|

Украйн улс ОҮИТБС-д нэгдэхээсээ өмнө бенефициар эздийг ил тод болгожээ

2018 оны 4 сарын 13
ОҮИТБС-д 2012 онд Украйн улс нэгдэж байсан юм. 2014 болон 2015-2016 оны хоёр удаагийн тайлан гаргасан бөгөөд дөрөвдүгээр сард гурав дахь тайлангаа олон нийтэд танилцуулах гэж байна. Өмнөх туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь зүйтэй гэж тус улсын ОҮИТБС-ын Олон талт баг үзжээ. Энэ үүднээс 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнах аж. ОҮИТБС-ын хэрэгжилтийг Украйны Эрчим хүч, нүүрсний үйлдвэрлэлийн яам хариуцдаг бөгөөд тус яамны дэд сайд Олон талт багийг тэргүүлдэг. Олон талт баг нь төр, иргэний нийгэм, компанийн төлөөлөл тус бүр 8 гишүүний нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй. Иргэний нийгмийн хүчтэй, идэвхтэй оролцоо нь Украйны ОҮИТБС-ын амжилттай хэрэгжиж буй давуу тал болдог байна.

Өнөөдөр тус улсад ОҮИТБС-ын тайланд тусгагдах компаниудын мэдээллийг ихэнхдээ цаасан хэлбэрээр, тун цөөн тохиолдолд DOC файлаар авдаг учир боловсруулахад маш их цаг хугацаа алддаг. Тиймээс ОҮИТБС-ын нэгдсэн тайланг цахим систем рүү шилжүүлэх шаардлага тулгарч Монголын туршлагатай танилцахаар Украйны мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа юм. Мөн орон нутагт ОҮИТБС-ын Дэд зөвлөлийг байгуулсан манай улсын туршлагыг ч өөрийн оронд нэвтрүүлэх боломжийг тэд анзаарсан байна.

Монголд олборлох салбар дахь бенефициар буюу жинхэнэ ашиг хүртэгч эздийг ил тод болгох үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа энэ үед Украйны туршлагаас ч суралцах зүйл манайд цөөнгүй. Украйн улсад 2014 оны “улбар шар” хувьсгалын дараа иргэний нийгмийн зүгээс бенефициар эздийг ил тод болгох асуудлыг хуульчлах санал санаачилгыг анх гаргажээ. Төр солигдож ард түмний сонголтоор шинэ парламент тодрох эгзэгтэй тэр хэсэгхэн хугацааг ”ашиглан” иргэний нийгмийн нөлөөллөөр бенефициар эздийн мэдээллийг ил тод болгох эрх үүргийн тухай багц хуулийг батлуулж чадсан байна. Энэхүү хуулийн дагуу 2015 онд Украйн нь бенефициар эздийн мэдээллийн нэгдсэн төрийн санг байгуулсан дэлхийн анхны улс болжээ. Уг санд зөвхөн олборлох салбар гэлтгүй тус улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй бүх иргэд мэдээллээ оруулах үүрэгтэй. Гэхдээ санд мэдээллээ оруулаагүй томоохон бизнесмэнүүд бас бий. Мэдээллээ оруулаагүй иргэдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 325 ам.доллар төдийлөн хөшүүрэг болж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр, мэдээллийг хянаж, торгуулийн ногдуулах үүрэг бүхий субъект тодорхойгүй, төрөөс томилоогүй учир хуулийн хэрэгжилт төдийлөн хангагддагүй гэх. Хамгийн гол бэрхшээлтэй асуудал бол санд орсон мэдээллийн баталгаажуулах механизм байхгүйд аж. Ганц Украйн гэлтгүй энэ асуудал дэлхийн бүх улс орнуудад тулгарч буйг 2017 онд Индонезид зохион байгуулагдсан Бенефициар эздийн эрх үүргийн талаарх олон улсын чуулган дээр хөндөгдөж байв. Өнөөгийн байдлаар Украйн улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тухайн компанийн 25-аас дээш хувь эзэмшигчийг бенефициар эзэнд тооцдог.

2014 онд Украйн улсад төрийн эргэлт гарсан үйл явдлаас хойш төрийн албан хаагчдын хөрөнгө орлогод хяналт тогтоох зорилгоор цахим системийн тайланг идэвхтэй хөгжүүлж байна. Олон нийтэд нээлттэй энэхүү цахим систем нь тус улсын төрийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа бүх албан хаагчдын мэдээллийн хамгийн том сан болж өргөжжээ. Сангийн мэдээллээр Украйны Ерөнхийлөгч Пётр Порошенко нь дэлхийн 12 улсад бүртгэлтэй 103 компанийн бенефициар эзэн болоод түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшилтэй компани, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байх жишээтэй.           
Одоо тус улсад “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. Уг хуулийг төсөлд олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ямар мэдээллийг ил тод болгох, хэр хугацаанд багтааж мэдээллээ тайлагнах, тайлагнаагүй тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг маш өндөр тогтоох тодорхой зүйл заалтуудыг тусгажээ. Мөн компанийн 10%-аас дээш эзэмшигчийг бенефициар эзэнд тооцох, мэдээллээ тайлагнаагүй тохиолдолд торгууль ногдуулахаас гадна төрийн санхүүжилттэй, дэмжлэгтэй төсөл, худалдаа арилжаанд оролцох эрхийг хязгаарлах, мэдээллээ тайлагнах хүртэл банкны дансыг түгжих зэрэг шинэ журмууд хэрэгжих юм. 

Ирэх зургаадугаар сард Украйн нь олборлогч компанийн бенефициар эздийг ил тод болгох ОҮИТБС-ын стандартын үнэлгээг хийлгэх гэж буй анхны улс болно. 

ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр юуны түрүүнд Украйн улсын олон улс дахь нэр хүнд өсч, олборлох компаниудын чадавх, бизнес явуулах хууль эрх зүйн орчин, ашигт малтмалын нөөц баялгийг боломжийг хөрөнгө оруулагчдад таниулах давуу талтай. Нөгөөтэйгүүр, ард иргэд олборлох салбарын ашиг орлогоос хүртэх, уул уурхайн салбар дахь төрийн бодлого болоод оролцоонд нээлттэй хяналт тавих, компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах эрх хангагдах учиртай гэж тус улсын мэргэжилтнүүд харж байна.

Э.Од 

    
 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар