|

Сонгуулийн уралдаанд оноо нэмэх уриа: Уул уурхайгүй аймаг

2018 оны 7 сарын 2


Н.Ариунтуяа

Арваннайман оны хавар Хөвсгөл аймаг газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайгүй аймаг гэж зарласан юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус долдугаар хуралдаанаас 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Тус өргөргөөс хойшхи газар нутгийг 2009 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилээр авсныг 2014 онд 25 жилээр  сунгаад байгаа.  

Монголын уул уурхайн түүхэнд анхны удаагийн дээрх шийдвэрээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, цааш сунгахгүй зорилго тавьж буй. Үр дүнд нь 2020 онд Хөвсгөл хайгуулын лицензгүй аймаг болно. Хамгийн сүүлчийн хайгуулын лицензийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд дууссанаар зорилт биелнэ гэсэн утга бүхий мэдээллийг Хөвсгөлийн нутгийн захиргааны дарга нар идэвхийлэн өгч байгаа. АМГТГ-аас авсан мэдээллээр зургадугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 35 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүний 20 нь ашиглалтын, үлдсэн 15 нь хайгуулынх. Хайгуулын лицензийн хугацааг шүүрдэж үзвэл 2020 биш 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусгавар болох нь.       

Хөвсгөлийн санаачилга орон нутгийнханд ихэд таалагдаж байна. Араас нь харин ийм загвараар уул уурхайгаас татгалзлаа гэх аймгууд цөөнгүй гарч мэдэхээр байгаа нь асуудал юм.  

Арваннайман он гарсаар сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор ялгасан талбайнууд дээр санал авах мэдэгдлийг АМГТГ-аас аймгууд руу хүргүүлсэн ч  хавтгайдаа татгалзаад байна. Жишээ татахад, Хөвсгөл аймгийн 10 сумын газар нутагт 188,657.43 гектар талбайд санал явуулсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дэмжихгүй гэсэн хариуг гуравдугаар сард өгсөн бол Завхан аймаг санал болгосон 16 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 37 талбайд бүгдэд толгой сэгсэрчээ.

2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх үед үйл явц ингэж өрнөсөн тул энэ нь тэгтлээ хачирхаад байх зүйл биш. Тэгээд ч сүүлийн хэдэн жилд “Бид уул уурхайд түшиглэсэн хөгжлийн хандлагаас татгалзаж байна”, “Бид уул уурхайг дэмжихгүй” гэх үгс телевизийн дэлгэц, хэвлэлийн хуудсаар дамжин аймаг, сумдын Засаг ноёд, Иргэдийн хурлын дарга эрхмүүдийн амнаас байнга унадаг, түүнд ч улсаараа дасчихаад байгаа билээ.

АМГТГ-т үгүй гэж хэлснээс хойш сарын дараа Хөвсгөлийн ИТХ аймгийнхаа газар нутгийг 100%  хамгаалсан “түүхэн”   шийдвэрээ гаргасан. Онцгойлох нэг зүйл нь аймгийн Засаг дарга 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Уул уурхайгүй аймаг болно” гэсэн зорилт тусгасан гэх ба түүний биелэл нь дээрх шийдвэр болж буйг Засаг дарга МОНЦАМЭ-д ярьжээ. Завхан аймгийн Засаг дарга мөн л “Манай аймаг уул уурхайн бус бүс нутаг болох зорилт дэвшүүлсэн. Шинээр лиценз олгохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Арвандөрвөн онд батлагдсан Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод туссан зарчмын том хандлага бол уул уурхайн үйлдвэрлэлд үзүүлэх орон нутгийн нөлөөг нэмэгдүүлэх явдал байв. Бодлогын баримтын үзэл санааг Ашигт малтмалын хуульд суулгаснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр баталгаажуулах болсон билээ. 

Дэмжүүштэй, таатай энэ хандлага цааснаас бодит хөрсөн дээр буухдаа харин орон нутгийнханд үгсэн татгалзах мэргэн санааг харвуулж орхисон юм. Дээрх зарчмаар 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох үйл явц эхлэхэд орон нутгийнхан солбицол зарласны дараа талбайнуудыг орон нутгийн хамгаалалтад авах, өөр хоорондоо утас цохин татгалзана шүү гэж үгсэх явдал түгээмэл гарсан. Үр дүнд нь нэг хэвэнд цутгасан мэт татгалзсан албан тоотуудад төрийн агентлаг дарагдсан юм. Анзаарвал энэ үеэс эхлэн орон нутаг газар нутгаа тусгай хэрэгцээнд авах ажиллагаа эрчимжсэн байдаг.

Газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалах гэсэн орон нутгийнхны хүсэл эрмэлзэл туйлын зөв, уул уурхай төдийгүй ерөөс байгалийг доройтуулж буй бүхэнд тавих ёстой зүй ёсны шаардлага юм. Гэвч үнэхээр нутаг дэвсгэрээ онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэндээ ийн “харамлаж байна уу” гэх өнцгөөс харвал арай өөр дүр зураг бууна. Хайгуулыг тас эсэргүүцэх мөртлөө орон нутгийнхан 2015 оноос хойш бичил уурхайн зориулалтаар ашиглах талбайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авах хүсэлтээр АМГТГ-ыг булж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, байгалийг асар ихээр доройтуулж, хайхрах эзэнгүй ухсан нүхнүүд үлдээн сэндийчээд алга болдог хувиараа ашиг малтмал олборлох үйл ажиллагааг дэмжих сонирхол орон нутагт хүчтэй байгаа нь газар нутгаа хамгаалах хүслийн эсрэг зорилго юм.  

Үүнд орон нутгийг шууд буруутган, эрх ашгийг нь үгүйсгэх хэцүү. Уул уурхайг дэмжихгүй гэх үндэслэлийн эн тэргүүнд үр өгөөж нь орон нутагт наалдахгүй байна гэсэн шалтгаан тоочдог. Уул уурхайн өгөөжийг хүртэж буй бодит сайн жишээ харагдахгүй, амжиргаанд нь очиж тусахгүй байгаа нь бодит үнэн юм. Эсрэгээрээ эвдэрч сүйдсэн талбайгаас өөр дорвитой   үлдсэн зүйл  нүдэнд харагддаггүй тул өөрсдөө бичил уурхай, нөхөрлөлийн системээр ажиллаж, байгалийн баялгийнхаа ашиг шимийг шууд утгаар хүртэх гэсэн эрмэлзэл рүү түлхэж байгаа хэрэг. Нэг ёсондоо хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэсэнтэй агаар нэг утгатай. Төсөвт ямар ч нэмэргүй мөртлөө газар нутагт маань хайгуул хийхийг дэмжихгүй гэсэн үндэслэлээр 2015 онд хайгуулаас татгалзсан зарим сумын ИТХ лицензийн талбай дээр га тутмаар бодон тодорхой хураамжийг суманд төлвөл зөвшөөрөл олгож болох юм гэсэн санаачилга гаргаж байсан удаатай.

2015 оны дундуур Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулан асуудлыг шийдэх гарц хайсан юм. Уул уурхайн үйлдвэрлэл явж буй орон нутагт илүү их орлого хуваарилах зохицуулалт бий болгон, 2016 оны төсвийн жилээс хэрэгжих үүдийг нээсэн ч ихэд найдсан уг зохицуулалт ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд царцаад байгаа. Нэг ёсондоо 2020 оны тавдугаар сар хүртэл хэрэгжих боломжгүй.

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ММJ-ийн энэ дугаарт өгсөн ярилцлагадаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй геологи хайгуулын ажил төдийгүй Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологийн зураглалын ажил ч орон нутагт ихээхэн эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч буйг хөндсөн юм. Гурван жилийн өмнөхөөс нөхцөл хамаагүй муудсаныг анзаарав уу.

Ахиад хэчнээн аймгийн ИТХ-д газар нутгаа 100% тусгай хэрэгцээнд авах “супер төлөвлөгөө” гялсхийн орж ирж, нүд ирмэх зуур ажил хэрэг болгохыг таашгүй. Учир нь дараагийн сонгуулийн чимээ ойртон буй энэ үед иргэдэд таалагдах, сонгуульд оноо авахын тулд “Уул уурхайг дэмжихгүй” гэх уриагаар цээж дэлдэгсэд үйл явцыг улам эрчимжүүлж мэднэ. Уул уурхайг хөгжүүлнэ гэж яривал толгойгоо тасдуулах нь холгүй салбарын нэр хүнд унажээ. Ийм үед эх орон, элгэн нутгаа уул уурхайгаас хамгаална гэх эх орончид орон нутагт хамгийн үнэ хүндтэй байх нь тодорхой. Хэн нь илүү эх орончоо харуулах ийм уралдаанд харамсалтай нь эрдсийн салбар л туйлдаж гүйцдэг жамтай.   

Орон нутгийн энэ хандлага газар авч даамжирвал төрөөс авсан тусгай эрхийн дагуу хайгуул, ашиглалт явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эрсдэлд ороод зогсохгүй орон нутгийн эсэргүүцлээр зогссон гэх тодотголтой төслүүдийн тоо гэрлийн хурдаар өсч болзошгүй байна. Ийм жишээнүүд эрдсийн салбарт хуримтлагдах аваас асуудал болон ужгирч, улмаар геологи уул уурхайн салбарын ойрын ирээдүйн хөгжилд тушаа болох эрсдэлтэй.

Сайд дарга нар телевизийн дэлгэц дүүргэн, уул уурхайг тэгж ингэж хөгжүүлнэ гэсэн уриа лоозон ярих нь орон нутагт эсэргүүцлийг улам нэмэхээс цаашгүй байна. Уул уурхайн салбар орон нутгийн эрх ашгийг хангахгүйгээр урагшлах зөвшөөрлөө нийгмээс авч чадахгүй. Орон нутгийн хариу үйлдлээс энэ нь улам тод томруун болсоор байгаа билээ.

Нөгөөтэйгүүр Монгол улс нэгдсэн бодлоготой, нэгдмэл улс. Энэ бодлогын үүднээс харвал  улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 63.39% уул уурхайгаас хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, энэ 63.39% нь ойн сан, усны сав газар, экологийн ач холбогдолтой, улсын нөөц болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар, улсын тусгай хэрэгцээ, хот суурин, дэд бүтцийн зориулалтаар ашиглах хэмээн тодорхойлогдсон газрууд юм. Энэ орон зайд ашигт малтмалын нэг ч зөвшөөрөл олгогдохгүй, уул уурхайн ямар ч үйл ажиллагаа  явагдахгүй. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 6.32%-ийг эзэлдэг. Үүнээс олборлож байгаа нь 1%. Ямар нэг хязгаарлалтад ороогүй цаашид хайгуул хийж болох талбай нийт нутаг дэвсгэрийн 28.95%-ийг эзэлж байгаа. Нийт нутаг дэвсгэрийн 30 хүрэхгүй хувь нь геологи хайгуулын судалгааны ажлын хүрээнд орох боломжтой гэсэн үг.

Гэвч эрдсийн нөөцөө танин мэдэх, баталгаажуулах учиртай Төрийн бодлого орон нутагт очиж гацан, 21 аймаг, 300 гаруй сум тус тусдаа уул уурхайг дэмжихгүй гэдгээ  зарлаад эхэлбэл Монгол улсын нэгдсэн хөгжил үгүй болох аюултай юм.





Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар