|

ҮСХ: Нүүрсний экспорт 3.6 сая тоннд хүрсэн нь хоёр дахь дээд амжилт

2018 оны 5 сарын 16

-Эрдсийн экспорт 10%-иар өсчээ-

Монгол улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн тухай Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 690 сая ам.доллар буюу 22.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл 543.4 сая ам.долларын ашигтай гарлаа.

Үзүүлэлт

2018 оны эхний 4 сар / Өсөлтийн хувь

Нийт экспорт

2.1 тэрбум ам.доллар / 11.9%

Нийт импорт

1.6 тэрбум ам.доллар / 41.5%

Гадаад худалдааны нийт бараа эргэлт

3.7 тэрбум ам.доллар / 22.9%

 

Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт экспортын 85%-ийг эзэлж байна. Эрдсийн экспортын эхний дөрвөн сарын хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.2%-иар өсчээ.

Эрдсийг төрлүүдээр нь авч үзвэл эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 795.8 сая ам.долларт хүрч орлогын мөнгөн дүнгээр тэргүүллээ. Нүүрний экспортын биет жингийн хувьд 10.3 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 10.7%-иар буурсан байна. Харин үнийн дүнгийн хувьд өмнөх оныхоос 3.4%-иар ихсэв. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүрсний экспортын биет хэмжээ 3565.4 сая тоннд хүрсэн нь нэлээд сайн үзүүлэлтэд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, өмнөх гуравдугаар сарын гойд өсөлттэй экспортын дүнгээс 1.3 орчим хувь, өмнөх оны мөн үеийн дүнтэй харьцуулахад 3.7%-иар тус тус дээшилжээ.

Зэсийн баяжмалын экспортын тухайд 458.6 мянган тоннд хүрч, үнийн дүнгээр 627.6 сая ам.долларт хүрсэн нь жингээр 8.6%-иар буурсан ч, орлого нь 19.8%-иар өссөн байна. Харин цэвэр зэсийн экспорт эхний дөрвөн сард биет жин, орлогын дүнгийн аль аль нь бууралттай гарлаа. Мөн хугацаанд 4642.9 тонн зэс экспортолж, 31.3 сая ам.долларын орлого олсон өмнөх оны мөн үеийнхээс жингээр 17.7%, орлого 1.1%-иар тус тус буурчээ.

Алтны экспорт эхний дөрвөн сард биет жингээр 3.4 тоннд хүрч орлого нь 144.5 сая долларт хүрсэн нь жингээр 81.6%, үнийн дүн нь 91%-иар өссөн байна.

Түүхий газрын тосны экспорт мөн хугацаанд 2.21 сая баррельд хүрч 138.8 сая ам.долларын орлого олсон нь жингээр 10% буурсан ч, үнийн дүн 12%-иар дээшлэв.

Төмрийн хүдрийн тухайд эрдсийн экспортын орлогоор эхний тавд бичигдлээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдэр, баяжмалын экспорт жингээр 2 сая 36 мянган тоннд хүрсэн нь 16%-ийн өсөлтийг илтгэсэн бол үнийн дүнгээр 92.5 сая тоннд хүрч 19.4%-ийн бууралтыг харуулж байна.

Цайрын хүдэр, баяжмалын тухайд оны эхний дөрвөн сард 41.6 мянган тоннд хүрч 7.7%-иар өссөн бол, орлого нь 75.2 сая тоннд хүрсэн нь 30%-ийн өсөлтийг үзүүллээ.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 113.8 мянган тоннд хүрч, 36.5 сая долларын үзүүлэлттэй гарсан нь жингийн хувьд 42%, орлого 96%-иар тус тус өсчээ.

Хар тугалгын хүдрийн экспорт энэ хугацаанд 6.5 мянган тоннд хүрч, орлого нь 16.7 сая ам.доллараар хэмжигдэв. Энэ нь жингээр 38.2%, үнийн дүн 37.5%-иар өссөн гэсэн үг юм.

Молибденийн баяжмалын тухайд оны эхний дөрвөн сард 1.9 мянган тонныг гадагш нийлүүлж 14.3 сая ам.долларын орлого олсон нь биет хэмжээ 11%-иар буурсан ч үнийн дүн 31.2%-иар өссөн хэрэг боллоо.

Гянтболдын хүдрийн экспорт эхний дөрвөн сарын байдлаар 81.9 тонн буюу 1 сая 86 мянган доллараар хэмжигдлээ. Тодруулбал жингээр 24.7%-иар буурсан бол үнийн дүн нь 10 орчим хувиар өссөн дүнтэй гарлаа.

Нийт эрдсийн хувьд авч үзвэл алт, жоншны экспорт нэлээд сайн үзүүлэлттэй байгаа бол түүний араас цайр, хар тугалга, молибденийн экспорт чамгүй амжилттай байгаа нь харагдана. Мөн нүүрсний экспортын сэргэлт ч ажиглагдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нүүрсний экспортын биет хэмжээ нь сарын дүнгээр авч үзвэл хоёрд дахь дээд амжилтад тооцогдож байна. Өнгөрсөн 2017 оны зургадугаар сард 4 сая тонн нүүрс экспортолж байсан нь сарын дүнгийн дээд амжилтад тооцогддог. Харин төмрийн хүдрийн тухайд экспортын жин нь өссөн ч орлого нь бууралттай байгаа нь сайнгүй үзүүлэлт болж байна. Голлох экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн тухайд экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс бууралттай байгаа ч, орлогын дүн нь өссөн байгаа нь эдийн засгийн төлөвт эерэг дүр зураг тодруулж байна.




Б.Төгс

 

 

 

 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар