Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Л.Наранбаатар: “Coal Mongolia 2018” чуулганы 6 хэсэг тус бүр онцлох илтгэгчтэй



Нүүрсний салбарыг онцолдог “Coal Mongolia 2018” чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Уг арга хэмжээний талаар “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, “Гложекс консталтинг” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатараас тодруулсан юм.


Ярилцсан Э.Жаргал

“Сoal Mongolia” арга хэмжээ найм дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Чуулганы цар хүрээ, ач холбогдлыг Та хэрхэн харж байна вэ?
Энэхүү үйл ажиллагаа маань зөвхөн Монгол  Улс гэлтгүй Зүүн Азийн нүүрсний салбарын чухал, томоохон арга хэмжээний нэг болж өргөжөөд байна. Эх орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг нүүрсний салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, экспортыг нэмэгдүүлэх, зам тээвэр ложистикийн тулгамдаж байгаа асуудлуудын шийдэл, гарцыг төр засаг, гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран хэлэлцэх гол талбар болгохыг эхнээсээ зорьсон, түүндээ ч хүрч байгаа.

Энэ жилийн чуулган “Технологийн дэвшилд хамтдаа” уриаг дэвшүүлсэн байна?    
Монгол Улсын нүүрсний олборлолт нэмэгдэж байгаа. Нүүрсний уурхайнууд шинээр нээгдэж байна. Зарим уурхайн насжилт ч нэлээд өндөр болсон. Тиймээс өртөг бууруулах хүрээнд шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий боллоо. Конвейерийн систем, тасралтгүй технологи, нүүрсний баяжуулалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, техникийг сайжруулан өртөг бууруулах, уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх гэсэн чиглэл рүү хандаж “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор “Coal Mongolia 2018” чуулганыг зохион байгуулахаар энэ жилийн хөтөлбөрийг боловсруулсан.

Чуулганы хамгийн ихээр сонирхол татдаг чухал хэсэг бол зах зээл шинжээчдийн илтгэл байдаг. Энэ удаагийн чуулганд ямар илтгэгчид онцлог байх бол?
“Coal Mongolia” чуулган үндсэн 6 хэсэгтэй зохион байгуулагдана. Хэсэг тус бүр онцлох илтгэгчтэй. Нэгдүгээр хэсэгт, “Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар: Сорилт ба Боломж” сэдвийн хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, чуулганы Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагууд болох “Энержи Ресурс”, Mongolian Mining Corporation, “Эрдэнэс Тавантолгой”, “Вагнер Ази”, “Моннис” зэрэг компанийн удирдлагууд илтгэл тавина.

Хоёрдугаар хэсэгт, Монгол-Хятадын  нүүрсний салбарын бизнес форумыг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулна. Тус форум анх 2017 оны “Coal Mongolia” чуулганы хүрээнд болсон. Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны нэр хүнд бүхий “Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” компанийн зүгээс Монгол-Хятадын форумын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ байгууллагыг Хятадын нүүрсний хамгийн баялаг дата мэдээллийн сантай www.sxcoal.com сайтаар нь монголчууд сайн мэднэ. Форумаар Хятадын Үндэсний нүүрс ассоциаци, ”Вүүд Маккензи”, “Эс Энд Пи Глобал Платс”-ийн ахлах шинжээчид Хятадын болоод олон улсын  коксжих нүүрсний салбарын урт болон дунд хугацааны төлөвийг хэлэлцэнэ. Энэ утгаараа нүүрсний үйлдвэрлэл, уурхайн захирлууд, салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг чуулганы чухал хэсэг байдаг. Өнгөрсөн оны “Coal Mongolia” чуулганы Монгол-Хятадын форумд MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал зэрэг нэр хүнд бүхий эрхэмүүд ирж, зах зээлийн чиг хандлагыг сонирхож, мэдээлэл авч байсан.

Чуулганы гуравдугаар хэсгийг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулна. Нийслэлийн ЗДТГ-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нүүрсийг гүн боловсруулах, утаагүйжүүлэх шаардлага хэрэгцээ, авч буй арга хэмжээний талаар голлох илтгэлийг тавина. Нүүрсийг утаагүйжүүлэх, гүн боловсруулах асуудалтай уялдуулан энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байгаа бизнесийнхэн, технологи нийлүүлэгчид, мэргэжлийн инженер судлаачид оролцсон хэлэлцүүлгийг анх удаа “Coal Mongolia 2018” чуулганаар өрнүүлэх гэж байна. Энэ асуудлаар хэлэлцэх нь Засгийн газрын шийдвэртэй ч мөн холбоотой. 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байх шийдвэртэй уялдаатайгаар түлш бэлтгэх шаардлага бидэнд тулгарч байгаа юм. Тэгэхээр чуулганы сонирхолтой, басхүү ажил хэрэгч хэсэг нь энэ байх болов уу.

Дөрөвдүгээр хэсэгт, зам тээврийн асуудалд төвлөрнө. Энэ хэсгийн хуралдааныг Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна. Хуралдааныг хэлэлцүүлгийн байдалтай явуулахаар төлөвлөсөн. Хэлэлцүүлэгт ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн болоод Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн Үндэсний төв, “Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам”, “Гашуунсухайтын авто зам”, “Аспайр Майнинг”компанийн удирдлагууд оролцож, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчидтэй нүүр тулан уулзаж тулгамдаж буй асуудлуудаа ярилцах болно. Энэ хэсгийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит утгаар нь дэмжсэн хуралдаан болж чадах байх гэж найдаж байна.

Тавдугаар хэсэг бас өвөрмөц онцлогтой. Чуулганы “Технологийн дэвшилд хамтдаа” урианд нийцүүлсэн тусгай хөтөлбөр энэ хэсэгт хамаарч байгаа юм. Сүүлийн үед нүүрсэнд нэмүү өртөг шингээж баяжуулан, боловсруулах асуудалд төр, хувийн хэвшлийнхэн нэлээд анхаарч байгаа. “Мо Эн Ко”, МАК, “Өсөх зоос”,”Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан, зарим нь үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлсэн, бариад дууссан нь ч бий. Баяжуулалтын технологи, түүнчлэн нүүрсний хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх тулгамдсан асуудлыг энэ хэсгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ерөнхий зохион байгуулагчийн зүгээс тодорхой хөрөнгө гаргаж БНЧУ-ын “Либор Васек”, “Энелекс” компаниас хоёр мэргэжилтнийг урьсан. Мэргэжилтнүүд нүүрсний чанарын удирдлагын систем, нүүрсний үр ашигтай олборлолт, баяжуулалт сэдвээр илтгэл тавих юм. Өнөөдрийн хувьд нүүрсний салбарт хамгийн эрэлттэй байгаа техник, технологийн шийдлийг ярилцах болно.

Зургадугаар хэсэгт, “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын хүрэн нүүрсний орд газруудын хөгжил, хэтийн төлөв сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг явуулна. Үүнд “Багануур”, “Шивээ Овоо” компанийн удирдлагууд үйлдвэрлэл, худалдан авалтын төлөвлөгөө, шинээр хэрэгжүүлэх техник технологийн шинэчлэлийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хийнэ. Мөн “Эрдэнэс Монгол” компанийн Стратеги, төлөвлөлт хариуцсан захирал  О.Одбаяр хүрэн нүүрсний ордуудын цаашдын төлөвийн талаар илтгэл тавина. Чуулганы энэ хэсэгт онцгойлох нэг илтгэгч бий. Энэ хүн бол “Дижитал койнс сервис” компанийн Ерөнхий захирал Г.Батхуяг юм. Сүүлийн үед блокчейн технологи, Initial Coin Offering буюу ICO гэсэн төслийн санхүүжилтийн шинэлэг сэдвүүд яригдах боллоо. БНСУ-д гэхэд ICO-аар төслийг амжилттай санхүүжүүлж байна. ICO нь анхдагч дижитал мөнгөний зах зээл дээр тодорхой хөрөнгөө барьцаалан баталгаажуулсан байдлаар санхүүжилт босгодог. Нүүрсний төслүүдийг блокчейнд суурилсан технологиор санхүүжүүлэх боломжийн талаар Г.Батхуяг захирал илтгэл тавина. Энэ жилийн “Coal Mongolia” чуулганы хамгийн онцлох илтгэл ч байж магадгүй.

Зохион байгуулагдсан цагаасаа л “Coal Mongolia” чуулган Монголын нүүрсний тээвэр ложистик, дэд бүтцийг сайжруулах асуудлыг хурцаар хөндөж ирсэн. Харин энэ жилийн чуулганаар ЗТХЯ-наас тодорхой мэдээлэл, тайлбарыг өгч чадах болов уу?   
Энд нэг статистик дурдахад, өнөөгийн байдлаар Монголд коксжих болон чулуун  нүүрсний экспортын баримжаатай 20 гаруй уурхай байна. Гэтэл манай улсын нүүрсний экспорт 36 сая орчим тоннд хамгийн ихдээ хүрч чадаж байгаа. Цаана нь ихээхэн нөөц, бололцоо ашиглалтгүй үлдэж байна гэсэн үг. Тээвэр ложистик, хил гаалийн зохион байгуулалтаас хамаарч ашиглалтгүй асар их нөөц үлдэж, үр ашиггүй байдлыг бий болгож байгаа юм. Үүнийг оновчтой болгох, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр ложистикийг шийдвэрлэх, төмөр замын тээврээр нүүрс экспортлох бодит хэмжээ, ойрын чиг хандлага, шинээр бий болгох гарцуудын талаар маш тодорхой мэдээллийг ЗТХЯ-наас өгнө гэж найдаж байна.

Бүтэн жилийн турш бэлтгэл ажлыг хангаж байж “Coal Mongolia” чуулганыг зохион байгуулдаг. 2017 оны чуулганы эхний өдөр Монгол улсын Засгийн газар огцорч, хөрөнгө оруулагчдад цочирдом мэдээ болж байсан. Энэ жилийн чуулганы нүүрсний тээвэрлэлтийн асуудалд төвлөрсөн хөтөлбөрийг ЗТХЯ-тай эртнээс бэлтгэсэн боловч гэнэтийн асуудлаас болоод хөтөлбөрийг дахин боловсруулах шаардлага тулгарсан. Гэхдээ ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болсноор “Coal Mongolia 2018” чуулганы зам тээврийн асуудалтай хамааралтай хөтөлбөрийг өөрчлөх эрсдэл гарсангүй. Сайд, дарга нар өөрчлөгдсөн ч гэлээ яамны бодлого, төлөвлөлт хэвээр үргэлжлэх учир хөрөнгө оруулагчдад бодит мэдээллийг хүргэх болно.

Нүүрсийг гуравдагч орны зах зээлд экспортлох зорилтоор Орос, Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт, үүнд үзүүлэх хөнгөлөлтийн асуудал яригддаг. Өнгөрсөн зургаадугаар сард Монгол, Оросын Засгийн газар хооронд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэсэн ч хүчин төгөлдөржөөгүй байна. ЗТХЯ-ны танилцуулсан тооцоогоор 1 тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал Алс Дорнодын Восточный боомт хүрэхэд 65 ам.доллар, Хятадын Тянжин боомт хүртэл 64 ам.доллар гэж байгаа. “Coal Mongolia 2018” чуулганаар нүүрсний транзит тээврийн талаар эргэлзээг тайлсан тодорхой тооцоо, мэдээллийг өгөх болов уу?
“Coal Mongolia” чуулганыг ЗТХЯ-тай хамтран зохион байгуулж байгаа гол зорилго бол тэрхүү нарийн тооцоолол, судалгаагаа салбарынханд илүү тодорхой, нээлттэй, ил тод болгож өгөх хүсэлтийг тавьсан. Тэгэхээр ЗТХЯ-ны зүгээс нарийн тооцоонуудаа мэдээлэх байх гэж найдаж байгаа. Нүүрсний салбарт судалгаа хийдэг миний хувьд, хойд чиглэлд нүүрсээ тээвэрлэх, хөрөнгө оруулах нь илүү эрсдэлтэй гэж үзсэн хэвээр байгаа. Надтай адил үзэл бодолтой хүмүүсийн байр суурийг үгүйсгэх, итгэл үнэмшилтэй тооцоог ЗТХЯ-наас “Сoal Mongolia 2018” чуулган дээр танилцуулна гэсэн хүлээлттэй байна.           

Өнгөрсөн оны “Coal Mongolia” чуулганы оролцогчид, үзэсгэлэнг сонирхсон хүмүүсийн тоотой харьцуулахад энэ жилийн чуулганыг хэр их хүн зорин ирэхээр байна вэ?
Өнөөдрийн байдлаар хуралд гадаадын 30 гаруй орны, дотоодын төлөөлөгчидтэй нийлсэн 600 гаруй оролцогч бүртгүүлсэн байна. Үзэсгэлэн гаргагч компаниудын тоо өмнөх жилийнхээс эрс нэмэгдсэн. 2017 онд 40 гаруй компани бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа үзэсгэлэнд танилцуулж байсан бол энэ жил 60 болж нэмэгдсэн. Ихэнх нь  үйлдвэрлэлийн технологийн компаниуд. Үзэсгэлэн гаргагчдаас Их Британийн ЭСЯ-ыг онцолмоор байна. Өмнөх жилийн үзэсгэлэнгээр тус яамны зүгээс өөрийн орны компаниудтай нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож нүүрсний салбарынхаа сурталчилгааг хийж байсан. Энэ удаад улам өргөжиж 20 гаруй компанийг нэгтгэн үзэсгэлэнд оролцох болсныг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байна гэж зохион байгуулагчдын зүгээс харж байна. Үзэсгэлэнг зорин ирэх хүмүүсийн тоо өмнөх жилийнхтэй ойролцоо буюу 3000 орчим байх болов уу.

Энэ дамшрамд, найман жилийн хугацаанд тасралтгүй “Coal Mongolia” чуулганы хэвлэл мэдээллийн дэмжигч байгууллагаар ажиллаж ирсэн The Mongolian Mining Journal сэтгүүлд талархал илэрхийлж, амжилт хүсье.