Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, П.Ганхүүг шинээр томиллоо

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргалаа. П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан бөгөөд 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан.


Ц.Түмэнцогт “Эрчим хүчний салбарын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн энэхүү албанд томилогдож байгаад олзуурхаж байна” гээд стратегийн үнэ цэнэтэй төслүүдийг Монголын ард түмэнд өгөөжтэй, хүртээмжтэйгээр хөгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж авч байгаад нь баяр хүргэж амжилт хүслээ. 

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал П.Ганхүү   “Ц.Түмэнцогт захиралтай дэд бүтцийн салбарт олон жил хамтран ажилласан тэрээр өндөр боловсролтой туршлагатай хүнээр ахлуулсан Эрдэнэс Монголын удирдлагын баг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлэн амжилттай ажиллаж, уул уурхайн менежментийн шинэ түүхийг эхлүүлсэн” хэмээн онцлоод “төрийн эзэмшлийн томоохон компаниудыг хөгжүүлэх энэ хариуцлагатай албанд хичээж зүтгэж ажиллах болно” гэлээ.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол” нэгдэл  Ц.Түмэнцогтоор удирдуулсан өнгөрсөн жил хагасын хугацаанд түүхэндээ анх удаа ашигтай ажилласан бөгөөд 2017 оны гүйцэтгэлээр улсад 278,5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, 481,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.    

Мөн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг шийдэн, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд компанийн стратегийг шинэчлэн боловсруулж, удирдлага, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлсэн.  Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, компанийн тогтвортой үйл ажиллагааг урт хугацаанд хангах, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, компанийн зээлжих зэрэглэлийг ахиулсан нь томоохон эргэлт байсан гэж хэлж болно.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд бизнес санхүүгийн тайлагналыг олон улсын стандартын түвшинд гаргадаг болсон төдийгүй чанарын иж бүрэн удирдлагыг нэвтрүүлж эхэлсэн, компанийн засаглалыг сайжруулсан, Тавантолгойн 1072 хувьцааг бүртгэлжүүлсэн, экспортын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлсэн, нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн стратеги болон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй болсон гээд олон анхдагч ажлуудыг дурдах нь зүйтэй.