|

Аравдугаар сарын дуулиант арилжаа буюу Гацуурт төсөл

2018 оны 10 сарын 31



Н.Ариунтуяа 

Монгол Улсын Засгийн газар ба Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра голд” компани Гацууртын алтны ордыг ашиглах арга замыг тохиролцож чадахгүй явсаар бүтэн арван жил өнгөрсний эцэст хөрөнгө оруулагч нь Монгол дахь төслөө зараад гарлаа. 

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра голд” компани (TSX:CG) аравдугаар сарын 12-ны өдөр Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Уг мэдэгдэлд Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг дурдаад, OZD ASIA PTE нь “Сентерра голд”-ын Монгол дахь охин компаниуд болох “Бороо гоулд” ХХК болон “Сентерра гоулд Монголия” ХХК-ийг эзэмшдэг Centerra Netherlands (BVBA) компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг худалдан авч байгаа гэсэн юм. 

Дээрх мэдэгдлээс хойш Монголын нийгэмд уг арилжааг тойрсон элдэв мэдээлэл, төрөл бүрийн таамаг, хардлага сэрдлэг өрнөж эхэлсэн нь Гацуурт төслийг дахин олон нийтийн анхаарлын төвд авчраад байна.    
Жилийн өмнө буюу 2017 оны намраас Гацууртын хөрөнгө оруулагч канадууд Монголоос гарах тухай явган яриа уул уурхайн салбарынхны дунд тэнүүчлэх болсон юм. Төд удалгүй есдүгээр сард тус компани полиметалын Алтан цагаан овоо төслөө “Steppe gold” компанид 21,78 сая ам.доллараар зарсан. Чамгүй нөөцтэй, ашиглалтад бэлэн том ордоо зарахад нь Монголоос гарах эхлэл гэж шуугиж байсан нь ёсоор болов. 

Төслөө зарах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх хэлцэл, арилжаа наймаа нь дэлхий дахинаа уул уурхайн салбарт түгээмэл практик, олон улсын бизнест байдаг л үйл явц. Тэр тусмаа “Сентерра” шиг жуниор компаниуд асар олон, түүний хэрээр тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилдэг процесс хэдий ч Гацууртын хөрөнгө оруулагчид гарч буйд эмзэглэх зүй ёсны шалтгаан бий. Бороогийн ордыг ашигласны дараа Гацууртыг ашиглах зөвшөөрлийг чилийтэл 10 жил хүлээж, он удаан жил ажилласан компани олон жилийн хөрөнгө оруулалт, босгосон бизнесээ орхин гарч байгаа нь онцгүй мессеж яах аргагүй мөн. Тогтвортой, тууштай ажиллахыг эрмэлзсэн компани төслөө орхих нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэх сигнал хөрөнгө оруулагчдад өгөхийг үгүйсгэх аргагүй.  

Дээрээс нь уг хэлцэлд багтсан Гацуурт бол онцгой төсөл. Монгол Улсад нээгдээд байгаа цэвэр алтныхаа нөөцөөр хамгийн том орд. Орд газрыг тойрч өнгөрсөн арван жил өрнөсөн бүхэн түүнийг улам онцгой болгож байгаа.

10 жилийн түүхийг нь сөхөхөд энэ төсөл алхам бүртээ асуудал, бэрхшээлтэй учирч ирсэн байдаг. Нэг гарц гаргахад өөр нэг асуудал урган гарч ирдэг нь ёс мэт. Гэхдээ өнгөрсөн арван жилээс сүүлийн нэг жилийг эс тооцвол Монголын төр, засгаас Гацууртыг ашиглалтад оруулахын тулд саад бэрхшээл болгоныг алхам алхмаар шийдсээр, гарц нээсээр ирсэн нь бас үнэн. Тэр бүхнийг товчхон сануулъя.  

Гацууртын алтны үндсэн ордыг ашиглахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах албан ёсны хэлэлцээ 2008 онд эхэлсэн. Гэвч төслийг хэрэгжүүлэх ажил ид урагшилж байх үед 2009 онд “Урт нэртэй хууль” гарснаар эхний бэрхшээлтэй тулгарсан байдаг. Гацууртын лицензийн талбай ойн сан бүхий газарт хамаарах тул “Урт нэртэй” хуулийн хүрээнд орж, ашиглалт явуулах боломж нь хаагдаад байв. Хөрөнгө оруулагчид нь ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг уйгагүй эрж хайсаар эцэст нь Гацууртыг стратегийн орд болгох хүсэлт гаргасан билээ. “Урт нэртэй хууль” дахь “Стратегийн ордод уг хуулийн үйлчлэл хамаарахгүй” гэх заалт Гацууртыг гацаанаас гаргах гарц болж тодров. Энэ нь компанийн зүгээс Стратегийн ордын ангилалд багтаж, Монголын төртэй хамтран эзэмших санаачилга, хүсэлт гаргасан анхны бөгөөд цор ганц тохиолдол юм. 

Гэвч 2012 оны УИХ-ын ээлжит сонгууль тохиосноор Гацууртын асуудал хэсэгтээ хойш тавигдав. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар Гацууртыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д оруулсан юм. УИХ асуудлыг гурвантаа хэлэлцсэн ба явсаар 2015 оны эхээр стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шийдвэр гарч байлаа. Стратегийн гэх гуншин зүүснээр ордыг ашиглах хуулийн гарц нээгдсэн ч төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал дараагийн том гацаа болж хувирсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй бүтэн жил хэлэлцээр хийсний эцэст 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төрийн эзэмшлийг 34%-иар тогтоосон УИХ-ын тогтоол батлагдсан билээ.

УИХ-ын тогтоол ногоон гэрэл асааж, улмаар төр эзэмшлийн 34%-иа хөрөнгө оруулагч талд өгч, оронд нь тусгай төлбөр буюу роялти авах сонголт бий болгосон зохицуулалтыг Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдсэн юм. УИХ болон Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрүүдийн үр дүнд Гацууртыг стратегийн ордоор бүртгэж, төр хувь эзэмших эрх нээгдэн, тэрхүү хувь эзэмшлийг Ашигт малтмалын хуулийн дагуу 34%-иар тогтоож, улмаар тусгай роялтигаар орлуулан, тусгай татварт өгөх мөнгийг борлуулалт эхэлснээс хойш шууд аваад явах хувилбар дээр Засгийн газар болоод хөрөнгө оруулагчид тогтоод байлаа. Ингэж Гацуурт хоёр эзэнтэй бизнес, хамтын төсөл болж хувирсан. Гацууртыг онцгой болгож буй бас нэг нөхцөл энэ юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Хөрөнгө оруулалт, Орд ашиглах гэрээ байгуулах хэлэлцээр эрчимтэй явж, бүр гэрээний төслүүд бэлтгэгдсэн ч эцэслэж амжилгүйгээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуультай золгов. 

Гэхдээ 2016 оны сонгуулиас хойш байгуулагдсан Засгийн газрууд болоод Салбарын яамнаас төсөлтэй холбоотой шийдвэртэй алхам бараг хийгээгүй юм.  Уг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар Гацууртыг эхлүүлэх алхмыг нэлээд бэлтгэлтэй алсаас эхэлсэн боловч нам зогсохоос аргагүйд хүрсэн. Тэр нь Гацууртад холбогдох өөр асуудал өндийн босч ирсэнтэй холбоотой. Гацууртын ордод тусгай зөвшөөрөл олгосон эрхийн актуудтай холбоотой шүүхийн маргаан 2016 оноос эхэлж, үндсэндээ гурав дахь жилээ үргэлжилж байна. “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ-аас Гацууртын ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрөлд хамааралтай 2 актыг хүчингүй болгох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны нэгдүгээр сарын 12-нд анх захиргааны хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх маргаанаас үүдсэн 40 гаруй удаагийн шүүх хурал болсон нь бас нэг түүхэн дээд үзүүлэлтээр тэмдэглэгдэхээр болж байх шиг байна. 

Дээр доргүй ултөржсөн Монгол оронд уул уурхайн бизнес улс төрийн ямар өндөр эрсдэлтэй учирч болдгийн сонгодог жишээ энэ төсөл юм.       

Ийм ээдрээтэй ордыг хөрөнгө оруулагч нь 10 жил ашиглалтад бэлтгэж хүлээгээд, халширч залхаад орхиж буй бол түүхийг цааш нь шинэ өмчлөгч болох OZD Capital хэмээх танихгүй компани үргэлжлүүлэн бичихээр болж байна. Тус компани нийгмийн эсэргүүцэл их, шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй, Монголын Засгийн газартай ордын судалгаа, төлөвлөгөөн дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй Гацуурт төслийг “зоригтойгоор” худалдаж авлаа. 

Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд нэн ойлгомжгүй, асар эргэлзээтэй санагдах дээрх эрсдэлүүд шинэ өмчлөгчдийг “айлгасангүй”. Энэ бүгдийг шийдэх боломжтой зүйл гэж орж ирж байх шиг байна. 
Тэр хэрээр хэлцлийн эргэн тойронд, шинэ өмчлөгчтэй холбоотой олон асуудал тодорхой биш, хариултаа эрсээр. “Сентерра”-гийн Монгол дахь бизнесийн нэгжийг худалдан авсан OZD ASIA PTE компани нь цоо шинэ, ердөө наймдугаар сарын 15-нд Сингапурт бүртгүүлсэн нь элдэв таамаглал дэвшүүлэхэд хүргэж, эрх мэдэл бүхий зарим хүмүүстэй шууд нааж хардах хардлагыг улам гааруулж байгаа нь нууц биш.  

Засгийн газар 2016 онд мөрийн хөтөлбөрөө батлуулахдаа л Гацуурт зэрэг төслийг хөдөлгөх шийдвэр гаргаж, эдийн засгийн хямралыг давах итгэл найдвар хүлээлгэнэ гэж амласан. Гэвч энэ амлалтад хэн ч итгээгүй. Гацуурт шиг ашиглалтад бэв бэлэн төсөл үгүй боловч Монголын уул уурхайн салбарынханд бүхнийг шийдэгч хүчин зүйл болсон улс төрийн дэмжлэггүй ийм төсөл яагаад ч явахгүй гэх итгэл үнэмшил хатуу тогтчихоод байв. Тэр нь 2017 онд шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс алтны салбарт төрийн эрх мэдлийг тогтоох хууль санаачлахаа мэдэгдэж, алтны лицензийг хориглох, гадныхнаар биш зөвхөн монголчууд өөрсдөө олборлох асуудлыг хөндөж, улмаар Гацууртын хөрөнгө оруулагчийг нэр заан шүүмжилж, энэ байр сууриа хэдэнтээ давтан илэрхийлсээр ирсэнтэй холбоотой. Төрийн тэргүүн Гацууртын хөрөнгө оруулагчдыг илтэд адлах маягтай, зэрэгцээд Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх нь Гацууртын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхдэж буй “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТТБ-ын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож эхэлсэн нь ингэж хардах гол сэжүүр болсон билээ. Үр дүнд нь одоо Монголын нийгэм тэр чигтээ Гацууртын хөрөнгө оруулагчийг нүд үзүүрлэн шантаажилсаар гарахаас аргагүйд хүргэж, соёлтой булаачихлаа гэх итгэл үнэмшилд автаад байгаа нь бодит үнэн юм. 

Тодорхой зүйл гэвэл Гацууртын орд олон улсын бирж дээрх нээлттэй компаниас бүртгэл, үйл ажиллагаа, эзэд гээд бүх зүйл нь тодорхойгүй шинэ компанид шилжсэн явдал. Компани хэвлэлийн мэдээндээ OZD Capital-ыг танилцуулахдаа Австрали, Сингапур болон Монголын хөрөнгө оруулалттай, хөгжиж буй зах зээлд төвлөрч ажилладаг. Ялангуяа уул уурхайн салбар болон металын активуудад санхүүжилт хийж хөрөнгө оруулахын зэрэгцээ үйл ажиллагааг нь сайжруулахад чиглэж ажилладаг. Ази болон Өмнөд Америк, Баруун Африкт үнэт металын төслүүдтэй гэхээс өөрийг мэдээлсэнгүй. http://www.ozdcapital.com.sg/ гэх ядмагхан сайтад үүнээс дэлгэрүүлчих мэдээлэл алга, содон зүйл гэвэл 30 жилийн туршлагатай гэх боловч яг ямар төслүүд хэрэгжүүлж ирсэн талаар үсэг ч алга.  

Соёлын өв, цэвдэг, хүнцэл, байгаль орчны нөхөн сэргээлт гээд Гацууртын ордын ашиглалтыг эмзэг болгох асуудлууд олон. Түүний хэрээр ямар ч түүхгүй, туршлагагүй шинэ компани өндөр стандартаар хариуцлагатай үйл ажиллагаа явуулж чадах уу гэх болгоомжлол төрж байна. Өөрөөр хэлбэл ямар нэг эрсдэлгүй, хариуцлагатай ажиллаж чадах уу, тийм чадавх бий юу, бий болгож чадах уу, яаж  гэдэг нь асуух ёстой асуулт юм.  
  
Тэр тусмаа өмнөх хөрөнгө оруулагчтай нь олон талаар харьцуулж харах үзүүлэлтүүд бэлээхэн бий. “Сентерра” бол Монголд орж ирсэн барууны анхны хөрөнгө оруулагчдын нэг. Бороогийн ордын ашиглалтад барууны менежмент анх нэвтрүүлж, Монголын уул уурхайн салбарт орчин цагийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаар Бороогийн уурхай жишиг стандартыг  тогтоосон юм. 

“Ceнтерра гоулд Монголия” ХХК нь Бороогийн уурхайгаас 2004-2013 онд ойролцоогоор 1.5 сая унци алт олборлож, нийт 1.1 их наяд төгрөгийн өгөөжийг Монгол Улсад оруулсан гэж тайлагнажээ. Үүнээс 8.3 тэрбум нь Сэлэнгэ аймгийн Мандал болон Баянгол суманд оруулсан хөрөнгө оруулалт байна.  

Гацууртын уурхай, Бороогийн үйлдвэртэй хамт олон үүрэг, хариуцлага, стандарт жишгүүдийг давхар хүлээж авснаа шинэ өмчлөгч мэдэж байгаа биз ээ. “Бороо гоулд” ХХК-ийн Бороогийн уурхай нь дэлхийн стандартын дагуу Монголд амжилттай хэрэгжиж дууссан анхны уул уурхайн төсөл бөгөөд нөхөн сэргээлт бүрэн дуусаагүй, хаалтын үүрэг хүлээж үлдсэн. Бороогийн үйлдвэр, хаягдлын даланг Гацууртын үйлдвэрлэлд ашиглахаар тооцоолсон бөгөөд үйлдвэрлэл дууссаны дараа хаалтыг хийх ёстой. Монгол  дахь бизнесийн нэгжийг худалдаж авснаас дутахгүй зардалтай Бороогийн уурхайн хаалтыг хийх үүргийг бас худалдаж авснаа анхааралдаа давхар аваа биз ээ.

Туршлагатай, тэр туршлагаа үйлдлээрээ батлан харуулсан хөрөнгө оруулагчийн дараа орж ирж буй шинэ өмчлөгчөөс бүр ч өндөр үүрэг, хариуцлага хүсэх нь нийгмийн хүлээлт юм.   

Яг одоогоор OZD Capital гэх компанид итгэх үзүүлэлтүүд их л хомс харагдана. Энэ бүхэн Гацууртын хөрөнгө оруулалтад итгэх итгэлийг нимгэрүүлж байгаа нь бодит үнэн юм. Тодорхойгүй, хаалттай, нууцлаг байдал уул уурхай, томоохон төслүүдэд ноёрхох нь ямар үр дагавар авчрахыг хэн ч таашгүй... 

 


Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар