Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярыг тэмдэглэж байна

Одоогоос 79 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд  “Уурхай ба ашигт малтмалын трест”-ийг байгуулж,  төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд түүнчлэн алт болон бусад ашигт малтмалыг шинжлэн олох  асуудлыг хариуцуулсан нь өнөөгийн геологийн салбарын эхлэл байжээ.

Монгол Улсад геологийн салбар  үүсч хөгжсөний 79  жилийн ойн баярын хуралд  Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон  салбарын эрдэмтэд  үе үеийн геологичдын  төлөөлөл  оролцож байна.

Хурлын эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  геологийн  салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ зориулж ирсэн үе үеийн геологичид , салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачид, уригдсан зочдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга  Мөнхтөр  танилцууллаа.

Мөн АМГТГ-ын дарга Х. Хэрлэн салбарын хамт олонд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын илрэлийг нээн илрүүлэх, тэдгээрийн тархалтын зүй тогтол, хэтийн төлвийг судлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны түвшинг дээшлүүлж,  эрдэс баялгийн мэдээллийн санг баяжуулан, улмаар нөөц, баялгийг өсгөн нэмэгдүүлэх, ирээдүйн уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жил бүр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологи судалгааны ажлыг төлөвлөн  хийж байна. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг ханган ажиллах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд 13.3 тэрбум төгрөгөөр геологийн 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 29, улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зураг нэгтгэх 1, сэдэвчилсэн судалгааны 3, гадаад хамтын ажиллагааны 1, нийт 34 төслийг хэрэгжүүлж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгагдсан Улсын эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх, Геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилтыг  ханган ажиллаж байгааг онцоллоо.

Баярын хурлын үеэр тус салбарт амжилт гарган ажилласан  геологичдыг салбарын шагналаар шагнахын зэрэгцээ мэргэшсэн геологичийн батламжийг гардуулан өгөв.

Одоогоор Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:200000-ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох ажлаар 85 хувь, геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлаар 37,8 хувь, геофизикийн хүндийн хүчний 1:200000-ны масштабын зураглалаар 22 хувь, агаарын соронзон судалгааны 1:200000-ны масштабын зураглалаар 60 хувь, 1:50000-1:25000-ны Төсөл масштабын агаарын геофизикийн цогцолбор судалгааг 32 хувьд тус тус хийж гүйцэтгээд байна.

Геологичдын нөр их хөдөлмөрийн үр шимээр 430 гаруй уурхай, уулын үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 23.79 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.49 хувь, экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна.