Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Expo Mongolia-2018” нээлтээ хийлээ


Монголын бизнесийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар ирсэн “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд гадаад,дотоодын бизнес эрхлэгчдийг харилцан түншлэл тогтоож, бизнесээ өргөжүүлэх зорилгоор гадаадын 10 гаруй орны 60 гаруй  бизнесийн байгууллага оролцож байгаа юм. Эдүгээ зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь “Дэвшилтэт технологи ба хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд болж буйгаараа онцлог юм. “Expo Mongolia-21” компанийн захирал Инго Клёверүзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээлтийн үеэр хэлсэн  үгэндээ “Монголын хамгийн эрэлттэй салбаруудад чиглэгдсэн  үзэсгэлэнг бид зохион байгуулж байна. Уул уурхай, барилгын салбар, хүнс, эрүүл мэнд, эм бэлдмэл  үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулах болно. Expo Mongolia нь Монголын эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаад бид баяртай байдаг. Европын өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэгчид, цаашлаад Зүүн Европ, ОХУ, Азийн үйлдвэрлэгчид энэ экспогоор дамжуулан Монгол улстай танилцсан. Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд эерэг байна. Цаашид улам өндөр өсөлттэй болох гарааны үедээ байна. Тиймээс гадаад улс орнуудын хувьд Монгол Улстай хамтран ажиллах сонирхол их байна” хэмээн тодотголоо.

Түүнчлэн “Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Ребека Шмүйкинг “Манай холбоо хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбон зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 85 байгууллага манай гишүүнээр элссэн. Монгол бол бизнесийн боломж ихтэй орон” гэлээ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел “Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ өсч байна. Нөгөөтэйгүүр,  Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч  байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлээр Монгол Улс тууштай ажиллана гэдэгт итгэлтэй  байгаагаа илэрхийлье” хэмээн тодотгосон. 



“Expo Mongolia” үзэсгэлэнгийн нээлтэд УУХҮЯ болон Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын төлөөллүүд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Үзэсгэлэнгийн хүндтэй зочдын нэг,  Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд “Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, ноу-хау зөвхөн энэ үзэсгэлэнгийн үеэр л дэлгэгддэг. Тэр хэрээрээ улс орнуудын бизнес эрхлэгчид ойртож, түншийн харилцаагаа өргөжүүлж, хөгжүүлсээр ирсэн билээ. Өнөө жилийн арга хэмжээ өргөн дэлгэр болж байгаа нь та бидний өмнө бэлхнээ харагдаж байна” гээд жил бүр цар хүрээгээ тэлж байгаа “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй үйлсэд нь талархал илэрхийлээд, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн батламжийг  гардууллаа.

Энэ удаагийн“Expo Mongolia” нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд анхаарлаа түлхүү хандуулж байна.  Үзэсгэлэнд очсон хэн бүхэн ХНГУ-ын  GIZ төслөөс  хэрэгжүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлтэй танилцах боломжтой гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байлаа.

Мөн Чехийн Үйлдвэр худалдааны яамны үйлдвэр, бизнес, барилгын асуудал хариуцсан дэд сайд Эдуард Муржицкыйгээр ахлуулсан бизнесийн бүлэг бага хурлын үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголын бизнесийнхэн тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаадын өндөр технологиудтай очиж танилцаад байж чаддаггүй. Тэгвэл үзэсгэлэнд оролцогч гадны компаниуд брэнд бүтээгдэхүүн, ноу-хау болж байгаа шинэ технологиудаа авчирч танилцуулах боломжийг бүрдүүлснээ  “Expo Mongolia”-г зохион байгуулагчид тодотгосон. 

Монгол Улсад дэлхийн дэвшилтэт техник технологи,бизнесийн тогтвортой хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт татах зорилготой “Expo Mongolia” үзэсгэлэн, бага хурал нь 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн. Энэ үеэр Монголын эдийн засагт жин дардаг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс тэжээл, эрүүл мэнд, барилга, хот байгуулалт зэрэг салбаруудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар бага хурал зохион байгуулдаг юм.

Мөн бизнесийнхнийг VIP уулзалт товлох, гэрээ хэлэлцээр байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нь том боломж олгодгоороо “Expo Mongolia” нь бусад үзэсгэлэнгээс давуу талтай юм. Тухайлбал, бага хурлын эхний өдөр  “Кемпински” зочид буудалд “Монгол дахь олон улсын бизнесийн хамтын ажиллагаа” сэдвээр “Оюутолгой”,  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн төлөөллүүд хэлэлцүүлэг хийх бол хоёр дахь өдөр “Euro-Khan” компанийн захирал Оливер Шнорр болон “Ам Cham”-ын удирдлагууд сэдэвчилсэн мэдээллүүд хийх юм. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх  Н.Энхбаяр, Монголын Барилгачдын холбооны Ерөнхийлөгч М.Батбаатар нар ч мөн “Экспо Монголиа”-д уригдан,  илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулах юм байна. 

“Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) жил бүр дэмжин ажилладаг байна. “Expo Mongolia-2017” үзэсгэлэнд нийт 11 орныг хамарсан 63 үзэсгэлэнд оролцогчид болон 2300 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцож байсан билээ.  

Г.Идэр