|

Ширээн дээр байнга байдаг мэдээллийн чухал эх сурвалж юм

2018 оны 12 сарын 3
Ширээн дээр байнга байдаг мэдээллийн чухал эх сурвалж юм


Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр:

Монгол Улсын эдийн засаг 2008 оноос өмнө үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар зонхилж байлаа. Уул уурхайн салбарын оруулах хувь нэмэр харьцангуй бага байв. 2007-2008 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн огцом өсөлт гарснаар хөрөнгө оруулагчид түүхий эдийн шинэ зах зээл, шинэ хайгуулын төслүүдэд хөрөнгө оруулж эхэлсний нэг нь Монгол Улсын уул уурхайн салбар юм. 

Энэхүү сонирхолтой, эргэлтийн цаг мөчид Монгол Улсад уул уурхай, технологи, уул уурхайн эдийн засгийн чиглэлийн мэргэжлийн сэтгүүл “Монголиан Майнинг Журнал” анхны дугаараа гарган, уншигчдадаа хүргэсэн билээ.

Хэдийгээр өмнө нь Монгол Улсад салбар тус бүрийн мэргэжлийн сэтгүүл, товхимлууд гардаг байсан ч олон улсын түвшинд хүрсэн шинэлэг шуурхай нийтлэл, мэдээлэл бүхий хурц тод өнгө, мэдээллийн ач холбогдолтой байдлаараа эрс ялгарсан “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт томоохон шинэчлэл хийж чадсан гэж үнэлдэг.  

Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүсээс гадна жирийн уншигчдын хувьд ч уул уурхайн салбарын нөхцөл байдал, ололт амжилт, нэвтрүүлж буй шинэ техник технологи, эрдэс түүхий эдийн зах зээлийн мэдээлэл, Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаарх дүн шинжилгээ зэрэг олон талын сонирхолтой нийтлэл, мэдээллүүдийг тасралтгүй нийтэлж, уул уурхайн салбарын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг боловсролыг тэлэхэд тус сэтгүүл томоохон хувь нэмэр оруулж ирлээ. 

Монгол Улсад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хувьд “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл нь тэдний ажлын ширээн дээр байнга байдаг нэн чухал ач холбогдол бүхий мэдээллийн эх сурвалж болж чадсан юм.

“Монголиан Майнинг Журнал” сэтгүүл үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тус сэтгүүлийг үүсгэн байгуулагчид, редакцийн хамт олон болон нийт уншигч Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 



Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 

Монгол Улсын маань эдийн засаг, хөгжлийн гол суурь болсон уул уурхайн салбарын мэдээлэл бодитойгоор олон нийтэд хүрч байх нь хөгжлийн бас нэгэн салшгүй хэсэг билээ. Би салбарынхаа асуудал бүрийг нээлттэй, ил тод байлгах үүднээс сар бүр хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд гаргасан бодлогын шийдвэрүүдийнхээ талаар тайлагнадаг уламжлал тогтоод байгаа.

The Mongolian Mining Journal сэтгүүл 10 жилийн туршид уул уурхайн чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэн монгол, англи хэлээр тогтмол хүргэж байгаа нь томоохон амжилт яах аргагүй мөн. Ялангуяа англи хэл дээр нийтлэлүүдээ хөрвүүлэн гаргадаг нь гадаадын хөрөнгө оруулагчдад төр засгийн мэдээллийг эх сурвалж болгон авахад томоохон ахиц юм. 
The Mongolian Mining Journal сэтгүүлийн 10 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлийн хамт олонд баяр хүргэж, улам их амжилт олохыг хүсье. Та бүхэн улс орны суурь болсон уул уурхайн салбарын үнэн бодит эх сурвалж болж чаддаг билээ.




Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр


The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, түүний гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс болон хувиасаа 10 жилийн ойн баярын мэнд  хүргэе!

Монгол Улсын хөгжлийн тулгуур нь уул уурхайн салбар болж, улсынхаа эдийн засгийн гол ачааг үүрч явна. Энэ чухал салбарын талаарх үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэж байх шаардлага зайлшгүй бий. Энэ үүргийг Mongolian Mining Journal 10 жил маш амжилттай гүйцэтгэсэн бөгөөд цаашид ч олон арван жил бат тогтвортой гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

Монголын уул уурхайн салбарын хөгжил, алдаа оноо, тулгамдаж байгаа бэрхшээлд бодитоор төвлөрч, мэргэжлийн үүднээс хандаж, түүнийгээ олон нийтэд бодитоор хүргэдэг, хараат бус мэргэжлийн сэтгүүлийн орон зайг The Mongolian Mining Journal төлөвшүүлсэн билээ. Уул уурхайн салбарынхан, бодлого шийдвэр гаргагчид, эдийн засагчид, судлаач шинжээчид, хувийн хэвшлийнхэнд мэдээллийн маш чухал эх сурвалж болдог сэтгүүл гэж уншигчийн хувьд үнэлж дүгнэж явдаг юм. Түүгээр ч зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын мэдээлэл олж авах чухал сурвалжаа болгож ашигладаг, эш татдаг сэтгүүл болжээ.

The Mongolian Mining Journal нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн байгууллага төдийгүй, сэтгүүлийг анхны дугаараа гаргахад Ассоциациас дэмжин хүлээн авч, эхний дугаарын хэвлэлтийн зардалд дэмжлэг үзүүлсэн нь нүдээ олсон тун чухал ажил болсныг өнөөдөр цохон хэлэхэд таатай байна. 

Монголын сэтгүүл зүйд уул уурхайн салба­рын мэргэшсэн сэтгүүлийг эрхлэн, уул уурхайг аюулгүй, тогтвортой, хариуцлагатайгаар хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, уул уурхайн мэдээлэл, мэдлэгийг олон түмэнд хүртээмжтэй түгээх үйлсийг хошуучилж яваа танай хамт олонд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж, улам өндөр амжилт хүсье!


МЭНДЧИЛГЭЭ

Монголын эдийн засаг, уул уурхайгаар тулгуур хийн, олон өнгөөр сүлэгдэж, хөгжиж дэвжих, хүн зоны амьдралын түвшин сайжрах боломж бий гэдгийг нийгмийн тодорхой хэсэг олж харсан тэр үед буюу 2008 онд The Mongolian Mining Journal сэтгүүл мэндэлж байжээ. 

Уул уурхай, эдийн засгийн төрөлжсөн, англи ба монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүлд 10 жилийн ойн баярын мэндчилгээг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс /МСНЭ/ дэвшүүлж байна. 

Өнөөдөр тус сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Лунтангийн Болормаа агсныг хүндэтгэн дурсах ёстой билээ. Тэрээр сэтгүүл зүйд шинэ өнгө төрх дагуулсан сэтгүүлээ анх уншигчдад өргөн барих үедээ “Хөгжлийг бүгд хүсдэг. Харин хэрхэн хөгжих тухайд олон байр суурь сонсогддог. Тэрхүү төрөл бүрийн үзэл бодлыг ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно. Хөгжлийн тухай хамгийн ихээр маргаж байсан цаг үед ММJ мэндэлжээ” хэмээсэн байдаг. 

The Mongolian Mining Journal сэтгүүл өнгөрсөн арван жилд Монгол Улсын хөгжлийн төлөө бодлогоо зангидаж, нийгмийн олон талт байр сууриуд хаа хүрч нэгтгэгдэж болох вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж ирснийг тодотгоё. 

МСНЭ хөгжил дэвшлийнхээ шинэ зурваст тулж ирсэн Монгол Улсад уул уурхайн салбарыг түргэн хурдацтай хөгжүүлэх хойшлуулшгүй зорилт тулгарч буйг хамгаас түрүүнд соргогоор мэдэрч, салбарын хэмжээний мэргэжлийн сэтгүүлийг буй болгон, нийтлэлийнхээ бодлогыг тууштай чиглүүлж, Монголд орчин үеийн шинэ сэтгүүлийн үлгэр загварыг бий болгож чадсан тул уншигчид, сэтгүүл зүйн мэргэжилтэн, судлаачдын санал, дүгнэлтэд тулгуурлан The Mongolian Mining Journal сэтгүүлийг “Шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байснаа энэ дашрамд дурдъя. 

The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд 10 жилийн ойн мэндийг дахин хүргэе. 

Та бүхний үзэг хурц байх болтугай.


МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ


Төрөлжсөн сэтгүүл зүйн анхдагч нь THE Mongolian Mining Journal

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Б.Болд-Эрдэнэ: 

Сэтгүүл зүй мэргэжлийн байх ёстой гэсэн зарчим өнөөдөр хамгийн чухал нь болоод байна. Мэргэжлийн байна гэдэг нь бодит үнэн мэдээллийг олон нийтэд хүргэх, нийгмийн эрх мэдэл, нөлөөллийн хувьд тодорхой, бодитой байр суурийг төлөвшүүлнэ, хадгална гэсэн үг. Тэгэхээр мэргэжлийн байхын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөлжих ёстой. Тодорхой асуудал, үйл явдал, нийгмийн үзэгдлийн талаар төрөлжиж, тухайн асуудлыг гүнзгийрүүлнэ. Тэгээд бодитой, мэргэжлийн түвшинд мэдээлэл, нийтлэл хүргэнэ гэдэг нь их чухал зүйл болоод байна. 

Энд Mongolian Mining Journal анхдагч байсныг бид бүхэн сайн мэднэ. Монголын хувьд уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн, экспортын багагүй хувийг хангаж буй томоохон салбар. Энэ үүднээсээ ч тэр, хөндөгдөж байгаа сэдэв асуудал нь үнэхээр мэдээллийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнийн хувьд чухал, онцгой гэдэг нь ойлгомжтой. Энэ чиглэлээр Mongolian Mining Journal зөвхөн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг хийхээс гадна тодорхой хэмжээгээр уулзалт, хэлэлцүүлэг хийж ирсэн. Зөвхөн энэ салбар төдийгүй Монголын эдийн засаг, дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар бодитой, тодорхой санаа гаргадаг сэтгүүл. 

Нөгөөтэйгүүр энэ сэтгүүлийг үндэслэгч нь манай сэтгүүл зүйн тэнхмийн төгсөгч Л.Болормаа. Болормаа бол өрнөдийн сэтгүүл зүйн хэв маяг, арга хэлбэр, мэдээллийн сонголт, боловсруулалтыг Монголын сэтгүүл зүйд бий болгох тал дээр өөрийн гэсэн бодитой практик ул мөрийг үлдээгээд явсан. Өнөөдөр ч энэ сэтгүүл эрхлэгчийнхээ тэрхүү хүсэл эрмэлзлийг хадгалан үргэлжилж байгаад бид их баяртай байна.  

Энэ сэтгүүл нь өөрөө нийгмийн эрх ашиг, байр суурийг тодорхой хэмжээгээр агуулж байдаг. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний эрх ашиг сонирхол хийгээд гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн томоохон салбарын хөгжил энэ бүхнийг нэгтгэж харж чаддагт нь бахархалтай байна.  Зөвхөн уул уурхайн мэдээлэл биш энэ асуудал ирээдүйд яаж хөгжих юм бэ, улс оронд ямар үр өгөөж өгөх ёстой юм, байгалийн баялагтай хөгжил буурай ийм улс орнуудад байдаг сорилтуудыг хэрхэн давах зэргээр асуудлыг зөв чиг хандлага руу нь хандуулахад сэтгүүлийн нөлөө, оролцоо их байсан. Өнөөдөр ч тийм хэвээр байгаа гэж би хувьдаа дүгнэж явдаг. Сэтгүүл үүсгэн байгуулагдаад 10 жилд болсон байна. Энэ бол багагүй хугацаа. Тиймээс Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд цаашдаа энэ мэдээллийн чухал салбараа түүчээлсээр явахыг хүсч байна. Та бүхэнд мөн уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 


Жулиан Дийркес, Бритиш Колумбын их сургуулийн профессор

Монгол оронд сүүлийн 10 жилд ашигт малтмалын салбар хөгжихийн хэрээр уул уурхайн үйл ажиллагаа, сорилтуудын талаарх ойлголт ихээхэн дээшилсэн юм. The Мongolian Mining Journal сэтгүүлийн хувьд энэ бүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. 

Баялгийн хараалыг зайлуулах нэгэн чухал ерөндөг нь сайн засаглал. Үүнд хариу арга хэмжээ авахад гол зүйл нь мэдээ мэдээлэл байдаг. Мэдлэгтэй, ул суурьтай хэвлэл нь үнэн бодитой, эх сурвалж сайтай мэдээллийг хүргээд зогсохгүй мэдээллийн үнэн зөв байдал, харилцан хамаарлыг нь үнэлдэг чухал хэрэгсэл болдог. 

Mongolian Mining Journal нь нэрт нийтлэлч Л.Болормаагийн алсын хараагаар хөглөгдөж, уул уурхайн салбар болон Засгийн газраас хараат бус байхын зэрэгцээ Монгол дахь салбарын хөгжлийн боломж бололцоог таниулж ирсэн.  Тус сэтгүүл нь өөрийн хүрээнээс гадна бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн хувьд үлгэр жишээ байж ирснээр хэвлэлийн мэдээллийн салбарт чухал байр суурь эзэлж байна. 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар