Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эрдэнэт төдийгүй Эрдэнэс Тавантолгойн хувьцааны арилжааг маш хялбархан хэрэгжүүлж болно


The Mongolian Mining Journal /2018.001/


Нэгдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх хамгийн боломжит хувилбарын талаар хөрөнгийн зах зээлийн туршлагатай мэргэжилтэн, MICC буюу Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпо­рацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэтэй MMJ-ийн Н.Ариунтуяа ярилцлаа. Д.Ачит-Эрдэнэ нь Монголын анхны хөрөнгө оруулалтын хэлцлүүдийг хийж, Монголын хамгийн анхны хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэрийн талаар Таны байр суурийг эхлээд сонсъё.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалт байдаг. Огт хэрэгжээгүй заалт. Энэ заалтыг хэрэгжүүлэх анхны тохиолдол болох байх гэж хөрөнгийн зах зээлд ажилладаг хүний хувьд баяртай хүлээж авсан. “Эрдэнэт” хувьцаат компани болвол Монголын Хөрөнгийн биржийн үнэлгээ бараг хоёр дахин нэмэгдэнэ. Одоо хамгийн том үнэлгээтэй компани АПУ байна. АПУ-гаас том компани бирж дээр гарахаар хөрөнгийн зах зээлээ томруулахад нөлөөлнө гэсэн үг.

Борлуулалт зэргээс нь харахад Монголын эдийн засагт “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд хамгийн том нь байна. Стратегийн орд гэсэн ангилалд бүгд багтдаг учраас хуулиараа хөрөнгийн биржээр 10% нь арилжигдах ёстой. Энэ компаниуд хувьцаат болсноор нийт ард түмэн ногдол ашиг хэлбэрээр үр өгөөжийг хүртэхээс гадна нөгөө талаар Хөрөнгийн биржийнхээ хөгжилд хэрэгтэй. Том компаниуд хөрөнгийн бирж дээр гарч байж л хөрөнгийн зах зээл тэлдэг.

Мөн манай бирж дээр хөрөнгө оруулагч авчихаар сайн хувьцаа цөөн. Олон том компаниуд бирж дээрээ гарснаар хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгө оруулах боломжтой болно.

Та 2010 онд манай сэтгүүлд ярилцлага өгөхдөө ашигт малтмалын баялгийг хувьцаагаар дамжиж олон нийт хүртвэл уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байх болов уу гэж байсан. Тухайн үед хувьцаа гаргаад арилжихад хамгийн боломжтой стратегийн ордыг Эрдэнэт гэж байлаа. Одоо энэ нь боломжтой болж байх шиг байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны үлгэрийг давтах вий гэдгээр олон нийт үл итгэсэн, эргэлзсэн байдлаар популист шийдвэр гэж хүлээж авлаа?
Тухайн үед Эрдэнэт 49% нь Оросын талын хувь эзэмшилтэй байсан болохоор хувьцаат компани болгох шийдвэр гаргахад хэцүү байсан байх.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 10%-ийн хувьцааг Ашигт малтмалын хуулийн зарчмаа баримтлаад л олгосон гэж ойлгодог. Гол нь олгохдоо биржийн арилжааг эхлээгүй. Олон улсын бирж дээр IPO хийхтэй зэрэгцүүлэн аль болох үнэд орсон хойно арилжааг эхлүүлэхээр зорьсных ч байж магадгүй. Уул уурхайн компаниудын хувьд үйл ажиллагаа нь мөчлөгөөр явдаг учраас цаг хугацаа хамгийн чухал байдаг. 2012 оноос хойш түүхий эдийн үнэ тасралтгүй унасан нь хувьцаа гаргахад тийм ч тохиромжтой байсангүй. Одоо бол 1072 хувьцаан дээр дахин нэг алхам хийгээд Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд арилжааг эхлүүлэх хэрэгтэй. 2011 онд хувьцаа гаргахдаа бүртгэлийг цуг хийчихэж болох байсан. Нэг талдаа анх удаа хийсэн ажил, нөгөө талдаа үнэ цэнтэй баялаг учраас болгоомжилсон байх л даа.

Мэргэжлийн хүний нүдээр харахад одоо бараг бүх хүн хувьцаатай, тэр хувьцаа нь ТТХА данс дээр байдаг. Үүнийгээ эргэж баталгаажуулан, бүртгэгдээгүй хүмүүст бүртгүүлэх хугацаа өгөөд арилжааг эхлүүлэхэд саад болох зүйлгүй харагддаг. Яагаад гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаад эхэллээ. Хувьцааг нь гаргах үед компани дөнгөж эхэлж, олон зүйл тодорхойгүй байсан бол одоо 6 жил ажиллачихлаа. Засгийн газар “Чалко”-гоос аваад тараачихсан гэж ярьдаг урьдчилгаа төлбөр, уурхай эхлүүлэх гэж авсан зээлээ төлчихлөө. Тиймээс ашигтай ажиллаж байгаа компаниас үр ашиг хүртэх боломжтой болж байна.

Бүртгэл хийгээд арилжааг эхлүүлчихвэл зах зээл өөрөө үнээ тогтоодог. Манайхан үнэлгээ хийлгэнэ, аудитын компани ажиллуулна гээд баахан шат дараалал яриад байдаг. Үнэлгээ, аудитын компанид 1-2 сая ам.доллар төлнө энэ тэр гээд явах юм бол хоёр жил гялсхийн өнгөрчихнө. Тэртээ тэргүй үнэлгээ байхгүй, аудит хийгдээгүй байхад Засгийн газар 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр үнэлчихсэн шүү дээ. Хувьцаат компанийн хувьд дараагийн арилжааг эхлэхдээ хамгийн сүүлчийн арилжааны үнээр эхлүүлдэг. “Эрдэнэс Тавантолгой”-н арилжааг эхлүүлэхэд магадгүй энэ ханш 1 сая төгрөг төгрөг байх. 1072 хувьцааг зарим нь 900 мянган төгрөгөөр авъя гэхэд 1 хувьцааны үнэ 839 төгрөг ч юмуу, зарим нь мянгаар, зарим нь 1100-гаар авъя гэнэ. Авахын зэрэгцээ зарах хүмүүс ч байгаа. Үндсэн утгаараа бирж компанийн үнэлгээг тогтоодог ажилдаа орно.

“Эрдэнэс Тавантолгой”-н жишээнээс харахад жижигхэн зүйл дээр маргалдан, асар их цагийг алдаад байдаг. Нэрлэсэн үнэ, зарласан үнэ, зах зээлийн үнэ гэсэн нэр томьёон дээр эргэлдэн, түүнийгээ буруу тайлбарлаад цаг авчихдаг. Нэрлэсэн үнэ нь 1 төгрөг гэсэн хувьцааг хүн зах зээлээс 933 төгрөгөөр авч болно шүү дээ.

Хувьцаат компани нийт хувьцаагаа 10 тэрбумаар үнэлсэн бол дүрмийн сан, нийт хөрөнгө нь 10 тэрбумынх байх ёстой гэсэн үг биш юм. Жишээлэхэд 1 хувьцаа авсан хүн 10 жилдээ ногдол ашгаа авна, хувьцаанд төлсөн үнээ буцааж авна гэж бодож үнэлж байгаа болохоос биш тухайн компанийг 10 тэрбумын хөрөнгөтэй болохоор авч байгаа юм биш. 1 тэрбумын хөрөнгөтэй үйлдвэр байлаа гэхэд жилд нэг тэрбумын ашигтай ажиллаж байвал энэ компанийн үнэлгээ 10 тэрбум болно шүү дээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2016 оноос эхлэн нүүрсний үнэ өссөнөөр 2017 онд 300-гаад тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж ойлгосон. Цаашдаа ч нүүрсний үнэ тогтвортой байх нь. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байсан болон түүхий эдийн үнэ унасан эрсдэлтэй үеийг даван туулж, Монгол улсын томоохон компани болсон. Тэгэхээр хувьцаат компани болоход тохиромжтой үе гэж харж байна.

Хоёрт, төрийн өмчит компанийг ил тод биш учраас хардах хандлага түгээмэл байдаг. Хувьцаат компанийн дүрэм бол мэдээллийг ил тод байлгах. Хувьцааны үнэ, томоохон гэрээ хэлцэл, компанийн үнэлгээнд нөлөөлж болох бүх мэдээллийг мэдээлж байх үүрэгтэй. Дээрээс нь аудитын компаниуд тайланг нь гаргаад, Монголын бирж дээр 6 сар тутам мэдээлнэ. Гадаадын бирж дээр гурван сар тутамд санхүүгээ мэдээлэх ёстой. Ингээд эхэлвэл “Эрдэнэт” болон “Эрдэнэс Тавантолгой” дээр юу болж байгааг, үйл ажиллагаа нь ямар байгааг, ямар гэрээ хэлцлүүд явж байгаа нь тодорхой болоод ирнэ. Компани ил тод болсноор үр ашиг нь ч сайжирдаг гэсэн эдийн засгийн онол байдаг. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн оронд эдийн засаг нь урт хугацаандаа сайн хөгждөг гэсэн онол ч бий. Энэ нь компани үр ашигтай ажиллаж, хөрөнгөө зөв зарцуулдагтай холбоотой.  

Тэгвэл “Эрдэнэт”-ийг жинхэнэ утгаар нь нээлттэй хувьцаат компани болохын тулд нэн даруй юу хийх ёстой вэ?
Зөвхөн ард иргэддээ эзэмшүүлэх гэж байгаа бол тодорхой хувийг, хуулиараа бол 10%-ийг “Эрдэнэс Тавантолгой”-нх шиг үнэгүй өгөөд, арилжааг нээх л ажил байна.

Энэ тохиолдолд үнэлгээ, аудит хийх хэрэггүй. Яагаад гэвэл Хөрөнгийн бирж өөрөө үнэ цэнээ тогтоодог. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” шиг дутуу хийж болохгүй. Иргэдэд олгож байгаа бол залгуулаад Хөрөнгийн бирж дээр хонх цохиод шууд арилжааг эхлүүлэх хэрэгтэй.

Зайлшгүй хийх ажлын тухайд “Эрдэнэт үйлдвэр”-т хөрөнгө оруулагчидтай харьцах хэлтэс ч юм уу тийм бүтцийн ажил шинээр нэмэгдэнэ. Хууль дүрмийн дагуу мэдээллээ гаргадаг болно. Мөн ТУЗ-ийг шинээр байгуулах хэрэгтэй болно. Олон улсын жишгээр ийм том компанийн ТУЗ-д заавал хөндлөнгийн гишүүд байх ёстой. Олон нийтийн компани болгоод, ТУЗ-өө зөв сайн зохион байгуулан, хөндлөнгийн гишүүдтэй болсноор компани яаж ажиллах ёстой тэр чиглэл рүү явна гэсэн үг. Эрдэнэтийн хувьд одоо Засгийн газар хувь эзэмшигч болчихлоо. Ийм тохиолдолд хувь эзэмшигчтэй холбоогүй хүнийг ТУЗ-д тавихыг боддог. Засгийн газар болон компанийн сонирхол өөр байж болно. Засгийн газрын хувьд татвараа илүү авахыг бодох, магадгүй ашиггүй байсан ч улсын бодлогоор төсөл хэрэгжүүлэх гээд байж болно шүү дээ. Тиймээс үүнд хяналт тавих хөндлөнгийн ТУЗ-ийн гишүүд хэрэгтэй. ТУЗ 9 хүнтэй байлаа гэхэд 3 нь, магадгүй түүнээс ч олон хөндлөнгийн гишүүнтэй байж болно. Тийм хөндлөнгийн гишүүдээр уул уурхай, компанийн засаглалын сайн мэргэжилтнүүдийг тавьдаг. Ялангуяа “Эрдэнэт” шиг өндөр үнэлгээтэй том компанид гадаадын туршлагатай мэргэжилтэн, амжилттай ажиллаж яваа гадны төрийн өмчит том компанид олон жил ажилласан хүнийг тавихад болохгүй юмгүй.

Компани хувь нийлүүлэгчдийн ашгийн төлөө ажиллах ёстой учраас зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэхийн төлөө явахаар Эрдэнэтийн “шахаа” энэ тэр гэдэг асуудал багасах ёстой. Адаглаад тендерүүдээ нээлттэй тавих хэрэгтэй болно. Томоохон гэрээ хэлцлийг олон нийтэд зарлах ёстой. Үүн дээр компани тэдэн доллараас дээш дүнтэй гэрээ хэлцлийг ТУЗ-өөр батална гэдэг байдлаар дахиад дүрмээ тогтоож болно. Бүх шийдвэр ТУЗ-өөс гардаг байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл орж ирвэл ТУЗ-ийн гишүүдэд заавал мэдэгдэнэ гэх зэрэг заалтууд байдаг. Компанийн засаглалын энэ зарчмаараа явдаг болох байх.

Нөгөө талаар хувь нийлүүлэгчдийн хурлыг жилд нэг удаа болон онцгой тохиолдолд зарлаж хийдэг. Хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаанд ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурлаар дамжуулан оролцох боломж олгодог. Тэр эрхээ хүмүүс ухамсарлаж оролцох хэрэгтэй. Иймэрхүү үйл явцыг гол нь анхаарах ёстойгоос үнэгүй хувьцаа өгөөд арилжаа эхлүүлэх тийм хэцүү зүйл биш.  

Хөрөнгийн бирж дээр “Багануур”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн компани байгаа. Хувьцаат болсноор үнэхээр нээлттэй компанийн журмаар өөрчлөгдөв үү гэхээр учир дутагдалтай. Тиймээс “Эрдэнэт” хувьцаат компани болсноор бүх зүйл сайхан болчихно гэсэн итгэл төрөхгүй байна.

Би мөрөөдлийн зүйл ярьж байгаа байх л даа. Гэхдээ Эрдэнэтийг давхар бүртгэлтэй болгоод Монгол болон гадаадын бирж дээр гаргавал саяын ярьсан бүхэн хэрэгжих боломж илүү нэмэгдэх болов уу. Гадны биржийн дүрэм, жишгээр явах хэрэгтэй болно. Монголд эхэлж бүртгүүлчихээд тэр хувьцааг эзэмших эрхийг depository receipt гэж ярьдаг олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчид их байдаг Лондон, Торонто зэрэг бирж дээр гаргах нь зөв байх.

Монголын бирж яг л бирж гэдэг утгаараа ажиллаж, хүмүүс хувьцаагаа зарж, худалдан авч болдог. Харин мэдээлэл гаргах явц жаахан тааруу. Мэдээлэл гаргах журам бий ч мөрддөггүй компаниуд их. Хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчид шаардаж байж үүнийг сайжруулна.

Нэг сайн жишээ гэвэл АПУ хувьцаат компани өрсөлдөгч нэгэн компанитайгаа нэгдлээ зарласны дараахан ТУЗ-дөө хөндлөнгийн гишүүний сонгон шалгаруулалт зарласан нь маш зөв алхам. Нэг хоёр компани үлгэр жишээ яваад эхэлбэл хүмүүст ч гэсэн хувьцаат компани ийм байх ёстой гэдэг ойлголт үнэлэмж үүснэ. Хөрөнгийн бирж дээр жилд 2-3 IPO хийгддэг. Цаашдаа олон компани, ялангуяа томоохон банкууд, харилцаа холбооны компаниуд хувьцаат болж байж илүү сайжирна. Хөрөнгийн бирж дээр гараагүй ч ТУЗ-өө маш сайн ажиллуулдаг, компанийн засаглалыг хэрэгжүүлдэг компаниуд бий. Ийм компаниуд бирж дээр олноор гарч байж компанийн засаглалын стандартыг сайжруулна. Эдгээр компаниуд  хөрөнгийн бирж дээр гарахын тулд шинээр хийх юм нэг их байхгүй.

Гадаадын бирж дээр давхар бүртгүүлэх боломж хэр нээлттэй вэ?
Бүрэн боломжтой. Эхлээд Монголын бирж дээр бүртгүүлээд, дараа нь гадаадын бирж дээр бүртгүүлэхэд мэдээж цаг орно. Олон улсын компаниар аудит хийлгэсэн, хөндлөнгийн ТУЗ-ийн гишүүдтэй эсэх зэрэг шалгуурыг харна. Лондонд гарна гэхэд Эрдэнэтийн ажиллаж байгаа зарчим Английн хуультай таарч байна уу гэсэн хуульч нарын дүгнэлт гарах ёстой. Хууль эрх зүйн хувьд төдий л асуудал гарахгүй болов уу. Үйл ажиллагааны хувьд харин цаг зарцуулна. Магадгүй 6-9 сарын үйл явц үргэлжлэх байх.

Ер нь Монголын компанийн хууль сайн болохоор дүрмээрээ ажиллаж байгаа компанид хэрэгжүүлэхэд хэцүү онцгой заалт байдаггүй. Харин бирж дээр гарсны дараа дүрмээ маш сайн дагах хэрэгтэй болдог.

Гуравдугаар сард тайлангаа гаргах ёстой бол гаргана. Англиар мэдээллээ гаргана. Хөрөнгө оруулагчдын харилцааны шаардлага өндөрсөнө. Гэхдээ энэ ажлыг гэрээгээр хийдэг мэргэжлийн компаниуд байдаг учраас хөрөнгө оруулагчдын харилцаагаа хариуцуулж болно.

Олон улсын бирж дээр зөвхөн бүртгүүлэх биш тэр явцдаа эрхийн бичгээ зараад, нэмээд 20-25%-иа зарж, 160-240 сая ам.доллар босгох ч боломжтой. Засгийн газар түүнийгээ бонд төлөхөд ашиглаж болно. Эсвэл Эрдэнэтийг үйл ажиллагааг өргөжүүлж болно шүү дээ.

49%-ийн маргаан үүнд ямар нэг эрсдэл үүсгэх үү?
Энэ тал дээр хуулийн дүгнэлт гарах хэрэгтэй. Олон улсын бирж дээр бол ийм дүгнэлтгүйгээр гарна гэж байдаггүй.

Ер нь “Эрдэнэт” үйлдвэр IPO хийвэл хэр үр дүнтэй байх бол?
2010 онд “Эрдэнэт” хамгийн тохиромжтой гэсэн нь стратегийн 15 ордоос тухайн үед “Эрдэнэт” л ашигтай ажиллаж байсан. Одоо ч ашигтай ажиллаж байна. Хөрөнгийн бирж дээр ашигтай ажилладаг компани гарч, хүмүүс ногдол ашгийг бодит хэлбэрээр хүртэж байж хөрөнгө оруулалтад итгэлтэй болдог. Тэр утгаараа “Эрдэнэт” бирж дээр гарах нь зөв гэж боддог байсан.

Мөнгө босгох тухайд болохгүй юмгүй. Тодорхой хэмжээнд мөнгө босгож болно. Гэхдээ Эрдэнэтийн хувьд роялтийн хэмжээ нь өндөр учир олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ойлгомжгүй, эргэлзээтэй санагдах байх. Яагаад гэхээр “Туркойз хилл” компанийн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүс “Эрдэнэт”-ийн хувьцааг авах магадлалтай. Гэтэл “Оюутолгой” нь “Эрдэнэт” шиг роялти төлдөггүй. Тиймээс “Эрдэнэт” өндөр татвартай учраас арай бага ашиг ирэх нь гэж харах байх л даа.

“Эрдэнэт” шиг тогтвортой ажиллагаатай компанийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн туршлагатай мэргэжилтнүүд энгийнээр багцаалдаад гаргачих байх. Яг хэдэн хувийг ард иргэдэд эзэмшүүлэх талаар Засгийн газрын тогтоол дээр тодорхой хувь хэмжээ заагаагүй ч Ашигт малтмалын тухай хуулиар 10% гэж үзээд 3 сая хүндээ хуваахад нэг тоо гарна даа. Түүнийгээ хуваалцаач?                          
Хамгийн сүүлчийн арилжааны үнээр компанийг үнэлдгээр бол 49%-ийг 400 сая ам.доллараар худалдаж авсан гэхээр 800 сая ам.долларын үнэлгээ байх шиг байна.

Нөгөө талаар “Эрдэнэт үйлдвэр” 2017 онд ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.110 сая ам.доллар гэсэн үг. Нэг жилийн цэвэр ашгийг 8-10 дахин үржүүлдэг энгийн хувьцааны үнэлгээ байдаг. Түүгээр адил төстэй зэсийн компаниуд яаж арилжигдаж байна, цэвэр ашгийг хэдээр үржүүлсэн зах зээлийн үнэлгээтэй байгааг харьцуулаад Bloomberg, Yahoo Finance дээр ороод харчихна. Энэ үнэлгээгээр 110 саяыг дундажлаад 8-аар үржүүлэхэд 880 сая ам.доллар. Тэгэхээр 880 сая доллар гэдэг нь зөв үнэлгээ юм шиг байна. Үүний 10% нь 88 сая доллар. Үүнийгээ 3 сая иргэндээ хуваахад нэг хүнд 29 ам.доллар буюу 71 мянган төгрөгийн хувьцаа оногдох нь байна. Нэг өрх дунджаар 4 хүнтэй гэхэд 280 орчим мянган төгрөгийн хувьцаатай болох нь байна.

Нийт үнэлгээ нь 800 сая ам.доллар буюу 2 их наяд төгрөг гэвэл үүний 80 сая буюу 200 тэрбум нь Монголын зах зээл дээр хөрөнгийн биржээр чөлөөтэй арилжаалагдвал банкны системээр эргэлдэж байгаа мөнгө хөрөнгийн биржээр эргэлддэг мөнгө хоёрын зөрүүг ойртуулахад нэлээд нэмэр болно. Манайхан санхүүгийн системийн хувьд хоёр дугуйтай болно гээд ярьдаг даа. Мөн гадны мөнгө орж ирэхэд нөлөөлнө.

Төрийн өмчит компанийн хувьцааг нийт ард иргэддээ эзэмшүүлэх нь бусад улс оронд хэр нийтлэг байдаг вэ?
Мэр сэр бий. Африкийн Гана улс том ордынхоо хувьцаанаас иргэддээ бага үнэтэйгээр зарсан жишээ бий. Мөн Зүүн Европын Серби улс нефтийн компанийнхаа 10%-ийг ард иргэддээ эзэмшүүлсэн тухай уншиж байсан.

Хоёрт, төр нь дангаар эзэмшдэг Чилийн “Коделко” шиг хувилбар бий. Мөн Бразилийн “Вале” бол “Эрдэнэс Тавантолгой” шиг төрийн өмчит компани боловч төрийн өмчийн эзэмшил нь маш бага 10 орчим хувь боловч алтан хувьцаагаар дамжуулан саналын эрхийн 51%-ийг эзэмшдэг. Төрийн эзэмшлийн хувь нь дотроо нэлээд задарсан байдалтай. Мөн Бразилийн Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын сан нь багагүй хувийг эзэмшдэг. Дээрээс нь Бразилийн бирж дээр 10%, Нью-Йоркийн бирж дээр 20% нь байдаг. Хувьцаа эзэмшигчдийн бүтцийг харвал дотоодын хөрөнгө оруулагчид, иргэд гээд их зөв хуваарилалттай. Яваандаа “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” энэ жишгээр “Вале” шиг бүтэцтэй болвол их зүгээр. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байна, эсвэл банкинд бага хүүтэй байна гээд бөөн хэл ам таталдаг Нийгмийн даатгалын мөнгөний тодорхой хэсэг нь хувьцаанд орвол хувьцааны өсөлтийг дагаад үр өгөөж  нэмэгдээд явах боломжтой.