|

Гашуунсухайт боомтыг 148 сая юаниар шинэчилнэ

2018 оны 4 сарын 13
  
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эх орондоо буцахдаа Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тээврийн жолооч нартай биечлэн уулзах үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.

Монгол улсын хилийн Гашуунсухайт боомтоор Оюутолгой компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, зэсийн баяжмал, Тавантолгой ордын нүүрсний тээвэрлэх эрх бүхий 116 аж ахуйн нэгж улс хоорондын тээвэр гүйцэтгэдэг. Өдөрт зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим авто машин улсын хилээр нэвтэрч байна. 2017 оны хоёрдугаар сараас өмнө зэсийн баяжмал болон нүүрс тээврийн гарах чиглэлийн 8 зам дээр хоёр шалгагч, орох чиглэлийн 4 зам дээр нэг шалгагч жолоочийн баримт бичгийг шалгаж тээврийн хэрэгслийг нэвтрэх чадвар удаашрахад нөлөөлж, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэх үндсэн шалтгаан болж байсан. Монголын талаас хамаарах арга хэмжээ авч 2017 оны хоёрдугаар сараас боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 12 зам дээр тусгай зориулалтын шалгах кабиныг шинээр байгуулан жолоочийн баримт бичгийг шалгах хугацааг 3 минут байсныг 50 секунд болгож багасгасан. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн 1200 машин улсын хилээр нэвтрүүлж байсныг 2500 машин болгох боломж бүрджээ.

Боомтын гадаад худалдааг хөнгөвчлөх, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортын гаалийн үйл ажиллагааг хялбарчлах, экспортыг дэмжих зорилгоор Гашуунсухайт боомтод цаасгүй технологийг нэвтрүүлээд байгаа юм.  Үүний үр дүнд гаалийн бүрдүүлэлтийн шат дамжлага 2 дахин буурч, бүрдүүлэлтэд зориулах 21 минутын хугацаа 6 минут болж багасчээ. Монголын талаас Гашуунсухайт боомтын нэвтрүүлэлтийг түргэн шуурхай болгосон ч Хятадын тал буюу Ганцмод боомтын татан авалт удаашралтай хэвээр байна. Ганцмод боомтын нэвтрүүлэлт дээр баримт бичгийн шалгалт бүрдүүлэлт хийлгэхдээ жолооч нар машинаасаа бууж, суухад цаг их зарцуулдаг. Сүүлийн үед тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой хүндрэл Гашуунсухайт боомт дээр үүсээд байгаа. Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг улирлын хугацаатай олгож байна. Монголын жолооч нар тус зөвшөөрлийн хугацааг засварласан, эсвэл хугацаа хэтэрсэн зэрэг шаардлагаар Хятадын Ганцмод боомт дээрээс буцаах асуудал үүсч, нэвтрэлт удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буй аж. Нэгэнтээ нүүрсээ ачсан 65 тоннын даацтай машин хилийн шалган нэвтрүүлэлтийн нарийн зам дээр эргээд буцах ямар ч боломжгүй учир түгжрэл үүсгэдэг байна. Гэтэл Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэлтээр тээврийн С зөвшөөрлийг шалгах эрх үүрэг байхгүй. Нөгөө талдаа  Авто тээврийн үндэсний төвийн байцаагч нар зам дээр зөвшөөрлийг шалгаж боомт руу явуулдаг. 

Өнөөдөр нүүрс тээвэрлэлтийн 8800 орчим машин явж байна. Богинын тээвэрлэлтэд С зөвшөөрөлтэй 3000 орчим машин явах боломжтой байхад үүнээс бараг 1000 гаруй илүү машинд зөвшөөрөл олгогджээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 4846 машинд С зөвшөөрөл олгосон байна. Уул уурхайн компаниуд тээвэрлэлт хийлгэх жолооч, машинаа тодорхойлсон баримт бичигт үндэслэн Авто тээврийн үндэсний төвийн газраас дээрх тооны зөвшөөрлийг олгожээ. Тиймээс тээврийн асуудлыг компаниуд өөрсдөө хариуцах үүрэгтэй.  Ер нь бол Гашуунсухайт боомтоор нүүрсний дийлэнх экспорт хийгддэг учир энд 5500-5600 машинд С зөвшөөрөл олгохоор тооцсон байна. Тэгэхээр Хятадын боомтын татан авалт бага энэ үед олон тооны машин богино зайны тээвэрлэлтийн ачааллыг нэмэгдүүлж,  дунд нь С зөвшөөрөлгүй машин түгжрэл үүсгээд байна. Нөгөөтэйгүүр, уртын тээвэрлэлттэй харьцуулбал богинын тээвэрлэлтийн цалин нь ахиу учир жолооч нар Цагаанхаднаас тээвэрлэлт хийх сонирхолтой. Хятадын талаас татан авалт нэмэгдүүлэхээс өмнө Монголын тал С зөвшөөрлийн ихээр олголт, мөн зөрчилтэй машинуудаа цэгцлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа аж. Тиймээс цаашид Гашуунсухайт боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талаас цэгцлэх ажлууд цөөнгүй байна. 

Оны эхний улирлын байдлаар Гашуунсухайт боомтын экспортын статистик үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрс 15.9%, зэсийн баяжмал 20.1%-иар тус тус буурчээ. Өдөрт дунджаар зэсийн баяжмал тээвэрлэсэн 200 орчим машин боомтын хоёр гарцаар нэвтэрч байгаа бол нүүрс тээврийн 1200 машин дөрвөн гарцаар нэвтэрч, мөн 4 гарцаар орж байна. Гашуунсухайт боомтын нийт бүрдүүлэлтийн 6%-ийг импорт, 94%-ийг экспортын буюу уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй. Эхний улиралд хийгдсэн экспортын 2.8 сая тонн нүүрснээс 4.1 тэрбум төгрөг, 170.5 мянган тонн зэсийн баяжмалаас 255.8 сая төгрөг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ. 
 
Сангийн яамны дэргэд “Хөгжлийн хөтөч Дэд бүтэц” хөтөлбөрт багтаж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 148 сая юанийн хөрөнгөөр хэрэгжих Гашуунсухайт боомтын Хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна. Уг төлөвлөгөө хэрэгжсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал одоогийнхоос 1.5 дахин нэмэгдэх боломж бүрдэх аж. Боомтын өнөөгийн байдлаар өдөрт 1500-2000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломж бий. БНХАУ-аас хөндлөнгийн судалгааны баг Гашуунсухайт хилийн боомтын Хөгжлийн төлөвлөгөөтэй танилцсан бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр тус боомтыг хөгжүүлэхэд зориулах зээлийн гэрээг үзэглэсэн байна. Одоо тендерийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Э.Од
 

       

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар