Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Эрдсийн экспорт 21.2%-иар өсөв

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 4.7 тэрбум доллар, импорт 3.8 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны нийт бараа эргэлт 23.7%, экспорт 13.9%, импорт 38.3%-иар тус тус өссөнийг илтгэлээ. Гадаад худалдааны тэнцэл эхний найман сард 869.2 сая ам.долларын ашигтай гарсан ч уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 35.8%-иар буурсан байна.

Оны эхний найман сарын байдлаар эрдсийн экспорт мөнгөн дүнгээр 3.98 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 21.2%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр 1.85 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 17.3%-ийн өсөлтийг харуулж байгаа юм. Нүүрсний экспортын биет хэмжээ мөн хугацаанд 23.8 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс  1.4%-иар өссөн дүнтэй гарлаа. Сарын дүнгээр өнгөрсөн наймдугаар сард 2.98 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх долдугаар сарынхтай 17%-иар өссөн дүн боллоо.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний найман сард 959.5 мянган тонныг гадагш нийлүүлж, 1.33 орчим тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь зэсийн баяжмалын экспорт биет жингээр 2.1%-иар буурсан бол орлогын түвшин 28.7%-иар дээшиллээ. Харин боловсруулсан цэвэр зэсийн экспортын хувьд мөн хугацаанд жингээр 9085.7 тонн, мөнгөн дүнгээр 59.6 сая ам.долларт хүрсэн нь биет жингийн хувьд 15.6%-иар, орлогын дүн 2.1%-иар тус тус буурсан дүнтэй гарав.

Боловсруулаагүй газрын тосны экспортын хувьд 4.4 сая орчим баррелийг экспортолж, 287 орчим сая ам.долларын орлоготой ажилласан дүнтэйгээр оны эхний найман сарыг үдэж байна. Энэхүү үр дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 13.3%-иар буурсан боловч орлогын дүн нь 17.3%-иар өссөн гэсэн үг.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны тухайд мөн хугацаанд 3.4 тонныг экспортолж, 144.5 сая ам.долларын орлогын дүнгийн биелэлттэй гарлаа. Энэ нь жин болон орлогын хувьд бараг 60%-иар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ оны эхний найман сарын байдлаар 12.2 тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй адил түвшинг харуулсан байна.

Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний найман сард 4.59 сая тоннд хүрч, 210.3 сая ам.долларт хүрсэн нь биет жингээр 20.5%-иар, орлогын дүн нь 2.3%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 81.2 мянган тонн болж, орлогын дүн нь 138.5 орчим сая долларт хүрчээ. Цайрын экспорт ийнхүү жингээр 0.2%-иар, орлогын дүн нь 16.6%-иар тус тус өсөв.

Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд оны эхний найман сарын байдлаар 289 мянган тонныг гадагш нийлүүлж, 97 сая ам.доллар олсон нь биет жингээр 51.4%, орлогын дүнгээр 2 дахин өссөн дүнтэй гарлаа.

Молибденийн баяжмалын экспорт эхний найман сарын байдлаар 3.9 мянган тоннд хүрч, 31.7 сая ам.доллартай тэнцсэн нь биет жингээр 6.5%-иар буурсан ч, үнийн дүнгийн хувьд 36.3%-иар нэмэгдсэн дүнг илтгэлээ.

Хар тугалганы худалдааны хувьд 12.4 мянган тоннд хүрч, 31.8 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 11.1%-иар, орлогын хувьд 12.8%-иар тус тус нэмэгдсэн дүнтэй гарлаа.

Гянтболдын экспорт  оны эхний найман сард 375.8 тоннд хүрч, 4.27 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 28.8%-иар буурсан бол орлогын дүн 13.3%-иар дээшилсэн дүн болж байна.

 

 Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах