Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний экспортын боломжийг хэлэлцэв

Монгол Улсад анх удаа “Ази-Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүч”-ний форум зохиогдлоо. Форумд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейхан, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Жигжид болоод салбарын төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын төрийн бодлого, зорилт, хэрэгжиж буй төслүүд, үнэ тариф, хууль эрх зүйн орчны талаар  илтгэл тавьсан юм.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад нийт эрчим хүчний 12%-тай тэнцэх нар, салхины эрчим хүчийг ашиглаж байна. 2019 оны сүүлч гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 21%-д хүргэх төлөвлөгөөтэй. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Азийн супер сүлжээ” төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа билээ. Уг төслийг амжилттай хэрэгжүүлбэл Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ БНХАУ, БНСУ, Япон зэрэг Зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой болохыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолж байлаа.

Эрчим хүчний яамны санаачилга, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй NAPSI буюу “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги”  техникийн туслалцааны төслийн зорилт, төлөвлөгөөний талаар NAPSI төслийн Бүс нутгийн чиглүүлэгч Б.Бямбасайхан илтгэл тавьсан. Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү төсөл 2019 он хүртэл үргэлжлэх хугацаанд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх техникийн дэлгэрэнгүй судалгаа хийгдэнэ. Уг судалгааны ажлыг Европын эрчим хүчний тэргүүлэх "Электрисите ди Франс" компани, Монголын “Нова Терра” компанитай хамтран гүйцэтгэж байна.

“Ази-Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүч”-ний форумын хүндэт дарга, БНСУ-ын Силла Их сургуулийн профессор Жин Су Сон “Азийн супер сүлжээг байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг зүй зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд төдийгүй байгаль орчинд асар их үр өгөөжтэй. Улс орнууд  Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг сонирхож байна. “Азийн супер сүлжээ”-г улс төржүүлэхгүйгээр, гадны хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр барьж байгуулж чадвал Монгол орны нар, салхи асар их үр ашгаа өгөх нь тодорхой”-г цохон тэмдэглэв.

2018 оны байдлаар Монгол Улсад Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орж байгаа бол ирэх аравдугаар сард тус аймгийн нутагт 55 МВт хүчин чадал бүхий Сайншандын салхин станц эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд Хөшигийн 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 10 МВт нарны цахилгаан станцууд бүтээн байгуулагдаж байна.

“Ази-Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүч”-ний VIII форумыг Эрчим хүчний яам, БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”, “ БНСУ-ын “Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн”, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, МУИС хамтран зохион байгуулсан юм. МУИС нь судалгааны Их сургууль болох зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн үндэсний мэргэжилтний нөөцийг бэлтгэх, энэ салбар дахь сургалт, судалгааны түвшинг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлээд буй.

Форумд Хятад, Герман, Өмнөд Солонгос, Шри Ланк, Ирак, Япон, Бутан зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэд судлаачид болоод гадаад, дотоодын төсөл хэрэгжүүлэгч компаниудын 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.
 
Э.Од