|

Хөрөнгө оруулагчийн шалгаруулалтаас Зэс боловсруулах үйлдвэрийн хувь заяа шалтгаална

2018 оны 3 сарын 12




The Mongolian Mining Journal /001.2018/

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар УУХҮЯ-ны дэргэдэх Төслийн нэгжийн менежер, техникийн ухааны доктор Х.Владимиртай MMJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.

Монгол улс зэсийн хүдрийн хэр хэмжээний нөөц баялагтай вэ, ер нь ямар нөөцөд үндэслэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах гээд байна вэ?
Манай улс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс өмнө нөөцөө урьдчилж тооцох ёстой. Эрдэнэтийн овооны зэсийн хүдрийн нөөцийг анх  7 сая тонн /цэ­вэр  зэсээр/ гэж тооцож байсан. Тэгвэл энэ ордоос өнгөрсөн 39 жилд дээрх хэмжээний зэсийг олборлосон төдийгүй дахиад 40 жил ашиглах 7 сая тонн зэсийн нөөцтэй нь тогтоогдоод байна. Цагаансуваргын орд 3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Оюутолгойн бүлэг ордод 45 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцийг эдийн засгийн үр ашигтай тодорхой зэрэглэлээр  баталгаажуулаад байгаа. Чили улс 150 сая тонн зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бол  Монгол улс 50 гаруй сая тонн зэсийн нөөцөөрөө хоёрдугаарт жагсдаг. Энэ утгаараа манай улс Азийн зах зээлд зэсийн экспортоороо тэргүүлж,  гол тоглогч болох таатай нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Бид эдгээр нөөц баялагтаа менежмент хийж, зах зээлийн нөхцөлд иж бүрэн, үр ашигтай ашиглах нь чухал юм. Зэсийн баяжмалаа экспортлоод байх нь ашигтай юу, эсвэл цэвэр аранжин улаан зэс, алт, мөнгөө зах зээлд цэврээр нь нийлүүлж, селен, теллур, газрын ховор элементээ ялгаж авдаг шинэ техник технологид суралцах нь хэрэгтэй юу гэдгээ бодох цаг болсон.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн үндсэн нийлүүлэгч нь “Оюутолгой”. Үүнтэй уялдуулан бүтээгдэхүүнийг гарц, овор хэмжээ, нийлүүлэлтийн талаар судалгаа хийгдсэн үү?

Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орсноор 2022-2025 онд энэ уурхайгаас жилд 1,8-2 сая тонн зэсийн баяжмал гаргах төлөвлөгөөтэй байна. Далд уурхайгаар эхний ээлжинд Хюго Дамметийн хойд хэсгийн зэсийн хамгийн баян агуулгатай хүдрийг 2025-2059 онд олборлож баяжуулахаар хөрөнгө оруулагчид төлөвлөсөн. Эдгээр баяжмалд  урьдчилсан тооцоогоор 550 мянган тонн зэс, 12 тонн алт, 120 тонн мөнгө агуулагддаг гэсэн үг. Тиймээс бид энэ их нөөц баялгийн 50%-ийг жилд 1 сая тонн зэсийн баяжмал болгож боловсруулахад  257 мянган тонн катодын зэс, 5.7 тонн цэвэр алт, 57 тонн цалин цагаан мөнгө, 988 мянган тонн хүхрийн хүчил, эсвэл 330 мянган тонн элементийн хүхэр цэврээр гарган авч экспортлох боломжтой юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 560 мянган тонн зэсийн баяжмалыг боловсруулахад 120 мянган тонн катодын зэс, 39 тонн мөнгө, 520 мянган тонн хүхрийн хүчил, эсвэл бүр 180 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж экспортлох боломжтой гэж тооцож байсан. Тэгвэл Эрдэнэтийн зэсийн баяжмалтай  харьцуулахад Оюутолгойн зэсийн баяжмал алт, мөнгөөр баян, бусад төрлийн ховор  элементүүдийг агуулж буйгаараа  зах зээлд илүү үнэ цэнтэй.


2018 он Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн оргил үе байх болно

УУХҮЯ-ны мэдээлснээр зэс үйлдвэр­лэгч гадаадын 10 гаруй томоохон компани Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд оролцохоо мэдэгдсэн гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

2010 онд УИХ-аас 21 дүгээр тогтоол гарч Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн байршил, хүчин чадал, технологийн сонголтыг тодорхойлох чиглэл өгсөн. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2014 онд “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмалаа  пирометалургийн технологиор  боловсруулах ТЭЗҮ-ийг Хятадын өнгөт төмөрлөгийн судалгаа шинжилгээ, зураг төсөл боловсруулах ENFI компаниар гүйцэтгүүлсэн юм. Уг төслийг тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны Техник технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын түвшинд анх удаа 2015 онд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Хэнтийн Бор-Өндөрт байгуулах шийдвэр гарсан нь энэ. 2016 оны есдүгээр сард дараагийн Засгийн газар уг шийдвэрийг өөрчилж, үйлдвэр байгуулах газар, байршлыг Өмнөговь аймгийн Ханбогд сум руу шилжүүлсэн. Энэ нь ерөөсөө Оюутолгой уурхайн ирээдүйн зэс, алтны баяжмалыг боловсруулах зорилготой.

Тиймдээ ч УУХҮЯ-ны дэргэд төслийн нэгж байгуулан Ханбогд суманд байгуулагдах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэл буюу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулж байна.

Дэлхийд 500 мянгаас 1 сая тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай 30 гаруй томоохон компани бий. Ихэнх нь Хятад, Япон, Солонгос, Чили улсынх. Манай төслийн нэгжийн зүгээс эдгээр компанид Зэсийн баяжмал боловсруулах   үйлдвэрийн төслөө  танилцуулж, Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл хүргүүлсэн юм. Тэднээс арав гаруй компани, санхүүгийн байгууллага төслийн нэгжид албан хүсэлтээ ирүүлсэн. Төслийн нэгжийн зүгээс тэдэнтэй уулзалт ярилцлага зохион байгуулж буй ч хөрөнгө оруулагчийг эцсийн байдлаар сонгон шалгаруулаагүй байгаа.  

Хөрөнгө оруулахаар сонирхогчид ямар нөхцөл шаардлага тавьж байна вэ?
Хөрөнгө оруулагчид төслийн нэгжид гурван төрлийн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт,  дэд бүтцийг шийдвэрлэсэн байх. Үүнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах газрын байршил, төмөр зам, эрчим хүчний асуудал багтаж байгаа. Хоёрдугаарт, усан хангамжийг найдвартай шийдвэрлэх. Гуравдугаарт, үйлдвэр байгуулагдсан нөхцөлд зэсийн баяжмалаар найдвартай хангана гэсэн баталгааг Монгол улсын Засгийн газраас гаргах.  Энэ гурвыг шийдсэн нөхцөлд хөрөнгө оруулалтын асуудлаар яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн санал хөрөнгө оруулагчдаас гарсан.

Энэ гурван шаардлага биелэх боломж хэр вэ?
Төслийн нэгжийн зүгээс БОАЖЯ-тай хамтран говийн бүсэд хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдийн усан хангамжийн асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байна.

Хур бороо, цас мөс, үерийн усыг ашиглахын  тулд  Хэрлэн голд урсацын тохируулга хийж, гадаргын усаар хангах нарийвчилсан тооцоо судалгаа явуулах, ТЭЗҮ боловсруулах, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр эхнээсээ хэрэгжиж байгаа.
Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тавих шалгуур үзүүлэлтүүд болон  хөрөнгө оруулагчдад үзүүлэх хууль эрх зүйн дэмжлэг зэргийг багтаасан Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах журмыг боловсруулсан. Одоо эрх бүхий байгууллагаар батлуулах шатандаа явж байна.
Эдгээр бичиг баримтыг санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдад хүргүүлэн, дахин санал авч, шалгаруулалт явуулах юм.

ХБНГУ-ын хоёр ч компани, мөн БНХАУ-ын компаниуд үйлдвэрийн зураг төслийн ажилд оролцохоо илэрхийлж байсан. Энэ талаар?
Германы инженеринг компаниуд Казахстанд бага хэмжээний хүчин чадалтай  зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, зохиогчийн хяналт хийсэн. Нарийвчилсан санхүү, эдийн засгийн үнэлгээ хийхэд хөрөнгө хэрэгтэй. Энэ зардал хамгийн багадаа 1.5-2 сая ам.доллар болдог. Гэтэл манай төслийн нэгж байтугай улсын төсөвт ч ийм мөнгө алга. 

Хэдий тийм ч 500 мянгаас 1 сая тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахад энэ ТЭЗҮ-д тооцсон санхүү, эдийн засаг, техникийн тоон үзүүлэлтүүд хангалттай гэж Төслийн нэгж үзэж байгаа. Төслийн зураг төслийн ажилд оролцох сонирхолтой Хятадын компаниудын хувьд улсынх нь ч бий, хувийнх ч бий. Гэхдээ тэд Монгол улсын Засгийн газар болон Хятадын Засгийн газрын хооронд байгуулах албан ёсны шийдвэрийг хүлээж байна.

Ямар  шийдвэр билээ?
Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд Бээжин хотноо болсон. Энэ хуралдаанаар жилдээ 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадал бүхий зэс хайлуулах үйлдвэр барих, гаргасан бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд борлуулах, хөрөнгө оруулалтыг зээл тусламжид хамруулах, “Хэрлэн гол” төсөл хэрэгжүүлэх болон бусад асуудлын хүрээнд хоёр орны холбогдох яам, аж ахуйн нэгжийн төлөөллүүд байр сууриа илэрхийлж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Гэтэл манайд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөн, Засгийн газар солигдсоноос болж, өнөөдрийг хүртэл дээр дурдагдсан асуудлаар хоёр улсын холбогдох дээд байгууллагын түвшинд дахиж яригдалгүй зогсонги байдалтай байна.
Монголд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамтран ажиллана гэсэн Засгийн газар хоорондын албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд өөрсдөө хөрөнгөө олж, үйлдвэр барьж өгнө  гэсэн асуудлыг Хятадын хөрөнгө оруулагчид тавьж байгаа. Тодруулбал  хоёр улсын Засгийн газрын ямар нэгэн хамтын шийдвэргүйгээр танай төсөлд оролцох боломжгүй гэдгээ   яриа хэлэлцээрийн явцад илэрхийлсэн.

Түрүүн Та хөрөнгө оруулагчдын тавьж байгаа нэг шаардлага нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барих газрын байршил гэж хэллээ. Үүнийгээ тодруулаач?
Төслийн нэгжийн зүгээс Өмнөговь аймгийн ЗДТГ болон Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүст төслөө танилцуулж, үйлдвэр байгуулах боломжит байршлын талаар санал солилцсон. Газрын зөвшөөрөл хүссэн албан тоотыг Ханбогд сумын удирдлагад   хүргүүлсэн байгаа.

Үйлдвэрийн байршлыг сонгоход хамгийн чухал нь Оюутолгой уурхайн баяжмалыг төмөр замаар Зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэр рүү тээвэрлэх асуудал. Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс  салаа төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төв магистраль төмөр замтай ямар зөрлөгт холбохыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Энэ чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулан “Оюутолгой” компанийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж байгаа. Уурхайгаас салаалах төмөр замын асуудлаар “Оюутолгой” компани урьдчилсан судалгаа хийж байна. Ерөнхийдөө уурхайн баруун талаар IV зөрлөг хүртэл 20-26 км салаа төмөр замаар холбох нь эдийн засгийн хувьд ашигтай, хамгийн дөт төмөр зам болно гэсэн тооцоо гарсан. Энэхүү IV  зөрлөг дээр Оюутолгойн салаа төмөр замын уулзварыг хийхэд боломжтой гэсэн дүгнэлтийг мөн ЗТХЯ-наас гаргасан.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын тавьж байгаа нэг шаардлага нь дэд бүтэц, түүн дотроо төмөр зам. Учир нь, энэ төмөр замаар үйлдвэр барих хугацаанд том оврын тоног төхөөрөмж, машин техник, барилгын суурь хавтан гээд овор хэмжээ ихтэй ачаа барааг тээвэрлэнэ. Мөн баяжмалаа үйлдвэр хүртэл тээвэрлээд, буцаад хүхрийн хүчил болон цэвэр зэсээ зах зээлд экспортлох, үйлдвэрт шаардлагатай түүхий эд материалыг зөөх гээд маш олон ажил үйлчилгээ ундарна.

Энэ бүгдийг автомашинаар тээвэрлэснээс төмөр замаар зөөх нь зардал багатай. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбогдсон Оюутолгой  уурхайн салаа төмөр зам маш чухлыг хөрөнгө оруулагчид хэлж байгаа юм.  Энэ ажил одоогоор  хоёр яамны хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд явж байна.

2018 онд Зэсийн баяжмал боловсруулах үйлд­вэрийн төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
2018 онд үйлдвэр барих газрын асуудал болон төмөр замын бүтээн байгуулалтыг шийднэ. Мөн усны асуудлаа БОАЖЯ-тай хамтран шийдвэрлэнэ.

Хамгийн чухал ажил бол хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах.  
Монгол улсын Засгийн газрын 88 дугаар тогтоолд зааснаар Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтын 10 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд ямар нэгэн баталгаа гаргахгүй. Харин хөрөнгө оруулагчид 90%-ийг эзэмшиж, төслийн хөрөнгө оруулалтыг 100% хариуцах юм.
Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахдаа  санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гадаадын зөвлөхийг урьдчилан сонгох юм. Ер нь 2018 оныг манай төслийн оргил үе гэж хэлж болно.  Ямар хөрөнгө оруулагч шалгаруулснаас төслийн хувь заяа ихээхэн шалтгаална.


Хятадын зүүн бүс нутагт  хүхрийн хүчил экспортлох боломжтой

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг хэрхэх вэ? Үндсэн зах зээл нь Хятад, Орос гэж байгаа ч энэ чиглэлээр худалдан авагчтайгаа тохирсон алхам хийх ёстой гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ талаар ямар бодлого, чиглэл барьж байгаа бол?
Манай төслийн хамгийн эмзэг асуудал яах аргагүй хүхрийн хүчлийн менежмент. 500 мянган тонн зэсийн баяжмал боловсруулахад 520 мянган тонн хүхрийн хүчил, 1 сая тонн зэсийн баяжмалаас 988 мянган тонн хүхрийн хүчил үйлдвэрлэх урьдчилсан тооцоо гарч байна. Хүхрийн хүчил, элементийн хүхрийн зах зээлийн асуудлаар манай төслийн нэгж  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийж байгаа.

Энэ их хэмжээний хүхрийн хүчлийг дотоодын зах зээлд шингээх ямар ч боломж  байхгүй. Түүнээс гадна манай улсын хүхрийн хүчлийн эрэлт 2020 он хүртэл маш бага байх төлөвтэй. Тэгээд ч хүхрийн тогтсон зах зээл, үйлдвэрлэл болон ямар нэгэн тогтвортой хэрэглээ бараг байхгүйтэй адил. Ерөөс дотоодод хүхрийн хүчлийн цорын ганц хэрэглэгч нь Эрдэнэтийн зэсийн уурхайн исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг хүхрийн хүчлээр уусган катодын зэс ялгаж байгаа “Эрдмин” болон “Ачит Ихт” компани. Эдгээр компанийн хүхрийн хүчлийн эрэлт 2005-2015 онд тогтмол 4000-5000 тонн байсан.

Тоон үзүүлэлтээр хэлэхэд, дэлхийн  хүхрийн хүчлийн эрэлт 2005-2015 онд дунджаар 2,9%-иар өсч, 2015 оны эцэст 261.9 сая тоннд хүрсэн байна. Үүнээс БНХАУ 37,3%, АНУ 13%, Морокко 5,8%, ОХУ болон Энэтхэг тус бүр 4.5%-ийг тус тус эзэлжээ. Эндээс харахад, хүхрийн нийт эрэлтийн 86%-ийг хүхрийн хүчил, 14%-ийг хүчлийн бус хэрэглээ эзэлж байна. Харин хүхрийн дундаж эрэлт 2,2% буюу 59 сая тонн, үүнээс 30%-ийг БНХАУ, 16%-ийг АНУ, 8%-ийг Морокко болон ОХУ, 5%-ийг Энэтхэг бүрдүүлж байна.

Ерөнхийдөө Хятадын хүхрийн эрэлт хурдацтай өсөх хандлагатай  бөгөөд дэлхийн хүхэр болон хүхрийн хүчлийн хамгийн том зах зээл хэвээр байгаа. Хүхрийн хүчлийн эрэлтийн өсөлт бордооны зах зээлийн удаашралаас шалтгаалж, 2015-2020 онд 1.1% хүртэл буурч хүхрийн эрэлтийн өсөлт дунд хугацаанд 2.6% байх хандлагатай байна. Мөн фосфорын хүчлийн эрэлт сул байгаагаас хүхрийн хүчлийн хэрэглээний өсөлт 0.5% байх төлөвтэй. Үүний улмаас дэлхийн нийт эрэлтэд Хятадын эзлэх хувь 2020-2035 онд 35%-30% болтлоо буурах хандлагатайг мэргэжлийн байгууллагууд таамагласан байна.

2009 онд Хятадын хүхрийн импортын хэмжээ 12 сая тонн болж дээд цэгтээ хүрсэн ч  сүүлийн үед 10.5 сая тонн болж нэлээд тогтворжоод байгаа. Хойд Америкаас импортлох нь зардал өндөртэй тул сүүлийн жилүүдэд хүхрийн шинэ  төсөл хэрэгжүүлснээр Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын Хятадад нийлүүлэх экспорт нэмэгдсэн гэж болно.
2004 онд Хятадын импортын 58% нь Хойд Америк, 19% нь Ойрхи Дорнод байсан бол 2010 он гэхэд тус бүрийн эзлэх хувь 18%, 43% болон өөрчлөгдөж,  Хятадын хамгийн том хүхэр нийлүүлэгч нь Ойрхи Дорнод  болж хувирсан.
Өдгөө Хятадын хүхрийн жилийн импортын хэрэгцээ 11.2 сая тонн.

Нөгөөтэйгүүр, тус улсын шингэн хүхрийн хүчлийн жилийн хэрэглээ 100 сая тонн байгаагаас 51%-ийг нь хуурай хүхрийг шатаах, 34%-ийг нь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс, 15%-ийг пиритийн баяжмал шатаах байдлаар үйлдвэрлэж байна.

 Сүүлийн үед хуурай хүхэр шатааж үйлдвэрлэх технологи Хятад улсад давамгайлж байгаа. Тэгэхээр  Монгол улс  элементийн хүхэр үйлдвэрлэн  Хятадын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой.

Элементийн хүхэр үйлдвэрлэх талаар судалгаа хийсэн үү?
Элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн судалгааг манай төслийн нэгж “Эрдэнэт үйлдвэр”-ийн судалгааны багтай хамтран хийж байгаа. Шингэн хүхрийн хүчлийг тээвэрлэхэд ложистикийн асуудал чухал. Хойд зүгт “Эрдэнэт үйлдвэр”, өмнөд зүгт “Оюутолгой“ орчмоос Хятадын боломжит зах зээлд хүргэх тээврийн тооцоог хийж үзсэн. Энэ тооцоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нарийн царигтай төмөр зам барьснаар хүхрийн хүчил болон хүхрийг Хятадын зах зээлд экспортлох боломж бүрдэх юм.

Хятадын зүүн бүс нутгийг манай Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хүхрийн хүчлийг экспортлоход илүү боломжтой зах зээл гэж үзэж байгаа. Хятадын зүүн хойд болон зүүн бүс нутгийн хувьд Монгол улсаас хүчил экспортлох боломжтой зай нь Замын-Үүд болон Гашуунсухайт  боомтоос 1000-1700 км,  Өмнөд бүсийн тээвэрлэлтийн зай  ДАФ нөхцөлөөр Хойд бүсээс 10 дахин бага байгаатай холбогдон хүхрийн хүчил, катодын зэсийн тээврийн зардал 10  дахин хямд гарч байна. Үүнтэй холбоотойгоор хүхрийн хүчил, катодын зэсийн тээврийн зардал ч мөн 10  дахин хямд гэсэн тооцоо гарч байгаа.

Мэдээж хэрэг, Гашуунсухайт  боомтоор хүхрийн хүчлийг төмөр замаар  тээвэрлэх нь ашигтай. Авто тээвэрлэлтийн хувьд үйл ажиллагааны зардал болон тариф өндөр, цаг агаар, замын нөхцөл хүндрэлтэй, зам тээврийн осолд өртөх эрсдэл ихтэй.  

“Арева Монгол” компани Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс жилд 200 мянган тонн хүхрийн хүчил худалдан авах талаар яригддаг. “Арева”-тай хүхрийн хүчил худалдан авах тохиролцоонд хүрсэн юм уу?
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дулаан Уул, Зөөвч-Овоогийн ураны ордуудыг газрын дор уусган олборлох  аргаар ашиглах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д тусгаснаар бол төсөлд шаардлагатай хүхрийн хүчлийн хэрэглээ жилд 207 мянган тонн байна. Гэхдээ энэ нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийн хэмжээтэй харьцуулахад хангалтгүй. Бид хүхрийн хүчил худалдан борлуулах асуудлаар “Арева” компанид албан тоот явуулсан. Тус компанийн зүгээс бидэнд хүхрийн хүчлийн хэрэглээний тоон үзүүлэлтээ өгсөн ч гол нь ураны төсөл  хэзээ хэрэгжих нь тодорхой бус байна шүү дээ.  

Цэвэр зэс үйлдвэрлээд экспортлох юм бол Хятад, Орост өндөр татвар төлөх тул эргээд ашиггүй үйлдвэрлэл болох вий гэх болгоомжлолыг зарим мэргэжилтэн сануулдаг?
Хятад болон Орос улс бол хөгжиж байгаа аж үйлдвэржсэн орон. Энэ утгаараа аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулдаг. Зэсийн баяжмалыг түүхий эд гэдэг талаасаа бага татвартайгаар импортолж,   өөрсдөө нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашиг сонирхолтой нь нууц биш.

Цэвэр зэсийн тухайд үнэ цэнтэй бүтээгдэхүүн учраас зорилтот зах зээлд, тухайлбал  түүхий эдийн бирж дээр зах зээлийн өрсөлдөхүйц үнээр борлуулах боломжтой байдаг. Шанхайн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж цэвэр зэсийг борлуулах гол түүхий эдийн бирж болоод байна. Энэ нь манай улсын хувьд зах зээл ойртож байгаа нэг давуу тал юм. Нөгөө талаас дэлхийн зэсийн хэрэглээний 74%-ийг Азийн орнууд эзэлж байгаа. Үүнээс Хятад, Өмнөд Солонгос, Япон улс нийт хэрэглээний 67%-ийг эзэлдэг. Энэ бүхэн  манай улс зах зээлийн маш таатай нөхцөлд   байгааг илтгэдэг.

2015 онд дэлхийн цэвэршүүлсэн зэсийн эрэлт 21.7 сая тонн хүрсэн. Үүний 46%-ийг Хятад улс эзэлснээр дэлхийн хамгийн том хэрэглэгч болсон. 2020 он гэхэд Хятадын цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 10.8 сая тонн, дэлхийн хэрэглээ 23.7 сая тоннд хүрэх төлөвтэй. Урт хугацааны таамаглалаар дэлхийн эрэлт 2035 онд 30.0 сая тонн хүрнэ. Хятадын зэсийн хэрэглээ 2023 онд оргил цэгтээ буюу 11.0 сая тоннд хүрнэ гэж судлаачид үзэж байна.

ОХУ-д цэвэршүүлсэн зэс экспортлох боломжтой юу?
ОХУ-д цэвэршүүлсэн зэсийн эрэлт 2005 онд 572 мянган тоннд хүрсэн нь дэлхийн зах зээлийн 3 орчим хувьтай тэнцэж байсан бол 2015 онд эрэлт нь 172 мянган тоннд хүрч буурсан үзүүлэлттэй байна. ОХУ өөрөө катодын зэс экспортлогч учраас Монгол улсын зэс хайлуулах үйлдвэрийн хувьд зорилтот зах зээлийг төлөөлөхгүй. Манай улсын Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах цэвэршүүлсэн катодын зэсийн гол зах зээл нь Хятад болон Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг юм. Япон улстай манай улс Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан боломжоо   ашиглах ёстой. Энэ бол алтан боломж.

Өмнийн говийн бүсэд 2018 оноос усны нөөц хүрэлцэхгүй  байх төлөвтэй

Хөрөнгө оруулагчид үйлдвэрийн усан хангамжийг найдвартай шийдвэр­лэхийг шаардсан гэж Та дээр дурдсан. Ямар гарц шийдлүүд байна вэ?

Өмнийн говийн бүсэд төлөвлөсөн аж үйлдвэрийг усаар хангахын тулд Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Орхон-Говь”, “Хэрлэн-Говь” усны хоолойн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Дэлхийн банктай хамтран явуулсан өмнийн бүсийн усан хангамж, хэрэглээний судалгаагаар ойрын 10 жилд усны хэрэглээний хомсдол өмнийн бүсэд үүсэх магадлалтай гэсэн дүгнэлт хийсэн.

Ерөөс өмнөд говийн бүсийн хот суурин, уул уурхайн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн парк, эдийн засгийн чөлөөт бүс, хөдөө аж ахуй, байгаль орчны өсөн нэмэгдэх усны  хэрэглээг хангахад бүс нутаг дахь усны нөөц 2018 оноос  хүрэлцэхгүй байх төлөвтэй байгаа. Тодруулж хэлбэл 2030 оны түвшинд 183 087 м3хон буюу 2120 л/сек хэмжээний ус дутагдахаар байгаа. Иймд өмнийн говьд хэрэгжүүлж байгаа уул уурхайн үйлдвэрт газрын гүний усыг дангаар ашиглахгүй байх, аль болох гадаргын ус ашиглахыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх зөвлөмжийг Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэгчид гаргасан.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн усны хэрэглээ нь Оюутолгойн баяжуулах үйлдвэртэй харьцуулахад 10 дахин бага. Тиймээс уг үйлдвэрийг Оюутолгой  уурхайн ашиглаж байгаа Гүний хоолойн усны нөөцөөс хангах бүрэн боломжтой. Цаашид  Оюутолгойн далд уурхай ашиглалтад орох үед баяжуулах үйлдвэрийн хоногт боловсруулах хүдрийн хэмжээ 120000-150000 тнхон хүртэл нэмэгдэх бөгөөд усны хэрэглээ 900-1100лсек хүрч, одоогийн тогтоосон 870 лсек усны нөөц хүрэлцэхгүй байх төлөвтэй.

Манай төслийн нэгж БОАЖЯ-тай хамтран “Говийн бүсийн усан хангамжийн асуудал“ сэдвээр эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагынхныг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Засгийн газарт танилцуулснаар өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаас  “Хэрлэн голд урсацын тохируулга хийх” судалгаа хийж, ТЭЗҮ, БОНБҮ хийх шийдвэр гаргаад байгаа.

Хэрлэн голд урсацын тохируулга хийнэ гэхээр улстөрчид болон байгаль орчныг хамгаалагчид эмзэглэдэг.
Улстөрчдийн дунд нэг буруу ойлголт яваад байдаг. Урсацын тохируулгыг огт ойлгодоггүй.

 Хэрлэн голын усыг  хааж боогоод, урсгалыг сааруулах нь гэж  ойлгодог. Үнэндээ энэ нь тийм биш. Монгол оронд жилийн дөрвөн улиралд орж байгаа хур тунадас, цас мөсний ус хавар хайлахаар үер болон урсаж гадагшаа гараад алга болдог. Монгол орны газар нутагт орсон энэ их хур бороо, цас, мөсний ус бол бидний баялаг. Энэ баялгаа  бүрэн ашиглах нь бидний эрх. Гадагшаа урсаад байгаа  үерийн усны 2 %-ийг далан барьж хуримтлуулаад, говь руу хоолойгоор хүргэж ашиглая гэсэн санаа. Түүнээс биш Хэрлэн голын усыг хааж боох асуудал биш.

Хэрлэн голын ус   урсдагаараа  урсана. Улстөрчид ард түмэнд таалагдан, нэр хүнд олж авах зорилгоор энэ санааг мушгин гуйвуулж, олны  санаа бодлыг буруу тийш эргүүлэн улсын хөгжилд саад болж байна.  
Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрүүдийг усны хэрэглээгээр найдвартай хангахын тулд Орхон гол, Хэрлэн голын гадаргын усанд тохиргоо хийж, усны хоолойгоор өмнийн говь руу дамжуулах гадаргын усан хангамжийн систем бий болгох төслийг Засгийн газар нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр БОАЖЯ болон УУХҮЯ, манай төслийн нэгжийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт ямар технологи сонгох вэ? Хятадын SKS технологийг сонгож байгаа гэсэн яриа бий. Энэ нь ямар технологи вэ?
Дэлхийд зэсийн баяжмалыг пирометалург болон гидрометалургийн аргаар боловс­руулж байна. Пирометалургаар нийт цэвэршүүлсэн зэсийн 80%-ийг, үлдсэн хэсгийг гидрометалургийн аргаар цэвэршүүлж байна. Технологийн сонголт хүдрийн эрдсийн шинж чанараас хамаардаг. Гидрометалургийн аргаар зэсийн баяжмал боловсруулах судалгааны хувьд “Эрдэнэт үйлдвэр” 2002 оноос эхлэн сүүлийн 10 жилд лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт хангалттай хийсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн бага агуулгатай хүдэр болон исэлдсэн хүдрээс гидрометалургийн аргаар зэс ялган авах “Эрдмин” болон “Ачит Ихт” хоёр үйлдвэр ажиллаж байна. Харин халькопиритийн зэсийн баяжмалаас гидрометалургийн аргаар зэс ялган авах технологи хараахан үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулагдаагүй. Хагас үйлдвэрлэлийн хэмжээнд туршилтууд явагддаг. Эдгээрээс Канадын Cessl, Австралийн “Ватмен” компанийн боловсруулсан  Galvanex технологиудыг нэрлэж болно.

Эрдэнэтийн овооны орд, Оюутолгойн ордын зонхилох хүдэр нь халькопиритийн төрлийн хүдэр. Халькопиритийн төрлийн зэсийн баяжмалыг гидрометалургийн аргаар боловсруулахад одоохондоо пирометалургийн аргаас өөр найдвартай технологийн шийдэл гараагүй байна. Энэ чиглэлээр янз бүрийн туршилтууд хийгддэг. Тэдгээр нь хараахан үйлдвэрлэлийн хэмжээнд хүрээгүй баталгаажаагүй гэж хэлж болно.

“Оюутолгой” компанийн захиалгаар Канадын “Хэтч” компани пирометалург,  гидрометалургийн тус бүр дөрөв, нийт найман төрлийн технологийн харьцуулсан судалгаа хийсэн.  Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулахад эдийн засгийн хувьд хамгийн ашигтай технологиор Хятадын  SKS болон Оутокумпын  Doublе Flash технологийг санал болгосон. Doublе Flash технологи нь 25%-иас дээш агуулгатай хуурай зэсийн баяжмал шаарддаг, байгалийн хийгээр ажилладаг тул манай нөхцөлд тохирох боломжгүй. Хятадын SKS технологи нь дороосоо үлээлттэй цилиндр хэлбэртэй битүүмжилсэн зууханд хайлалт явагддаг бөгөөд зэсийн баяжмалын чанарт өндөр шаардлага тавигдахгүй, 10 хүртэл хувийн чийгшилтэй зэсийн баяжмалыг боловсруулах боломжтой учраас манай зэсийн баяжмалд тохирч байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 23%-ийн агуулгатай зэсийн баяжмалыг энэ технологиор боловсруулах ТЭЗҮ-ийг бид 2014 онд боловсруулсан. Мөн SKS технологиор зэсийн баяжмал боловсруулах зуухны хэмжээ, хүчин чадал нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд гэхэд Хятадын “Чайна гоулд” компани  жилд 1.5 сая тонн зэсийн баяжмал боловсруулах  хамгийн том зуухыг ашиглалтад оруулсан. Энэ зуух дээр Оюутолгойн баяжмалыг боловсруулан,  зэс ,алт, мөнгийг нь цэврээр ялган авч байгаа үйлдвэрийн технологитой бид очиж танилцсан.

Хятадын өнгөт төмөрлөгийн металургийн судалгаа шинжилгээний ENFI компани дээрх технологиудын дутагдалтай талыг судлаад сайжруулсан болон бага агуулгатай зэсийн баяжмалыг хямд зардлаар боловсруулах SKS технологийг боловсруулан зуухны параметрийг гаргаж үйлдвэрт нэвтрүүлсэн байна. Хятад улсад байгаль экологид сөрөг нөлөөтэй хуучирсан зэс хайлуулах үйлдвэрийн зуухыг SKS технологийн зуухаар сольж технологийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Саяхан  Хятадын хамгийн том Jiangxi компанийн хуучирсан технологитой, байгаль экологид хор нөлөөтэй  үйлдвэрүүдийг зогсоосон байна лээ. Ямар ч төрлийн боловсруулах үйлдвэрт тавигдаж байгаа дэлхий нийтийн стандартын шаардлага нь тухайн технологи байгаль экологид сөрөг нөлөөгүй, хүн ба амьтан хордуулахгүй,  аюулгүй байлгахад онцгой анхаарч  байна. Манайд баригдах үйлдвэрт ч энэ шаардлага тавигдана.  

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар