Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад урин хавар ирж байна

“Монгол улсын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, салбарын хөгжлийн бодлого, зорилтыг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байгааг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тодотгож байлаа.  

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай боломж нөхцлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшил хамтарч ажиллах чиглэлээр Засгийн газрын зүгээс олон чухал ажлыг өрнүүлж буйгаа дуулгасан юм. Тэрээр хөрөнгө оруулагчдад урин хавар ирж байна гэлээ.  
Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа  уул уурхайн салбарын сүүлийн үеийн мэдээллүүдийг өгсөн юм. 

Геологийн судалгааны бүх шатны ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр явуулж байгаа бөгөөд 1:200.000-ны масштабтай зураглалыг нийт нутаг дэвсгэрт 100%-ийн гүйцэтгэлтэй хийсэн бөгөөд 1:50.000-ны зураглалыг одоогоор 37,4%-тайгаар явуулаад байгаа юм. Монгол улсын Тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал-2030 зорилтын хүрээнд  геологийн зураглал, судалгааны ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, 1:50.000-ны зураглалыг нийт нутаг дэвсгэрийн  45%-д  хүргэхээр  зорьж буйг тэрээр илтгэлдээ дурдлаа. 

2017 онд Монгол улс  зэсийн баяжмал 1,3 сая тонн, төмрийн хүдрийн баяжмал 3,6 сая тонн, алт 20 тонн, цайрын баяжмал 82,7 мянган тонн, жоншны флотацийн баяжмал 55,2 мянган тонн, металлургийн жонш 108, 9 мянган тонныг   үйлдвэрлэжээ.  2020 он гэхэд 1,9 сая тонн, алт олборлолтыг 25 тонн, төмрийн хүдрийн баяжмалыг 10 сая тоннд хүргэх зэргээр зорилт тавин ажиллаж байгааг Б.Элбэгзаяа илтгэлдээ дурдаж байв.

Сангийн яамны зүгээс Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэлээ. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг хуулийн шинэчлэлийг боловсруулж эхэлсэн бөгөөд хамгийн чухал нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжихэд хуулийн зорилго оршиж байгааг тодотголоо. 2006 онд Татварын багц хууль иж бүрэн шинэчлэгдэж байсан ч хуулийг хэрэгжүүлэх явцад ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг өөрчилж, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг суулгаж, татварын ил тод байдал,  татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллахад чиглэж буй аж.     

Татварын багц хуулийн үндсэн суурь нь татвараа цаг тухайд нь тайлагнадаг болох. Уг хуулийн хэлэлцүүлгийн улс орон даяар зохион байгуулсан бөгөөд яамдуудаас авсан саналуудаа нэгтгэн, удахгүй болох Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар хуулийн төслөө танилцуулах аж. УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэх чиглэлтэй байгааг Сангийн яамныхан хэлж байсан юм. Ингэснээр хуулийн төсөл 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бололтой.

Уул уурхайн хүнд үйлдвэр болон дагалдах дэд бүтцийн салбарт нийт 30 тэрбум ам.доллар бүхий төсөл хэрэгжих гэж байгааг салбарынхан чуулганаар онцолж байсан.  Ийм нөхцөлд Баялгийн хөгжлийн санг байгуулах талаар эрчимтэй яригдаж байгаа ч энэ бол хуучин сэдэв биш. Гэхдээ Баялгийн хөгжлийн санд стратегийн ач холбогдолтой ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компаниудын хувьцаа, үнэт цаасыг  төвлөрүүлэх боломжтой гэдгийг УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс хэлж байна.    

Түүнчлэн чуулганаар  хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн зураглалыг  УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж, Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаар Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр нар тус тус танилцууллаа.

Нэн тэргүүнд хөрөнгө оруулалт шаардлагатай томоохон төслүүдээс Нүүрснээс нийлэг, байгалийн хий үйлдвэрлэх төсөл, Дархан Сэлэнгийн  бүсэд Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төсөл, Зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах төслүүдийн судалгаа, холбогдох шатны ажлууд урагштай яваа аж.     

Мөн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын зөвлөх Т.Цогтбаяр Баялгийн хөгжлийн сан,  “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн  Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй, “Эрдэнэс Монгол”  ХХК-ийн ирээдүйн хөгжил ба их бүтээн байгуулалтын талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар тус тус мэдээлэл өгсөн юм. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд  хөрөнгө оруулалт, гадаад дотоодын хөрөнгийн биржид үнэт цаас гаргах нь сэдвээр илтгэлээ. Үдээс хойшхи хуралдаан “Шангри Ла” цогцолборт үргэлжилсэн. 

Тус хурлаар  бөгөөд уул уурхай дахь Төрийн өмчит компанийн оролцоо, тэдгээрийн засаглал, Тавантолгой цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Оюутолгой-Хатанбулаг-Ханги чиглэлийн автозам,   Хэрлэн говь төсөл буюу усан хангамж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төсөл, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэр барих төсөл зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм.

Г.Идэр