|

“Росатом” корпораци Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулна

2018 оны 6 сарын 8
Монгол улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээ Улаанбаатар хотноо  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд “Орос улсын загварын цөмийн шинжлэх ухаан ба технологийн төвүүд” сэдэвт семинар өчигдөр Шангри-Ла зочид буудалд болсон юм. Энэхүү семинарыг Монгол улсын Цөмийн Энергийн комиссын дэмжлэгтэйгээр Оросын төрийн өмчит “Росатом” корпораци удирдан явууллаа.  

Гэрэл зургийг: Б.Рэнцдорж

Монгол улсад Цөмийн шинжлэх ухааны төв байгуулахаар Цөмийн энергийн комисс болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци хамтран ажиллах тухай санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард Москва хотноо байгуулсан билээ. Тус санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд “Орос улсын загварын цөмийн шинжлэх ухаан ба технологийн төвүүд” семинарыг зохион байгуулж буй онцлогтой.

Цөмийн шинжлэх ухааны төвийн хэрэгцээ шаардлага, хүний нөөц, аюулгүй ажиллагаа, дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлсэн туршлага, төслүүдийн талаарх мэдээллийг Монголын цөмийн технологи ашиглагддаг салбарын мэргэжилтнүүдэд таниулахыг семинараар зорьсон юм.  

Семинарыг нээж Монгол улсын Цөмийн энергийн комиссын газрын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав, “Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Сергей Дёмин нар үг хэлэв. “Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутгийн салбар нь Монгол, Япон Хятад улс дахь хамтын ажиллагааг хариуцдаг байна.

Г.Манлайжав “Монгол, Орос улсын Засгийн газар хооронд атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах тухай хамтран ажиллах хэлэлцээрийг 2000 онд байгуулснаар хоёр орны цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхжиж эдүгээ “Росатом” корпорацитай нийт 2 хэлэлцээр, 3 санамж бичгийг үзэглээд байна. 2009 онд Монгол улсын Цөмийн энергийн комисс, “Росатом” корпораци цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн салбарт мэргэжилтэн бэлтгэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Үүний дагуу жил бүр тодорхой тооны Монголын оюутан, мэргэжилтнүүд “Росатом” корпорацийн тэтгэлгээр ОХУ-ад суралцаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард талуудын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол улсад Цөмийн шинжлэх ухааны төвийг байгуулах тухай замын зураглал, төслийг боловсруулах үндсэн зорилготой. Тус төвийн урьдчилсан шаардлага, зориулалт, холбогдох объектуудын бүтэц, зохион байгуулалт болоод Монгол улсын хэрэгцээнд нийцэх, тоног төхөөрөмж, шарах байгууламжийг тодорхойлоход “Росатом” корпорацийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм” гэдгийг онцоллоо.

Сергей Дёмин “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах нь Монгол, Орос улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол улсад цөмийн шинжлэх ухаан хөгжихийн зэрэгцээ бусад уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, өргөн ашиглах боломжийг нээх юм. Орос улс нь цөмийн шинжлэх ухааныг 60 гаруй жилийн турш хөгжүүлж ирэхдээ 50 гаруй оронд 245 төв байгуулсан туршлагаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийн хэрэгжилтийн бүхий л шатанд  ашиглалтад оруулах хүртэл дэмжих болно. Монгол улсын Цөмийн энергийн комисс нь цацраг идэвхт түүхий эд, цөмийн эрчим хүчний ашиглалт, аюулгүй байдлын үйл ажиллагааг хариуцна” хэмээсэн юм. 

Семинарын үеэр “Росатом” корпорацийн мэргэжилтнүүд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг байгуулах хотхон, хүний нөөц, ашиглалтын технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий илтгэлүүдийг тавилаа. Арга хэмжээнд Монгол, Орос улсын цөмийн технологи ашиглагддаг салбарын 50 гаруй төлөөлөгч оролцов.                

Монгол улс анх 1956 онд ЗХУ-ын Дубна хот дахь хоёр улсын Засгийн газар хоорондын  байгууллага Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулалцаж, бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхтэй. Энэ явдал нь Монгол, Орос улсын цөмийн салбарын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, Монгол улсад цөмийн шинжлэх ухаан, технологи, цөмийн физик болоод бусад шинжлэх ухааны салбар хөгжих томоохон түлхэц чухам алхам болсон гэж үздэг.

Э.Од   
 
 
 
 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар