|

2011 оны зураглал MMJ-ийн хуудаснаа хэрхэн буув?

2018 оны 6 сарын 4


Б.Төгсбилэгт

Үйл явдлын өрнөл хамгийн их он жилүүдийн нэг гэж хэлж болох 2011 онд ямархуу сэдвүүд голлож байсныг MMJ-ийн тухайн оны дугааруудаас уншиж, дэлгэрэнгүй мэдэж болно. Уншигч та тухайн үед юу болсныг эргэн санахад ямархан үйл явдлууд бууж байна вэ? Хамгийн түрүүнд нүүрсний үнийн өсөлт, түүнийг дагасан Монголын нүүрсний экспортын тэсрэлт, магадгүй Тавантолгойн тендер, эдийн засгийн өсөлт оргилдоо хүрсэн гээд санаанд тань орох буй за. Тэгээд Тавантолгой дээр одоо хэр нь төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ бариагүй л явна гэж халаглаж эсвэл зэмлэн бодох байх. Гэхдээ энэ удаад бид ямар нэг дүгнэлт хийхгүй. Зөвхөн MMJ-ийн 2011 оны тэмдэглэлийг эргэн сануулах болно. Ингээд эргэн санахад сонирхолтой байж болох баримтуудыг хураангуйлснаа хүргэе.

2011 оны товчооны оршил

Тухайн үед Монголын эдийн засаг одоогийнхоос хавьгүй эрэмгий, хүчирхэг төлөвтэй байсан. MMJ-ийн хувьд Хонконгт зохиогдсон Mines and Money хурал болон Сингапурт болсон Asia Mining Congress хурлаас сурвалжлага бэлтгэн Монголын уул уурхайн салбарын зарим компанийн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, тэдний санаа бодлыг хүргэхээс гадна дэлхийн уул уурхайн төлөвийн талаар шинэ шинэ мэдээллүүдийг хүргэж байв. Мэдээлэл үнэхээр өөдрөг байсан нь яах аргагүй 2011 оны өнгийг илтгэнэ.

Ойрын ирээдүйд асар том нүүрсний уурхайгаа ашиглалтад оруулж, басхүү Оюутолгой зэс, алт, мөнгөний уурхайгаа ашиглахаар зэхэж буй Азийн хурдацтай өсч буй эдийн засаг болон гялтганаж гялалзаж явсан Монгол. Үлэмж их мөнгө эдийн засаг руу цутган орох нь ч тодорхой цаг үе байсан. Түүнийгээ хэрхэн эдийн засагт халалт үүсгэхгүй зохицуулах талаар Монголбанк толгойгоо гашилгаж байсныг MMJ өгүүлжээ. Тухайн үед Оюутолгойн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт өсөлтөд томоохон нөлөө үзүүлж байв. Төслийн 66%-ийг эзэмшигч “Айвенхоу Майнз”-ийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд төсөлд тухайн онд 2.3 тэрбум ам.доллар зарцуулна гэж зарлаж байсныг санахад энэ бүхэн шууд л ойлгогдоно.



2011 оны эдийн засгийн өсөлт 17.3%-иар тэмдэглэгдэж байсан нь дэлхийд хүртэл дээд үзүүлэлтэд тооцогдсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хүрсэн нь мөн л дээд амжилт байв. Үүний зэрэгцээ Тавантолгойн уурхайн тендер зарлагдаад тунаж үлдэгсдийн дунд АНУ, Хятад, Оросын үлэмж компаниуд багтсан, харин Япон, Солонгосын тал шалгараагүйдээ итгэж ядан, цочролын байдалтай байсан 2011 он. Монголын тал ч эцсийн шийдвэрээ яг таг хийгээгүй хэмээн тэднийг тайвшруулж нэг үзэв. Өмнөх онд нь IPO босгосон шинэ хамт олон “Энержи Ресурс” барууны шилдэг технологи бүхий нүүрс угаах үйлдвэрийн эхний ээлжийг өлгийдөн авч, Монголд байхгүй байгальд ээлтэй цахилгаан станцыг байгуулан, мөн хүнд даацын авто замаа тавьж ашиглалтад оруулсан тийм цаг үе. Энэ он жил бол Монголын хувьд яах аргагүй гайхалтай цаг үе юм. Хөрөнгө оруулагчид Монголыг зорьж,  хөрөнгө оруулалтын олон олон чуулган болж, гадна дотны төлөөлөгчид идэвхтэй оролцдог, тэнд айхтар том тоо хэмжээ, ирээдүйн хэтэрхий гэмээр амбицлаг төлөв яригддаг байсан билээ.

Нүүрсний үнэ өсч хөрөнгө оруулагчид моодонд оров


MMJ мэндэлсэн 2008 онд коксжих нүүрсний үнийн их өсөлт болсон. Тэгвэл удаах нь 2011 онд тохиосон юм. Шалтгаан нь Австралид сүүлийн 50 жилд болж байгаагүй их үер тохиосон нь нүүрсний гол муж болох Квийнслэндийн томоохон уурхайнуудыг ажиллах аргагүй болгосон. Тэд ч гамшгийн өмнө тэгж их бэлтгэгдээгүй байжээ. Үерийн улмаас 15 сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт саатсан гэх тооцоо бий. Үр дүнд нь зах зээлд огцом шок үүсч, коксжих нүүрсний үнэ тонн нь 300 ам.доллар руу талийж өгөв. Энэ үйл явдал нь манай нүүрс экспортлогчдод ихээхэн ашгаа өгсөн юм. Гэхдээ манай УИХ-ын гишүүд болон бусад олон өндөр дээд албан тушаалтнуудын оюун ухаанд нүүрсний үнэ үргэлж 300 ам.доллар байх мэт гэнэн ойлголт бат төрснөөрөө ихээхэн хор уршигтай байсан гэж хэлж бас болно. Энэ нь хамгийн урхагтай зүйл хараахан биш. Гол нь улсын төсвийн тооцоолол, томоохон төслийн судалгаанд ингэж гэнэн ойлголттой байх нь ихээхэн уршиг дагуулдаг. Тухайн үед ганцхан манай улс гэнэн байсангүй. Алдарт WoodMackenzie судалгааны байгууллага хүртэл коксжих нүүрсний үнэ 500 ам.доллар/тонн болно гэж төсөөлсөн шигээ сууж байсныг одоо харахад хачирхахаар.

Гэхдээ нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бий. Дэлхийн гангийн үйлдвэрлэл 2010 оны байдлаар өмнөх оныхоосоо даруй 15%-иар дээшилсэн тухай мэдээлэл гарсан нь ган үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийг хадаахад хүч нэмж байв.

2011 онд ганцхан нүүрсний үнэ цойлоогүй. Зэс, алт, төмрийн хүдрийн үнэ түүхэн дээд амжилт тогтоосон бол газрын тосны ханш ч асар өндөр хэмжээнд хүрч өссөн үе. Нэг ёсондоо дэлхийн түүхий эдийн зах зээлийн оргил үе байсан гэж хэлж болно.

Нүүрсний үнэ өсө­хөөр нүүрсний орд, уурхай моодонд орж, түүнийгээ дагаад Мон­гол ч хөрөнгө оруу­лагчдад моодонд оров. Монголын нүүрсний экспорт 2011 онд урьд хожид байгаагүйгээр өсч, дээд амжилт тогтоосон юм. 2011 оны төсөвт нүүрснээс 516.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт байв. Өнгөрсөн 2017 онд нүүрсний салбар төсөвт 603.7 тэрбум төгрөг бүрдүүлсэн шинэ дээд амжилт тогтоход бүтэн зургаан жил дутуу байлаа. Нийт экспортын биет хэмжээ 21 сая тоннд хүрсэн нь тухайн үедээ мөн л дээд амжилт тогтоож, нүүрс улсын нийт экспортын 47.1%-ийг бүрдүүлж байхад зэс ердөө 20.2%-ийг эзэлж байв. Гэх мэтээр нүүрсний оройлол гайхалтай бүрдсэн тийм он жил юм. Нүүрс үнэхээр манайхны хэлдгээр омогшил төрүүлэм байсан.

Монгол улс Хятадын өсч буй эдийн засгийн нүүрсний гол нийлүүлэгч болж, тус улсын коксжих нүүрсний импортын талаас илүүг нийлүүлнэ гэж яригдаж байв. Тэр бүү хэл 2020 онд “Шинэ төмөр зам”-ын төсөл хэрэгжсэнээр хойд, урд чиглэлд Монголын нүүрсний нийт экспорт 66 сая тоннд хүрнэ ч гэж ярьж байсан нь сэтгүүлийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
Удалгүй түүхий эдийн ханшийн энэхүү үсрэнгүй өсөлт нь урт хугацаанд үргэлжлээд байдаг зүйл биш болохыг батлах мэт үйл явдлууд ар араасаа өрнөснийг бид мэднэ. Гэхдээ хүн бүр урьдчилан хараад байхааргүй нэг зүйл гэвэл Грек тэргүүтэй Европын улс орнуудын өрийн хямрал байсан гэж хэлж болно. Энэ нь дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж, улмаар түүхий эдийн зах зээлийг ч тойрсонгүй. Мэдээж нүүрсний үнийн бууралт нь Австралийн олборлолт, тээвэрлэлт сэргэсэнтэй холбоотой ч санхүү, эдийн засгийн салбарт амаргүй өөрчлөлтүүд болж эхэлсэн нь “дайран дээр нь давс үрэх” мэт нөлөөлсөн юм.

Сайншандын аж үйлдвэрийн парк ба Газрын тосны үйлдвэр

Энэ аж үйлдвэрийн паркийн төслийг 2018 оны эхээр татан буулгахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин 2011 онд бол шал өөр зүйл яригдаж байсан юм. Тухайн оны гуравдугаар сарын 16-нд уг аж үйлдвэрийн цогцолборын зөвлөх компаниар АНУ-ын инженерийн чиглэлийн Bechtel корпорацийг шалгаруулсан. Цогцолборыг тухайн үед 10 тэрбум доллараар босгож,  олон мянган ажлын байр бий болгож, ДНБ-ийн хэмжээг тэнгэрт тултал өсгөхөөр тооцоолж байжээ. Үүнтэй адил нэлээд амбицлаг төлөвлөгөөн дунд яах аргагүй газрын тосны үйлдвэр барих санал санаачилга багтсан. Засгийн газар Газрын тосны үйлдвэрийг Дорнодод байгуулахаар тухайн оны долдугаар сард шийдвэрлэж, “Дорнод газрын тос” компани байгуулахаар тогтов. Бас болоогүй хувийн хэвшлийн хэд хэдэн газрын тосны үйлдвэр байгуулж, 2015 он гэхэд дотоодын түлшний хэрэглээний 70-80%-ийг хангадаг болно гэж гэгээлэг сайхан төлөвлөж байсан нь 2011 оны дурсамж юм. Дурсамж гэдгийн учир нь өнөөдөр ч газрын тосны үйлдвэр барих тухай ярьсаар суугаа билээ.

Алдарт “Чалко”-гийн гэрээ ба “Эрдэнэс Тавантолгой”-н IPO



2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай нүүрсний борлуулалтын гэрээ байгуулсан нь долдугаар сарын 26-ны өдөр. “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн Цанхийн экспорт наймдугаар сарын 4-нд эхэлсэн. Гэхдээ гэрээ байгуулах үеэр тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш дарга “Чалко”-гоос урьдчилгаа төлбөрт авсан 250 сая ам.долларыг 1-1.5 жилийн дотор хаачихна гэж ам бардам өгүүлж байв. Гэрээг хийхдээ нүүрсний үнийг 70 ам.доллар/тонн байна гэж гэрээнд тусгасан байсан юм. Нүүрсээрээ буцааж төлөх урьдчилгаа төлбөрийн мөнгийг мөн онд Хүний хөгжил санд 338 тэрбум төгрөг буюу 250 сая доллар төвлөрүүлэх үүргийнхээ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” наанаа инээж, цаанаа уйлан байж хийсэн. MMJ-ийн хуудаснаа үлдсэн Б.Энэбиш захирлын “амлалт” тийм амархан биелчихээгүйг угтаа өрийн төлбөр бүтэн зургаан жил үргэлжилснээр бид бүгд мэднэ. Энэхүү гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой”-н улс төрийн үүрэг байсан бөгөөд угтаа бэлэн мөнгө тараах популизмаас үүдсэн. Төлбөрийг нь Монголын нүүрсний салбар, тэр хэрээрээ Монголын эдийн засаг 6 жил төлсөн. Энэхүү гэрээний төлбөрийг төлж чадахгүй удах тусам Тавантолгойн орд газрыг олон улсын жишгээр ашиглах, хөрөнгө оруулагчдыг татахад чөдөр тушаа болж байсан билээ. Тэгээд “Чалко”-гийн өрийг зургаан жилийн дараа буюу 2017 оны эхний улиралд төлж дуусгасан нь угтаа нүүрсний үнэ зах зээлд дахин 300 ам.долларын түвшинг давсантай шууд холбоотой байсан юм. Б.Энэбиш захирлын тооцоо гэнэн байсан гэхгүй. Гол нь Хятадын нүүрсний худалдан авалт буурах, урьдчилгаа төлбөрийн хүүгийн хэмжээ гэх мэт олон асуудал энэхүү өрийн төлөгдөх хугацааг хялбархан сунгаж орхисон билээ.

Мэдээж 2012 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин 100 сая ам.доллар авсан нь “гал дээр тос нэмэх” адил нөлөөгөө өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн хувь заяаг ийнхүү хялбархан шийдвэрлэсэн  нь ердөө улс төрийн, ямар ч эдийн засгийн тооцоогүй бэлэн мөнгөний амлалт байсан юм.

Засгийн газар энэ зуур бас болоогүй “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ийг 2012 оны дөрөвдүгээр сард Монголын хөрөнгийн бирж, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарган асар их мөнгө босгож, түүнийхээ зарим хэсгээр 1100 км үргэлжлэх төмөр замыг санхүүжүүлнэ гэх итгэлтэй байсан нь мөн л сэтгүүлийн хуудаснаа тодоос тод үлджээ. Мэдээж бид бүхний мэдэж байгаачлан ямар ч IPO, ямар ч төмөр замын санхүүжилт босгоогүй.

Өмнөх 2010 оны сүүлээр MMC Хонконгийн бирж дээр тун амжилттай IPO хийж чадсан тул “Эрдэнэс Тавантолгой” юугаараа дутахав гэсэн бодол олон хүнд байсан. 2011 онд уг нь ажлууд эрчтэй өрнөж Лондоны хөрөнгийн биржтэй Стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх Ажлын Мастер гэрээг ч үзэглээд амжсан юм. Энэ нь Монголын хөрөнгийн биржийг олон улсын зэрэглэлд хүргэх зорилготой алхам байсан. Гол нь цаг хугацаа биднээс үнэхээр хийсэн үү үгүй юу гэж асуудаг болохоос хэр их хичээв гэж асуудаггүй нь асуудлын гол нь болоод байгаа юм.

Оюутолгойн гэрээний өөрчлөлт

Оюутолгой уурхай 2012 оны сүүлээр ашиглалтад орно гэсэн өндөр их хүлээлттэй байсан үе. Оюутолгойн хөрөнгө оруулалт 2011 онд 2.3 тэрбум ам.доллар байна гэж төлөвлөж байсан гээд бодохоор эдийн засаг дахь нөлөө ямар их байсан нь ойлгомжтой. “Оюутолгой” төслийг тэр үед 66%-ийг нь эзэмшиж байсан “Айвенхоу Майнз” (одоогийнхоор “Туркойз Хилл Ресурс”) удирдахаа больсон байв. “Рио Тинто” төсөл дэх хувь эзэмшлээ зузаатгасаар удирдлагыг гартаа оруулаад байсан цаг. “Айвенхоу Майнз”-ийг үүсгэн байгуулагч алдарт Роберт Фридланд тухайн үед уг төсөлд хөрөнгө оруулалт босгох гэж тэгтлээ их сандрах шаардлагагүй болсон үе. Гэхдээ Фридланд хаа сайгүй  Оюутолгой  төслийн талаар дэндүү өөдрөг ярьж явдаг байсан нь түүний рейтингийг ч,   төслийн үнэлэмжийг ч өсгөсөөр байв. “Рио Тинто” төсөл рүү ингэтлээ анхаарал хандуулсан нь Фридландын тактиктай ихээхэн холбоотой байсан бөгөөд хөрөнгө оруулагчид түүний хөрөнгө босгож чаддаг энэ чанарыг машид хүндэлдэг. “Рио Тинто” төсөлд хөрөнгө оруулах замаар “Айвенхоу” дахь эзэмшлээ зузаатгасаар тухайн оны наймдугаар сарын байдлаар “Айвенхоу”-гийн 48.5%-ийг гартаа оруулав. 

Энэ зуур Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөх ёстой гэсэн асуудал хүчтэй яригдаж, оны дундуур Монголын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу”-гийн төлөөлөл хоёр ч гэрээ үзэглэв. Тухайлбал Монголын талын санхүүжилтийн хүүг 9.9%+АНУ-ын хэрэглээний индекс байсныг 6.5%+LIBOR болгов. Мөн Монголын тал өөрт ногдох хэсгийг хүссэн үедээ санхүүжүүлэх гэх мэт заалтыг Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр оруулан батлав. Мөн “Рио Тинто” компанийг Оюутолгойд эзэмшиж буй хувиа Монголын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр шилжүүлэхгүй байх нөхцөлийг тусгасан юм.

Төсөлтэй холбоотой бас нэг асуудал байсан нь цахилгаан станцын асуудал. Оны дундуур Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын хэрэгжилтийг яаравчлуулахаар болж, оны хоёрдугаар хагаст багтаан судалгааны ажлыг дуусгаж, ирэх 2012 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр чиг өгөв. Гэвч оны сүүлээр энэ бүх зүйлд цэг тавигдаж Оюутолгойн эрчим хүчний асуудлыг “Оюутолгой” компанид өөрт нь бие даан хариуцуулахаар тогтож, ингэхдээ станцын бүтээн байгуулалт нь төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа станцыг төрд шилжүүлэх, Тавантолгойгоос нүүрсээ нийлүүлэх нөхцөлийг онцолсон байсан юм. Тавантолгойн цахилгаан станц нь ингээд тусдаа хэрэгжихээр болж, ТЭЗҮ-ийг нь тухайн ондоо багтаан хийж, дараах оных нь хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-д даалгасан юм. Мэдээж энэ шийдвэр амьдралд хэрэгжээгүй. Одоо хэр нь Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлээгүй хэвээр. Ингээд ямар ч байсан Оюутолгой төсөл 2011 онд нэлээд эрчтэй урагшилж, басхүү адал явдал дунд өрнөв. Мэдээж яаж мартахав “Оюутолгой” төслөөс урьдчилгаа төлбөр авч эхэлсний хамгийн сүүлийн буюу гурав дахь хэсэг болох 100 сая долларыг мөн 2011 онд авсан билээ. “Оюутолгой”-гоос Монгол улс нийт 250 сая долларыг урьдчилгаа төлбөрт авсан бөгөөд үүнийгээ дараа нь татварын таналт хэлбэрээр төлсөн юм.


Крант хаав

Орос улс түлшний экспортдоо хориг тавьсан нь 2011 оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн.  Уул уурхайн төслийг дизель түлшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ тухай MMJ-ийн хуудаснаа “Путин нефтийн крантаа хааж, Наадмын өмнө сануулга өгсний дараа Монголын улстөрчид “ах, Орос ах” хэмээн навсаганахаа азнаж, ирээдүйнхээ тухай эрхбиш бие даан бодож эхэллээ... Тэр зөвхөн Монгол ба Украины бензин, хийн крантаар тоглодоггүй. Түүний гарт одоо Европын хийн хоолой бий...” хэмээн бичиж байсныг энд эш татлаа. 2011 онд Тавантолгойн тендерт тунаж үлдэгсдийг зарлаж, тэр дунд нь “Оросын төмөр зам” тэргүүтэй компаниуд байсан бөгөөд тавдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хойд хөрш рүү айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ Оросын тал зөвхөн Тавантолгой бус өргөн хүрээнд дорвитой хамтарч ажиллах санал-тулгалтыг нь сонсож явжээ. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийн явц ихээхэн удааширч, тоймтой үр дүн сонсогдолгүй байсаар 2011 он тийнхүү өндөрлөсөн юм. Хоёр том хөршийнхөө ашиг сонирхлыг Тавантолгой дээр тэнцүүлэх нь үнэндээ хэцүү байсныг MMJ мөн онцолжээ. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сард Хятад руу айлчилж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ болон АНУ-д хэдхэн өдрийн зайтай айлчилж байсан билээ.


СУРГАМЖ ҮЛДЭЭСЭН ӨРНӨЛҮҮД

2011 оныг MMJ-ийн хуудаснаас тольдоход үйл явдал тун өрнүүн байсан нь харагдана. Энэ онд манай улсад олон өөр чухал явдал болсныг бүгдийг энд өгүүлж үл барна. Тухайлбал “Алтандорнод Монгол” компанийг манай улс Арбитрийн шүүх дээр ялсан нь чухал үйл явдал байлаа. Манай улсыг 1.6 тэрбум ам.долларыг тус компанид төлөх үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан нь ихээхэн ач холбогдолтой байв.

Мөн оны гуравдугаар сард Японы Хоншюү арлын зүүн хойд эргийн бүсэд орших Фүкүшима цөмийн станц цунамийн улмаас дэлбэрч, нөхөж баршгүй сүйрэл тохиосон нь мөн тухайн оны аймшигт үйл явдал байв. Улмаар цөмийн станцуудын аюулгүй байдлыг улс орнууд чангатгаж, Герман улс бүр 2022 он гэхэд цөмийн бүх реактораа татан буулгах шийдвэрийг гаргаж байх зуур ураны ханш буурч, эрчим хүчний нүүрс өнгө орох болсон юм.

Мөн Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн зам дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 14 хүртэл хаагдсан нь тухайн үедээ Монголын нүүрсний компаниудын хувьцааны ханшийг багагүй буулгаж дөнгөсөн. Prophecy 600МВт-ын цахилгаан станц барих зөвшөөрлөө авч байсан, тухайн онд мөн 820МВт-ын хүчин чадалтай V ДЦС-ыг байгуулахаар Засгийн газар тогтсон бөгөөд эхний ээлжийн 450МВт-ын хэсгийг 2015 онд нээнэ гэж төлөвлөж байлаа. Шивээ-Овоо уурхай нүүрс хатаах үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан. Бас болоогүй Засгийн газар бүр 2012 оноос уран олборлолт эхэлнэ, 2013, 2014 оноос борлуулж эхлэх тухай мэдэгдэж байсан зэрэг төлөвлөгөөнүүд, зарим нь дэндүү мөрөөдлийн гэмээр төлөвлөгөөнүүд ердөө саяхны 2011 онд хөвөрч байжээ. Тухайн онд Хятадын Засгийн газрын квотоос үүдэлтэй газрын ховор элементийн нийлүүлэлт дэлхий даяар онцлох сэдэв болоод байсан бөгөөд ховор элементийн том хэрэглэгч Европын холбооны тэргүүлэгч улс Германы Канцлер Ангела Меркел манай улсад 2011 оны аравдугаар сард айлчилсан билээ. Энэ үеэр Зүүн Цанхийн олборлогчоор сонгогдсон Германы “BBM Operta” болон Австралийн “Macmahon”-ий хамтралтай “Эрдэнэс Тавантолгой” компани таван жилийн хугацаатай Гэрээт олборлогчийн 500 сая ам.долларын гэрээ үзэглэж байв.  Мөн уг айлчлалын үеэр хоёр улсын хооронд “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг үйлдэж байсан юм. Тухайн үед гадаадын хэвлэлүүдээр Европын тэргүүлэх улс түүхий эд нийлүүлэлтийн хамтрагчаар Монголыг сонголоо гэх агуулга түгсэн юм. MMJ энэ үед уул уурхайн төсөл хөтөлбөр эхлэхтэй зэрэгцэн усны асуудлыг онцгойлон хөндсөөр байв.

Монгол улсын уул уурхай, эдийн засагт 2011 он ийнхүү маш их сургамжийг өөрийн уйдамгүй их өрнөлөөрөө үлдээж өгчээ. Танд MMJ-ийн 2011 оны дугааруудаас тоймлон хүргэлээ. Бүгдийг энд тэмдэглээгүй ч тодорхой эргэн санах боломжийг бүрдүүлсэн гэж найднам. Ялгаа нь гэвэл манай улс өнөөдөр 2011 онтойгоо харьцуулахад эдийн засгийн хувьд нийгмээрээ харьцангуй боловсорч, асуудалд арай илүү буурьтай суурьтай хандаж чаддаг болсон болов уу гэж бодогдоно. Мэдээж улстөрчдийн хувиа бодсон, популист тоглолтыг эс тооцвол шүү дээ.

ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Самойленко:

Шинэ төмөр замгүйгээр Таван­толгойн үнэ цэн бүрэн дүүрэн гарахгүй. Энэ үйл явцад оролцохын тулд Орос улс консорциум болон оролцож байгаа. Оросын төмөр зам орсон энэ консорциумд СУЭК хэмээх Оросын нүүрсний томоохон олборлогч багтаж байгаа. Манай улсын консорциумын нэг СУЭК нь Алс Дорнодод боомтын терминалуудыг барьж байгуулах ёстой. Эдийн засгийн хувьд нүүрсээ Хятад руу шууд гаргах нь ашигтай гэсэн илтгэлийг тавьж байна. Үүнтэй маргаад байх асуудал надад алга. Мэдээж юуны өмнө УИХ-ын шийдвэр, хоёрдугаарт нь Монголын бараа бүтээгдэхүүнийг Алс Дорнод руу гаргах хамгийн дөт, хямд замыг эрэлхийлэх хэрэгтэй. Бид Оросын газар нутгаар явж байгаа Монголын тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Одоогоор энэ хөнгөлөлтийн хэмжээ 52% байгаа юм. Нүүрсийг Тавантолгойгоос Алс Дорнод руу тээвэрлэхэд ямар хэмжээний өртөг зардал гарахыг бид тооцож үзэхэд Тавантолгойгоос Хятадын боомтууд руу гаргахаас нэг их өндөр байгаагүйг хэлье. Тэгэхээр төмөр зам бидний хувьд их чухал ач холбогдолтойг дахин онцолж хэлмээр байна. Шинэ төмөр замын нийт системийг барьж байгуулмаар байна. “Оросын төмөр зам”-ын хувьд Тавантолгой нь зөвхөн дайвар төсөл юм.  
 MMJ 2011 №005 (031)

Д.Энхбат (УИХ-ын гишүүн):

Нэгдүгээрт, газрын гүний усны талаар хэлье. Манай улс газрын гүний усаа судлаагүй юм билээ. Бид говийн бүсээр явсан. Уул уурхайн компаниуд зөвхөн эргэн тойрныхоо хэсэг газрыг өрөмдөж үзээд л ус байна гэж хэлээд байгаа юм. Гэтэл газрын гүнтэй гол уснууд яаж холбогдсон, судалбарууд нь хаа байгаа талаар нэгдсэн судалгаа хийгээгүй учраас хэн нэг нь ус авахаар нөгөөгийнх нь ус багасчихаад байгаа хэрэг. Ус гэдэг нэг хүний, эсвэл нэг компанийн өмч биш. Усны нэгдсэн судалгаагүй явж байгаа нь өөрөө яваандаа аюул дагуулах юм билээ. Нэг газрыг өрөмдөхөд л хоёр жилийн дараа ширгэж үгүй болох жишээтэй.
“Хэрлэн говь”, “Орхон говь” төслийн тухайд монголчууд бид бие биедээ илэн далангүй хэлэх хэрэгтэй. Говь руу ус татсан татаагүй голуудын түвшин багасч байгаа. Тэгэхээр ганцхан зам бий. Энэ голууд дээр хуримтлал хэр үүсгэж чадах эсэхээс хамаарна. Далан, нуур бариад улирлын чанартай нэмэлт усыг хуримтлуулж чадвал хоёр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг. Харин ус хуримтлуулж чадахгүй бол ашиглах боломжгүй гэж би хэлнэ.  

MMJ 2011 №007  (033)


Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, ноён Пиус Фишер :



 Байгалийн баялагтай улс оронд хөгжих асар нөөц боломж байна. Гэхдээ үүнийг зөв бодлогоор зохицуулахгүй бол зэрэгцээд Монгол орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эрсдэл дагуулах нь дамжиггүй юм. Монголын ард түмэнд, нийгмийн бүхий л давхаргад ашигтай үйл хэрэгт уул уурхайн орлогоос хүртээх, дээр нь байгаль орчноо сүйтгэхгүй уул уурхай эрхлэх талаар Засгийн газар, УИХ зохистой орчин бүрдүүлэх үүрэгтэй. Үүнийг хийхийн тулд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Нэн тэргүүнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх чиглэлд, академийн боловсрол олгох. Юуны түрүүнд инженерийн болон байгалийн шинжлэх ухааны салбарт, дэд бүтцээ хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гэх мэт чиглэлд уул уурхайн ашгаас хөрөнгө оруулах хэрэгтэй. Уул уурхайн “алтны солиорол дунд” Монгол улс өөрийн  соёлын үндэс угсаа, унаган төрхөө үгүй хийвэл хэзээ ч нөхөж баршгүй тун харамсалтай юм болно.

MMJ 2011 №005 (031)
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар