийн чанартай олон асуудал шийдэгддэг гэж хэлж болно. Энэ ажлыг тус төвд ажилладаг 120 орчим туршлагатай, салбарын тэргүүлэх судлаач шинжээчдийн хөдөлмөр шийднэ. Тэдний нэг нь Жаред Осборн  гэх эрхэм. Тэрбээр энд ерөнхий менежерийн албыг хашдаг. Бусад нөхдөө салбартаа 15-30 жилийн туршлагатай бөгөөд хэрэв энд ажиллаагүйсэн бол их дээд сургуульд профессороор ажиллах хүмүүс хэмээн бахархаж байв.



Тэр өөрийн ажилласан бүхий л төслийнхөө үр дүнгээр ихээхэн бахархдаг, бүх төсөл түүний хувьд сэтгэлээ бүрэн шингээсэн ажил байсан гэдгээ бидэнд хэлсэн юм. 

Бандоорагийнхан технологийн бодит шийдлийг хамгийн боловсронгуй байдлаар боловсруулан гаргадаг учраас энэ нь чухамдаа “Рио Тинто”-гийн бүхий л ноу-хаугийн цөм орших газар юм. Өнгөрсөн онд тус төв 25 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд тэр хэрээрээ олон патентийн эзэд болоод байна.  

Энэ удаагийн аялал Австралийн тэргүүн туршлага, тэр дундаа “Рио”-гийн автоматжуулалт бүхий уурхайн талаарх ойлголтын зарим хүрээг хамарснаараа ололттой байлаа. Энэ бүхэн зөвхөн уул уурхай төдийгүй зам, барилга, хөдөө аж ахуй гээд салбар салбарт адилхан явагдах өрнөл билээ. Энд өгүүлсэн бүхэн зөвхөн уул уурхайн нэг том айлын автоматжуулалтын талаарх товч жишээ байлаа. 

Дахин хэлье, RTVis бол ирээдүйн уурхайн зөвхөн нэг л хүрээ нь юм. Энд автоматжуулсан тээвэрлэлтийн систем, автоматжуулсан өрөмдлөгийн систем гэх мэт олон чухал хүрээ цухасхан дурдагдсан. Энэ бүхэн цогцоороо ирээдүйн уурхайг одоо цагт бүрэлдүүлж байна. Оюутолгойд мэдээж Пилбарагийн зарим уурхай шиг автоматжсан удирдлагын систем нэвтэртэл багагүй хугацаа шаардагдах болов уу. Гэхдээ тэр нь ажлын байр буурах хэрэг биш, инженер, дижитал технологийн ажилтнуудын хамтын ажиллагааны өрнөл байх болно гэсэн төлөвийг Моник-ийн ярьсан жишээнээс харж болохоор байна. Үнэн гэвэл инженерүүд ихэнх тохиолдолд заавал уурхай дээр очиж ажиллах шаардлагагүй болох нь цаг хугацааны асуудал болоод байна.