|

ОУВС Монголд олгох дараагийн санхүүжилтийг батлав

2018 оны 6 сарын 28

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа. Ингэснээр Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх (ЗТЭ) буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох юм. Үүний зэрэгцээ бусад донор орон болон хөрөнгө оруулагчийн санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах юм.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 434.3 сая ам.доллар олгохоор баталсан бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байгаа юм.

ОУВС-ийн мэдэгдэлд дурдсанаар Монгол улсын төсвийн орлого нэмэгдэж, ашигтай гарч эхэлсэн төдийгүй гадаад валютын нөөц хоёр дахинаас илүү хэмжээгээр өссөн зэрэг таатай үзүүлэлтүүдийг дурдсан байна. 2018 оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бүх зорилт давж биелсэн. Үүнд бодлогын тууштай хэрэгжилт болон гадаад орчны таатай нөхцөл байдал буюу эрдсийн зах зээлийн өсөлт нөлөөлснийг онцолсон байна.

Гэхдээ Монгол улсын өр зээл их хэвээр, дэлхийн түүхий эдийн зах зээлээс хэт хамааралтай эдийн засагтай байгаа тул төр засаг хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангах нь чухал байгааг мөн тэмдэглэлээ.

ОУВС-ийн Дэд захирал Тао Занг “Ийнхүү ахиц дэвшил гарсан хэдий ч, Монголын эдийн засаг гадаад, дотоод гэнэтийн нөхцөл байдалд эмзэг хэвээр байна. Иймд төсөв, валютын нөөцийн чадавхийг үргэжлүүлэн сайжруулж, банкны салбарыг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахдаа одоогийн эдийн засгийн таатай нөхцөл байдлыг ашиглах нь маш чухал байна. Гэнэтийн нөхцөл байдалд тэсвэртэй байх, хүчтэй, хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэхэд төрийн байгууллагууд шинэчлэлийн хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэх нь гол үүрэгтэй байх болно” гэж мэдэгджээ.

Мөн санхүүгийн секторыг бэхжүүлэх бүтцийн шинэчлэлийн ажил өнгөрсөн нэгдүгээр сард гарсан банкуудын Активын чанарын үнэлгээний дагуу хийгдэх ажлаар үргэлжилж байгааг ОУВС мэдээлсэн байна. Энэ ажлын хүрээнд одоогоор банкуудад ямарваа өөрийн хөрөнгийн хомсдол байгаа эсэхийг илрүүлж, түүнд шаардлагатай хөрөнгийг босгох үйл явц өрнөж байгаа ажээ.

 

Б.Төгс

 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар