Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Г.Нандинжаргал: УУХҮЯ-наас 4 том төсөлд ач холбогдол өгч, бүтээн байгуулалтыг идэвхжүүлнэ

“Хүчээ нэгтгэе” уриан дор Монголын эдийн засгийн чуулганы 9 дэх удаагийн арга хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд нээгдсэн билээ. “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаан яг одоо болж байна. Энэхүү салбар хуралдааныг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал илтгэл тавьсан юм. УУХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа болоод хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулсныг тоймлон хүргэж байна. 

“Уул уурхайн салбар нь Монгол улсын ДНБ-ний 22%, гадаадын хөрөнгө оруулалтын 64%, аж үйлдвэрийн салбарын 74%, экспортын 90%-ийг дангаар бүрдүүлж байна. Эрдэс баялгийн салбарт Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг үндсэн гол хуулиуд үйлчилж байгаа юм. Салбарын гол үйл ажиллагаа зохицуулагддаг Ашигт малтмалын тухай хуульд цөөнгүй өөрчлөлтүүд хийгдэж ирсэн.  Хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард дахин нэмэлт өөрчлөлтөөр хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох заалт тусгагдлаа. Цаашид Монгол улсын нутаг дэвсгэрийн 5.5%-д шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой. УУХҮЯ-аас геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх тэргүүн зорилт тавин ажиллаж байна. Геологи хайгуулын салбарт улсын төсвөөс 13.3 тэрбум төгрөгийг 29 төслөөр хэрэгжүүлэхээр бэлтгэсэн бөгөөд энэ онд 7 шинэ төслийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн, УУХҮЯ-наас 4 том төсөлд ач холбогдол өгч, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхээр ажиллана. Энэ нь Зэс хайлуулах, Газрын тос боловсруулах, Нүүрс, кокс химийн болон Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслүүд юм. Уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд говийн бүсийг усаар хангах “Хэрлэн-говь” хөтөлбөрийг эхлүүлэх шаардлагатай гэж яамны зүгээс үзэж байгаа.

Одоогоор Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл идэвхтэй хэрэгжиж байна. Монгол улс газрын тосны хувьд 332.6 сая тонн баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая тонн юм. Шинээр Хөх нуур, Галба гэсэн хоёр талбайд нөөц илрэх чиг хандлагатай байгаа. 2017 онд 7.6 сая баррель газрын тос олборлож, улсын төсөвт 198.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2018 онд 223 тэрбум төгрөгийг газрын тосны салбараас улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй гэж танилцуулав. 

Тэмдэглэсэн Э.Од