Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойг шүүмжлэгчид ба дэмжигчид





The Mongolian Mining Journal /2018.004/



Н.Ариун

Оюутолгойтой холбоотой асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг хорьж шалгаж эхэлсэн нь дөрөвдүгээр сарын халуун сэдэв болоод байна.

АТГ дуулиант баривчилгаагаа “Оюутолгойн гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон, Монгол улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байна” гэж тайлбарлаж байгаа.

Гэвч энэ нь албан тушаалтнууд авлига авсан эсэхийг шалгаж тогтоох хэрэг бус Оюутолгой төслийг эсэргүүцэх, гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөн гаргах эсэх тухай нийгэм даяар өрнөсөн маргаан болж хувирав. Монгол даяараа өдгөө Оюутолгойн гэрээ гэх ганц сэдвээр халуурч, гэрээ байгуулсан нь зөв, буруу хэмээн мэтгэлцэж байна. Үр дүнд нь Монголын нийгэм Оюутолгойг Шүүмжлэгчид ба Дэмжигчид гэсэн хоёр үзэл санаанд хуваагдан талцчихаад байна. Тэрхүү маргааныг зориудаар өдөөн, хийрхүүлэх сонирхол ч улс төрийн зарим хүчинд асар хүчтэй байна.  

Парламент дахь сөрөг хүчин Ардчилсан нам Ажлын хэсэг байгуулж, Оюутолгойн гэрээг шалган санал дүгнэлтээ гаргана гэсэн бол МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН гэсэн улс  төрийн дөрвөн намаас Төр, Засгийн тэргүүнүүдэд хандан, тулган шаардах бичиг барьж, Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлах шаардлага тавиад байна. 

Тиймээс УИХ маргааныг таслахаар шүүгчийн ажилдаа ханцуй шамлан орлоо. УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдан ажлаа эхлүүлээд байгаа. Ажлын хэсэгт дөрвөн намын төлөөлөл, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд орсон бөгөөд Оюутолгойн гэрээ, гэрээний хэрэгжилт, Монгол улсад өгч байгаа татвар, өгөөж, байгаль орчны асуудал, нийгмийн асуудлуудыг шалгах ажээ. Тэр тусмаа Монгол улсад төлөх татварын зөрчлүүд, 34%-ийн зээлийн хүү, “Оюутолгой”-н авч байгаа дөрвөн төрлийн шимтгэлийн асуудлыг эргэж харна. Шалгалтын дүнгээ үндэслэн “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах талаар Засгийн газарт үүрэг өгөх юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирын хэлснээр шалгалт ойролцоогоор хоёр сар үргэлжлэх бөгөөд зургадугаар сард албан ёсоор дүнгээ танилцуулна. 

Хууль хүчний байгууллагуудын мөрдлөгөөр Оюутолгойн гэрээнд үнэхээр авлига, хээл хахуулийн нөлөө орж, зарчим зөрчигдсөн гэж үзвэл гэрээ цуцлагдаж мэдэх нөхцөл үүснэ. Тиймээс УИХ-ын Ажлын хэсэг нь ч, хууль хүчний байгууллагууд нь ч улстөржихөөсөө илүүтэй асар өндөр хариуцлага хүлээж ажиллах ёстой юм. Асуудалд ултай хандаж, бодитой дүгнэлт гаргах ёстой. Түүнийг дагаад Ажлын хэсэгт Оюутолгойн гэрээг шалгаж, үнэн зөв дүгнэлт хийх чадамж байна уу гэх асуудлыг ч олон нийтийн зүгээс тавьж буй нь зүй ёсны асуулт.  

Маргаж цэцэрхэж суусаар сүүлийн 10 жил манай улсад Оюутолгойгоос өөр босгосон бүтээн байгуулалт үгүй шахам. Үр дүнд нь ганц төслөөс улсын эдийн засаг дэндүү том хамааралтай болчихсон. Оюутолгой өнөөдөр Монголын эдийн засгийн баталгаа болж байна. Ирэх жилүүдэд эдийн засгийг хамгийн их тэтгэнэ. Яг одоо бол хямарсан эдийн засагт тулах багана, итгэл үзүүлэх нөхцөл болж байгаа. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монголд хэрэгжихэд итгэл үзүүлсэн гол нөхцөл Оюутолгой төсөл байсан. Эдийн засгийн баталгаанаас гадна дэлхийн хүчирхэг гүрнүүдийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгох үүднээс гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангаж буй ганц төсөл юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар анхнаасаа л 5.1%-ийн өсөлт үзүүлсэн эдийн засаг, эрдсийн захын өөдрөг төлөв байдалд эрдэн Оюутолгойгоор зоримог оролдож эхэлсэн билээ. Дубайн гэрээг шалгана, аудит оруулна, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэх үгс шинэ Засаг бүрдсэнээс хойш танхимаас нь ар араасаа цуварсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралтай уулзахдаа хоёр талаас Ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөж, Монголын ашиг орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, төслийн үр ашгаа нэмэгдүүлэх асуудлаар ярилцана гэсэн нь зүй ёсны ажил хэрэгч санал байсан юм. Гэрээнд өөрчлөлт оруулах, асуудал байвал засах, нэмж сайжруулаад явах нь бизнесийн үйл ажиллагаанд байдаг л практик.

“Рио Тинто” компанийн Зэс очир эрдэнийн группын Гүйцэтгэх захирал Арнауд Суарат тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд ирж, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Ярилцсан асуудлын талаар тодорхой мэдээлэл үгүй ч мэдээж үүссэн нөхцөл байдлын талаар ярилцах, мэдээлэл авах, тодорхой байдлыг хүсч ирсэн байж таарна. Гэвч одоо “эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” хэмээн ханхалзаж байсан Ерөнхий сайдын хувьд нөхцөл байдал хэдийнэ хяналтаас нь гарч одоод байна. Засгийн газар хөрөнгө оруулагчдад тодорхой байдал амлаж чадахааргүй байдалд хүрчихлээ.    

Оюутолгой төсөл Монголд ашигтай, ашиггүй гэх маргаан манайд шинэ зүйл биш. Тодорч товойх гэсэн улстөрч болгоны гартаа барьдаг ганц мод нь болсон тул гайхаад байх ч асуудал биш. Гол нь гэрээг тойрч байсхийгээд л маргаан үүсдэг нь цаана нь ямар нэгэн “но” байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлж, асуудал давтан сөхөгдөх бүрт улам бүр лавширсаар, гүн гүнзгий хардлага сэрдлэг болж тогтсон нь асуудал юм.   Маргаж дуусдаггүй энэ сэдэв олон нийтийг Оюутолгойд эмзэг, үл итгэмтгий болгожээ.

Оюутолгой төсөл өмнө нь янз бүрийн шалтгаанаас болж олон удаа гацаж байв. Гэхдээ дийлэнхдээ улстөрчдийн элдэв ашиг сонирхол, зөрүүтэй байр сууриас болж гацаж байсан бол өдгөө маргаанд нийгэм тэр чигээрээ татагдан орж, олон нийтийн эсэргүүцэл болон тэлж магадгүй болоод байгаа нь аюултай юм. Ажилгүй, орлогогүй хямарсан ард түмний бухимдал Оюутолгой руу чиглэж, Монголд ашиггүй хэмээн буруутгах, үзэн ядах уур амьсгал газар авч байна. Хэрэлдэж, талцахаас өөр зүйл хийхгүй байгаа УИХ, Засгийн газар нь иргэдийнхээ бухимдлыг нэмэхээс цаашгүй байна.

“Улстөрчид популизм хийхийн тулд том төслүүдээр оролдон, байр суурь нь зөрж, зөрчил гүнзгийрэх тусам нийгэмд тухайн төслийг эсэргүүцэх хандлага идэвхждэг нь гэм биш зан болсон билээ. Энэ нь харин Оюутолгойг асуудалд оруулж мэдэх хамгийн том хүчин зүйл юм” гэж MMJ нэгдүгээр сарын Эдиториалдаа бичиж байв.

Оюутолгой төслийг амжилттай үргэлжлүүлэх, насжилтын бүхий л үед нь эрсдэл багатай байлгахын тулд нийгэмд байгаа хардлагыг мухарлаж, нэг тийш болгох алхам хийх нь зүйтэй. Үүнийг цэгцлэхээс нааш Оюутолгой төсөл амар заяа үзэхгүй. Тэр тусмаа татвар дээр байсхийгээд сөхөгддөг маргааныг таслахын тулд Монгол улсын болон “Рио Тинто” компанийн татварын тогтолцоо, аргачлал, системийн зөрүүтэй байдал дээр ойлголтоо ойртуулж, асуудлаа өөр өнцгөөс харах хэрэгтэй юм. Эс тэгвэл татварын  маргаан мөнхөд гарсаар, тэр тоолонд Оюутолгойд үл итгэгчдийн арми тэлсээр байх болно. Хувь нийлүүлэгчдийн хувьд УИХ-ын болон хууль хүчний байгууллагын мөрдлөг шалгалтыг хүлээгээд суулгүйгээр Ажлын хэсгээ байгуулж, алдаж буй асуудлуудаа бодитой олж харж тодорхойлох, засах талаар хугацаа алдалгүй ажиллах нь чухал юм. Асуудлыг ужигруулбал зөрчил улам даамжирч мэднэ. Эцэст нь далд уурхайн санхүүжилт гацсан шиг хувь зохиол давтагдвал яах вэ. Үнэ цэн нь эдийн засгийн уналт, хямралаар л хэмжигдэнэ.