Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх шинэ хөтөлбөр эхэлж байна

Уул уурхайн The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэд дэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас сэтгүүлчдийг чадавхжуулах 2018 оны ээлжит шинэ хөтөлбөрийг эхлүүлж байна.


“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчийг чадавхжуулах” хөтөлбөр нь төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд телевиз, сонин, сэтгүүл болон сайтын эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнасан сэтгүүлчдийг мэргэшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Монгол улсын эрдэс баялгийн салбарт дахь гадаад хамгийн их хөрөнгө оруулалттай төслийн хэрэгжилт, дэлхийн томоохон төслүүдтэй харьцуулах болоод өндөр хөгжилтэй орны уул уурхайн салбар эдийн засагт нөлөөлөх байдалтай бодитоор танилцах боломжийг олгох юм.  

Төсөл нь 2018 оны 7-10 дугаар сарын хугацаанд үргэлжилж 3 шатлалтайгаар хэрэгжинэ. Эхний шатны онолын семинар Улаанбаатар хотноо өнөөдөр долдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж байна. Сургалтаар “Оюутолгой” компанийн Олон талт хамтын ажиллагааны Ахлах менежер Т.Мөнхбат Оюутолгой төслийн тойм мэдээллийг өгч, уг төслийн эрчим хүчний хангамжийн талаар “Оюутолгой” компанийн Бизнесийн ахлах шинжээч Б.Бат-Уул, төсөл хэрэгжиж буй орон нутагтай компанийн харилцаа, хангамжийн тухай Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар нар тус тус илтгэл тавилаа. Мөн УУХҮ-ийн Сайдын зөвлөх, “QMC” компанийн Ерөнхий захирал М.Дагва “Бизнесийн  хөгжлийг уул уурхайн том төслүүд хэрхэн дэмждэг?”, “Уул уурхай ба хот байгуулалт” сэдвээр сэтгүүлчидтэй ярилцав. Сургалтын төгсгөлд “Тогтвортой хөгжил-уул уурхай” ерөнхий сэдвийн хүрээнд сэтгүүлчид 4 багт хуваагдаж, дараагийн 2 шатанд сэдвийн дагуу нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх учиртай.

Хоёр дахь шатанд сэтгүүлчид Австрали улсад ажиллах юм. Тус улсад хэрэгжиж буйгаа уул уурхайн төсөл, эрдэс баялгийн салбартай танилцсан мэдлэг, ойлголтдоо тулгуурлан сэтгүүлчид Монгол улстай харьцуулсан бүтээлийг бэлтгэнэ. Сэтгүүлчдийн бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацах юм.

Төгсгөлийн шатанд сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн ур чадвар, мэргэшүүлэх зорилтын үр дүнг үнэлэх арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд сэтгүүлчдийн бүтээлээр эмхтгэл гаргана.

Сургалтад сэтгүүлээс Mongolian Mining Journal, Аsia Mining Magazine, Mongolia Economy, “Тойм”, сониноос “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ”, телевизээс МҮОНРТ, “Bloomberg Mongolia”, “Ийгл ТВ”, сайтаас gogo.mn, ikon.mn, eagle.mn, UB.life.mn болон МОНЦАМЭ агентлагийн төлөөлөл нийт 14 сэтгүүлч хамрагдаж байна. Сэтгүүлчдээс зарим нь “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-ээс зохион байгуулдаг бусад сургалтуудад мөн хамрагдаж байгаа.    

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь 2010 оноос сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд 21 аймгийн сэтгүүлчдийг хамруулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг 4 дэх жилдээ, орон нутаг болон төвийн сэтгүүлчдийн харилцан туршлага солилцох “Менторшип” төсөл, “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчийг чадавхжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр сургалтууд нь тодорхой хэмжээгээр хоорондоо уялдаа холбоотой, шат дараалалтайгаар хэрэгжиж буй онцлогтой.    

Энэ удаагийн “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчийг чадавхжуулах” хөтөлбөрийг “Оюутолгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Тус байгууллагууд нь “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-н бусад сургалтуудыг дэмжин ажилладаг билээ.
 
"Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ
 
 
 
   
 
 

  • Зочин (202.9.41.174)
    Сайхан сургалтууд бна Сонсоод л байгаа Сэтгүүл зүйд ийм сургалт чухал байгаа юм
    2018 оны 07 сарын 25 | Хариулах