Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ERI: Уул уурхайн хөгжлийн стратегитэй болох шаардлагатай

“Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” хурал өнөөдөр болж байна. Хурлаар уул уурхайн асуудалд төвлөрч хэлэлцэхээс гадна экспортын төрөлжилт, төсвийн бодлого, мега төсөл, орон сууцны зээл, шатахууны үнэ, инфляц, бэлчээр зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж байгаа юм.

Уул уурхайн салбарын хувьд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) нь салбарын яам, компаниудтай хамтрах, ярилцах байдлаар хэд хэдэн судалгаа хийснээ танилцуулж байна. ERI-ийн захирал Б.Түвшинтөгс Монгол улсад уул уурхайн салбарыг оновчтой хөгжүүлэх стратеги байхгүй байгааг онцоллоо. Иймд цаашид зах зээлд үнэ өсөх буурахад зориулж, хариу арга хэмжээ авах зохицуулалтыг хамарсан цогц стратеги боловсруулах шаардлагатай тэрбээр санууллаа. Хэдийгээр яг энэ чиглэлийн стратеги түгээмэл байдаггүй ч манайх шиг эрдэс баялгийн салбараас хэт хамааралтай улсын хувьд нэн шаардлагатай нь дамжиггүй юм. Уг стратегийг боловсруулахад нөхцөл байдлыг бодитоор үнэлсэн байх, урт хугацааны төлөвийг хамрах, асуудлыг бүрэн тусгасан байх, орон нутгийн иргэдийн оролцоог хангах зэрэг дөрвөн зүйлийг чухалчлан анхаарах ёстой ажээ. Түүнчлэн уг стратегид дотроо тухайн улсын эдийн засаг нэг салбараас буюу уул уурхайн салбараас хэт хамааралтай байх ёсгүй гэсэн үзэл баримтлалыг тусгасан байхыг чухалчилдаг байна.

Мөн одоогийн байдлаар Монгол улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчин тааруухан байгаа нь хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж чадахгүй байгаа ажээ. Энэ нь мэдээж уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд шууд хамаарна. Дэлхийн улс орнуудын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчныг судалж гаргадаг “Fraser Institute байгууллагын гаргасан тайланд 2012 онд Монгол улс 96 орноос 31-д жагсаж байсан бол 2016 онд уг үзүүлэлт эрс доошилж, 104 орноос 81 дүгээрт эрэмбэлэгджээ. Уул уурхайн хөрөнгө оруулалт ийнхүү доогуур байгаа нь авлига их байгаагийн зэрэгцээ эрх, зөвшөөрөл авах хугацаа удаашралтай байдаг нь үзүүлэлтийг доош чангаах гол хүчин зүйл болж байна.

Монгол улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш 2010 он хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум ам.доллараас бага хэмжээнд хадгалагдсан. Гэхдээ үүнээс хойш 2011-2014 онд хөрөнгө оруулалтын хэмжээ тун сайн үзүүлэлттэй гарсан байдаг. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалт өссөн нь өөрсдийн дотоодын хүчин чармайлтаас хамааралтай байсан гэхээсээ илүүтэй зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарч байсныг ERI-ийн судлаач Б.Мөнх-Ирээдүй тайлбарлалаа.

Тэрбээр мөн АНУ-ын төв банк 2016 оноос эхлэн бодлогын хүүгээ нэмж эхэлсэн бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудын гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг бууруулах талтай байгаа. Харин энэ үзэгдэл манай улсын хувьд ажиглагдаагүй явааг тэмдэглэлээ.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтын дотоодод шингээх хэмжээ нь 2015 оны байдлаар 70%-тай байгааг тооцоолж гаргасан байна. Үлдсэн 30% нь импортод зарцуулагддаг ажээ. Энэ нь 2010 оныхтой харьцуулахад хөрөнгө оруулалтын дотоодод шингэх хэмжээ даруй 11%-иар нэмэгдсэн дүн болж байна. Хөрөнгө оруулалтын импортод зарцуулагдах хэмжээ төдийлөн бага биш байгаа нь манай улс руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарынх байдагтай холбоотой.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн нь 2010 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд суурилсан бодлого, арга хэмжээг дэлгэрүүлэх санаачлагын хүрээнд уг арга хэмжээг хоёр дахь жилдээ Монголбанктай хамтран зохион байгуулж байна. Дэмжигч байгууллагаар Японы “Жайка” байгууллага ажиллаж буй юм. Энэ удаагийн хуралд 800 гаруй зочид төлөөлөгч оролцож буй нь өмнөх хурлынхаас цар хүрээгээр томорсон үзүүлэлт юм.

Монгол орны эдийн засгийн байдал сул хэвээрээ, ирээдүйн төлөвт болзошгүй хүндрэлүүд байсаар байгаагийн зэрэгцээ нэг салбараас хэт хамааралтай буй өнөө үед ийм чиглэлийн хурал зохион байгуулж буй нь ихээхэн ач холбогдолтой болохыг хуралд оролцогч талууд хүлээн зөвшөөрч байна. Хурлаар хэлэлцсэн санал зөвлөмжийг нэгтгэн ERI цаашдын судалгаануудаа улам чанаржуулах юм.

 


Б.Төгс