|

Орон нутагтайгаа учраа ололцохгүйгээр уул уурхай хэзээ ч хөгжихгүй

2018 оны 1 сарын 8


Түүнийг Монголын уул уурхайн орчин цагийн хөгжлийн амьд “энциклопеди” гэхэд хилсдэхгүй. Монгол улсын хөгжлийн нэн сонирхолтой, шилжилтийн цаг үед тэрээр эрдэс баялгийн салбарыг удирдаж явсан юм. Зах зээлийн эдийн засгийг сонгосон 20 гаруй жилийн тэртээх өдрүүдэд дэлхийн зах зээлд Монгол хэмээх “тоглогчийг” таниулж, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгийн бирж гэх шинэ тутам ойлголтуудыг наашлуулан, салбарт хууль эрх зүйн орчин шинээр бий болгох ажилд гар  бие оролцсон энэ эрхэм бол Геологи, эрдэс баялгийн сайд асан, өдгөө Уул уурхайн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар юм. Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан ажил мэргэжлийнх нь замнал, эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.





Таны сонгосон ажил мэргэжил болон эрдэс баялгийн салбарын сайдаар томилогдсон он жилүүдийн дурсамжаас яриагаа эхэлье.  
Би МУИС-ийн дэргэдэх Политехникийн дээд сургуулийн Геологи уул уурхайн факультетыг 1977 онд уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн юм. Диплом хамгаалсан “Эрдэнэтийн овооны хүдрийн ил уурхайн хүчин чадлыг 33 сая тоннд хүргэх нь” сэдвээ боловсруулахдаа 200 гаруй хуудас баримтыг шрифтээр гараар бичиж билээ. Ажлын гараагаа Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт   үйлдвэрээс эхлүүлж, экскаваторын туслах машинчаас ерөнхий уурхайчин болтлоо ажиллахдаа жилд 6.8 сая ам.доллараас багагүй эдийн засгийн үр ашиг өгөх 60 гаруй оновчтой санал, төслийг үйлдвэрт нэвтрүүлэх ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг.  Эрдэнэт  үйлдвэрт есөн жил ажиллаад Геологи уул уурхайн яамны Уул уурхайн хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Өнөө ч салбартаа зүтгэсээр явна.    
     
П.Жасрай гуайн Засгийн газрын үед Та эрдэс баялгийн салбарын сайдын албыг хашсан. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжсэн эгзэгтэй он жилүүдэд уул уурхайн салбарын хөгжил ямархуу байв?  
Монгол улс даяар картын бараагаар амьдарч байсан үед Геологи, эрдэс баялгийн сайдын албыг хүлээн авч байлаа. Ийм бэрх цагт улсынхаа эдийн засгийг өндийлгөх хүнд сорилт П.Жасрайн Засгийн газарт тулгарч, түших гол салбараа уул уурхай гэж тодорхойлсон юм. Улс маань хөрөнгө мөнгөгүй учир хамгийн хурдан мөнгө босгох, хөдөлгөх салбар нь уул уурхай, тэр дундаа алт байв.

Уул уурхайн сайдын хувьд миний авсан арга хэмжээ бол эхлээд мэргэжилдээ ойр геологчдодоо алтны шороон ордуудыг өгсөн. Геологчид ч ажилтай болсон. “Алт” хөтөлбөрийг боловсруулахдаа алтны олборлолтыг 20  тоннд хүргэнэ гэсэн төлөвлөгөөг хүмүүс тухайн үед хий хоосон зүйл ярилаа гэж хүлээж авсан ч бодитоор биелсэн юм шүү. Тухайн үед УИХ-ын зарим гишүүд Алтны тухай хууль батлах санал гаргаж байсныг санаж байна. Гэтэл уул уурхайн салбарын гол зохицуулалт болсон Ашигт малтмалын тухай хууль ч гараагүй байсан цаг. Ашигт малтмал тус бүрт хууль гаргаад байж болохгүй гэсэн үүднээс Ашигт малтмалын тухай хуультай болох нь зүйтэй гэж үзсэн юм.

“Алт”-наас гадна ашигт малтмалын шинэ чиглэлүүд болох “Зэс”, “Уран”, “Газрын тос” зэрэг төсөл хөтөлбөр, уул уурхайн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэл, араас нь Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг салбарын сайдын хувьд удирдан зохион байгуулж байлаа. Бүгдийнх нь гол зорилго бол уул уурхайн салбараас хөрөнгө босгож, түүнийгээ нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн салбарууддаа зориулах, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулах алсын хараа байсан. 

Салбарын гол зохицуулалтын хуулийг боловсруулахдаа чухам юуг түлхүү анхаарч байв?
Геологи, эрдэс баялгийн сайд байхдаа Монгол улсын анхны Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулж Засгийн газарт өргөн барьж байлаа. Хуулийг боловсруулахад Дэлхийн банкнаас зөвлөмж өгч, Индонези, Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг орны хуулиас тусгасан. Мөн уул уурхай хөгжсөн бусад орны хууль эрх зүйг ч судалсан. Зарим орнууд руу томилолтоор явж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцан, санал зөвлөмж авч байлаа.

Хамгийн гол нь орон нутагтайгаа учраа ололцохгүйгээр уул уурхай хэзээ ч хөгжихгүй гэсэн зөвлөгөөг бидэнд өгч байсан. Энэ зөвлөмжийн дагуу “Ашигт малтмал ашигласны төлбөрийн 30%-ийг орон нутагт буюу 20%-ийг аймагт, 10%-ийг нь тухайн суманд нь өгөх” тухай заалтыг хуульд оруулж байлаа. Гэвч хуулийн шинэчлэл, өөрчлөлтөөр энэ заалт үгүй болсон.

Сүүлд уг заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж болохгүй учир Төсвийн тухай хуульд оруулж өгсөн ч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа. Тухайн аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөө гэж бий. Тэр төлөвлөгөөний дагуу хөрөнгө зарцуулалтад Сангийн яамнаас хяналт тавьдаг байхад л хангалттай. Уг нь ашигт малтмал ашигласны төлбөрийг орон нутагт нь олгоод, түүний үр шимээр хөгжөөд ирвэл уул уурхайг хэзээ ч эсэргүүцэхгүй. Үүний тод жишээ бол Эрдэнэт үйлдвэр. Орхон аймаг төсвөө 100% бүрдүүлдэг. Өмнөговь аймаг мөн л өөрсдөө төсвөө бүрдүүлж байгаа. Эдгээр аймагт уул уурхайн салбараас орлого орж байгаа хэрэг.

Эрдэс баялгийн сайдын алба хашиж байхад тань Гадаадын хөрөнгө оруулалтын тухай анхны хууль гарсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдад улсаа таниулахын тулд ямар ажлууд хийж байсан нь их сонирхолтой байна?
Гадаадын хөрөнгө оруулагчдад эх орноо таниулахын тулд жанжин малгай, үндэсний дээл гутлаа чемодандаа хийж аваад л хилийн чанад руу явдаг байлаа. Эргээд дурсахад инээдтэй явдал их л болдог байж.
Канадын PDAC буюу уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганд анх Монгол улсаа төлөөлөн Д.Жаргалсайхан бид хоёр оролцож байлаа. Д.Жаргалсайхан тухайн үед “Монгол эрдэнэ” компанийн дэд захирал, сайдын зөвлөх байсан юм. Чуулганы хүрээнд зохиогддог үзэсгэлэнд зориулан Д.Жаргалсайхан маань Монголын талаар танилцуулах хэдэн материал бэлдэж авч явсан юм. Өнөөдүүлээ дэлгэчихээд хоёулаа хоёр өдөр суулаа даа. Нэг ч хүн ирж, асууж сонирхдоггүй. Чуулганы арга хэмжээ ч дууслаа. Орой нь хүлээн авалтад уригддаг юм байна. Би жанжин малгай, монгол гуталтайгаа, Жаргалсайхан маань ногоон өнгийн дээл, буриад малгай өмсөөд явж орлоо доо.

Дон Кихот, Санчо Пансо хоёр шиг л юм тууж явахгүй юу. /инээв/ Тэгсэн тэнд байсан зочид төлөөлөгчид бүгдээрээ бид хоёрыг бүчээд шавчихсан. Хаанаас ирсэн гэж асууж шалгаан, зураг хөргөө авахуулаад бөөн юм боллоо.
Д.Жаргалсайхан маань ч “Монгол бол уул уурхайн өндөр потенциалтай орон. Яг л Канад шиг улс” гээд л ярьж гарлаа. Ингээд PDAC-ийн Зохион байгуулах хорооны дарга нь хүлээн авалтын нээлт дээр “Алс холын Монгол орноос мэргэжил нэгтнүүд маань иржээ. Тэр тусмаа Геологи, эрдэс баялгийн сайд нь зөвлөхтэйгээ ирсэн байна” гэж бид хоёрыг танилцуулан, хүндэтгэлийн ширээндээ урьдаг юм байна. Хоёр өдөр суугаад ганцыг ч тарааж чадаагүй өнөөх танилцуулга, нэрийн хуудас тэр орой бүгд дууссан.

Канадад байхдаа уул уурхайн салбарын сайдтай уулзах хүсэлт тавьсан юм. Гэвч цаг тулсан байсан болохоор уулзаж чадаагүй. Харин Монгол улсын асуудлыг давхар хариуцдаг Тээврийн яамны сайд нь биднийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр би “Техник технологи хөгжсөн өнөө цагт танай Торонто хотоос газрын гүн рүү доош өрөмдөх юм бол шууд манай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоор гарч ирнэ” гэж ярихад ихэд гайхацгааж билээ. Монгол улс, Канад улс хоёр нэг уртраг өргөрөг дээр байрладгийг хүмүүс тэр болгон  мэддэггүй.

Бид хоёр Канадаас шууд АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганд оролцоод, дараа нь Япон руу нисч, хэд хэдэн уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэр бүгдэд үндэсний хувцсаа өмсөн, Монголоороо гоёж, хөрөнгө оруулалт татах гэж хичээж явлаа. Америкт байхдаа Катерпиллар брэндийн тоног төхөөрөмж танилцуулах төвд зочилсон юм. Дараахан нь Монголд Катерпилларын төлөөлөгчийн газар байгуулагдан, Уул уурхайн яамныхаа гуравдугаар давхарт өрөө гаргаж өгч байлаа.

Эх орондоо ирээд, хөрөнгө оруулалт татахын тулд чуулга уулзалт зохиох нь зүйтэй юм гэж үзээд Д.Жаргалсайхан маань “Дисковер Монголиа”-г хийж байлаа. Өнөөг хүртэл тасралтгүй зохиогдож байгаа хөрөнгө оруулалтын чухал арга хэмжээ болжээ. Харин миний хувьд хамгийн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай хуультай болох шаардлагатай гэсэн асуудлыг Засгийн газарт тавьж, хуулийг асар богино хугацаанд батлуулж байв.

Салбарын хуулиудад асар их өөрчлөлт хийгдэх юм. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байдаг вэ?
Уул уурхайн мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй, Монголын хөрсөнд тохирох эсэхийг тэр болгон мэдэхгүй гадаад, дотоодын хүмүүсийг ихээр оролцуулснаас өнөөдрийн амьдралд нийцэхгүй хууль дүрэм, актууд их гарч ирээд байгаа юм. Гадаадын мэргэжилтнүүдийг оролцуулах, үгүйдээ гол  нь биш. Хамгийн гол нь уул уурхайн салбараа мэддэг, хууль боловсруулалцаж явсан туршлагатай хүмүүсээ гар бие оролцуулж, саналыг сонсох нь зүйтэй гэж үздэг. Шинжлэх ухааны үндэстэйгээр бодлогоо зөв боловсруулж, хууль эрх зүйн актуудаа тогтвортой болгох юм бол уул уурхайн салбар маань цаашид хөгжинө. Мөн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд салбартаа олон жил ажилласан туршлагатай хүмүүс, эрдэмтэн, мэргэжилтнүүдээ тэр бүр оролцуулахгүй байна. Уул уурхайн салбарт ахмад, дунд, залуу үеийн амьд холбоо бий болж байж салбар цаашаа хөгжих учиртай.

Ингэхэд мэргэжлийн холбоодын суурь хэзээнээс тавигдсан юм бэ? Уул уурхайн салбарын хөгжилд мэргэжлийн холбоод ямар үүрэг, оролцоотой явж ирэв?

Төрийн бус байгууллагуудын тухай хууль гарснаас хойш мэргэжлийн холбоод байгуулагдсан.
Зарим нь 10 жил, зарим 2-3 жил болж байна. Салбарын хэмжээнд МУУҮА, “Нүүрс” ассоциацийг оруулаад нийт 28 мэргэжлийн холбоо байдаг. Холбоод нэгдэж хамтарч байж төр засагт үгээ хүргэхгүй бол ганц, хоёроор үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс мэргэжлийн 26 холбоо нэгдэн, Зөвлөл байгуулсан юм.  Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулагдаад хоёр жил болж байна. Зөвлөлд маань уул уурхайн салбарт хамгийн багадаа 15 жил,  цаашлаад 50-60 жил ажилласан 500 гаруй мэргэжилтэн бий. Тэдний 120 нь шинжлэх ухааны докторууд. Их том хүч, чадвар юм. Гэвч энэ хүчийг ашиглахгүй байна. Ялангуяа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт туссан “Төрийн бус байгууллагуудаар зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх” гэсэн маш тодорхой заалтыг огт хэрэгжүүлэхгүй байна.
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл салбарынхаа яамтай хамтран ажиллах, харилцан ойлголцох санамж бичиг үзэглэсэн. Энэ хүрээнд зөвлөлийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсэг, мэргэшсэн зөвлөх инженерүүдийг бэлт­гэх, уул уурхайн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлоготой холбоотой асуудлуудад оролцож, саналаа өгөөд явж байна.

Түүнчлэн, зөвлөл маань жил бүр “Уурхайчдын баяр”-ыг тэмдэглэдэг. Одоо уул уурхайн салбарынхаа 95 жилийн ойн арга хэмжээг яамтайгаа хамтран бэлтгэж, энэ хүрээнд дөрвөн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа. Эдгээр зөвлөгөөнөөр салбарт тулгамдаж байгаа, болж бүтэхгүй байгаа асуудлуудаа нэлээд сайн ярилцаж авлаа.

Таны бодлоор салбарт тулгамдаж, хөгжилд тушаа болж байгаа ямар асуудлууд байна вэ?
Уул уурхайн салбарыг зөв хөгжүүлж чадах юм бол гуравхан сая хүн амтай Монгол улс Арабын Эмират шиг баян амьдрах боломжтой.

Уул уурхайг болохгүй нь, бүтэхгүй нь гэж шүүмжлээд байгаа ч өнөөдөр Монгол улсын эдийн засгийг авч явж байгаа ганц салбар нь юм. Бүх л салбарын цалин хөлс, нийгмийн халамжийг бүрдүүлж байгаа гол хөрөнгө уул уурхайн салбарын орлогоос л орж ирдэг.

Эдийн засгаа жаахан өндийлгөх гээд стратегийн зарим ордуудаа ашиглалтад оруулъя гэхээр баахан “эх орончид” гарч ирээд эсэргүүцдэг. Тухайн орд газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд нөлөөлөх эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж шинжлээд тогтоож байгаа. Ийм байхад шүтлэгтэй уул ус сэндийчлээ, мал амьтан хордож үхэж байна гэсэн буруу ташаа мэдээллүүд түгээн ард иргэдийг турхирдаг. Ийм “эх орончдоос” болж өнөөдөр улсын эдийн засаг хохирч байна шүү дээ. Хэр хэмжээгээр хохирч, алдагдал хүлээж байгааг тогтоодог, хариуцлагыг нь хүлээлгэдэг болох хэрэгтэй байна. Тухайн орд, төслийг явуулаагүй хүмүүсээр тэр алдагдал, хохирлыг төлүүлдэг механизмыг Зөрчлийн тухай хуулиараа зохицуулж яагаад болохгүй гэж. Ийм “садаатай” нөхөд ажил хийлгэхгүй, хөгжлийн тушаа болж байна шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ, өнөөх “эх орончид” улсын төсөвт хөрөнгө оруулдаггүй, татвар төлдөггүй, ажил хийдэггүй, өөртөө л ашиг хонжоо харж явдаг нь нууц биш.

Мөн төрийн бодлого, хууль зөв хэрэгжихгүй байгаа нь уул уурхайн салбарын хөгжилд садаа тушаа болж байна. Яамны бодлого алдагдчихаад байна. Энэ нь мэргэжлийн бус хүмүүст салбарын эрх мэдлийг өгсөнтэй холбоотой. ЗГХЭГ, Төрийн өмчийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар гээд уул уурхайн салбарын “амьд” талбаруудыг хооронд нь салгаж, “хөлгүй, гаргүй” хүн шиг болгосон. Салбар хоорондын уялдаа алга. Тэгэхээр бодлого яаж зөв зүйтэй хэрэгжих билээ. Монгол улсад  УИХ-аас дараагийн УИХ-ын хооронд л хууль хэрэгждэг боллоо. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хуулиа их өөрчилж байна. Улс төр, хууль эрх зүйн орчин ийм тогтворгүй байхад хэчнээн даллан дуудаад ч хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухайд Таны бодлыг сонсъё?
Байгалийн эрдэс баялаг шавхагддаг. Өөрөөр хэлбэл олборлоод дуусдаг эд. Өнөөдөр бид үнэгүй шахуу Хятад руу гаргаж байна. Үүнийгээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох шаардлагатай нь үнэн. Гэхдээ боловсруулах үйлдвэр болгон ашигтай байдаггүй. Зах зээлдээ хэрхэн борлуулах, эрэлт хэрэгцээтэй эсэхээс шалтгаалдаг.   

Монголчууд бид зэсээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн зэс утас болгож, Хятадын зах зээлд нийлүүлье гэж бодъё. Хятад руу гаргахад 38%-ийн, Орос руу 27%-ийн татвартай. Үүний тулд эхлээд хоёр хөрштэйгээ төрийн дээд түвшинд хэлэлцэж, татваргүй, аль эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах боломжийн талаар ярилцах ёстой юм. Бидэнд гуравдагч орон гэхээсээ илүүтэй хөрш хоёр орны том зах зээл эхний ээлжинд хангалттай. Боловсруулах үйлдвэр нь асар их хэмжээний түүхий эд хэрэглэж байж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Химийн янз бүрийн бодисоос эхлээд тэр бүх түүхий эдийг бид гаднаас авч байна. Тэгэхээр гаднаас авч байгаа түүхий эдийг Монголд үйлдвэрлэх үйлдвэрүүдийг эхлээд байгуулах ёстой юм.

Ганц жишээ хэлэхэд, өнөөдөр Оюутолгой жилд 120 мянган тонн шохой Хятадаас авч байна. Монгол улс шохойн хэчнээн баялаг нөөцтэй билээ. Оюутолгойд яг тохирсон шохойн жижиг үйлдвэрийг Мааньтад байгуулахаар төслөө танилцуулахад нь Хятадын, гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн шалтгаанаар Чингис бондоос зээл олгоогүй. Улсаас дэмжээд өгсөн бол Оюутолгойн үйлдвэр Монголоос шохойгоо худалдаж авдаг болчих байлаа. 

Заамарт хүхэрт натрийн үйлдвэр байгуулагдаад Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсан. Гэвч банкны зээлээ төлж чадаагүйн улмаас өнөөх үйлдвэр нь хаагдчихаад байна. Энэ мэтчилэн уул уурхайн компаниуд жижиг дунд үйлдвэр байгуулах гэхэд ямар ч дэмжлэг алга байна. 

Хоёрдугаарт, уул уурхайн салбараас орж ирэх орлогоор мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлж болмоор харагддаг. Махаа экспортлохын тулд малаа эрүүлжүүлэх ёстой. Махны том үйлдвэрүүд байгуулна гэдэг. Тэр үйлдвэр рүү хэн ч малаа туугаад очихгүй. Харин мал нядалгааны явуулын авсаархан үйлдвэр байгуулаад хоногт 5 бод, 50 бог оруулаад байж болно. Явуулын мал эмнэлэг газар дээр нь шинжилгээ хийгээд, эрүүл малаа нядалгаанд оруулаад, махны үйлдвэр нь тамгаа дараад шууд экспортод ачиж болно. Махны үйлдвэрүүдээ дагаад аймаг, сумдад малын арьс шир, ноос ноолуур, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй.

Бид бүсчилсэн хөгжил гэж яриад л байдаг. Тэгвэл таван бүсэд нэг нэг боловсруулах үйлдвэр байгуулъя л даа. Боловсруулсан арьс ширээ экспортод гаргаж, цаашлаад тэр арьс ширээр машины суудлын бүрээс хийдэг үйлдвэрүүд оруулж ирье. Өнөөдөр Чех улсад Монголын олон залуус ажиллаж байна. Тэдний ихэнх нь машины жолоог арьсаар бүрэх оёдол хийдэг. Бид арьсаа боловсруулж чаддаг болоод чехүүдэд хамтарсан үйлдвэр байгуулах санал тавьж, тэнд ажиллаж байгаа залуустаа эх орондоо ирж ажиллах нөхцөл бүрдүүлэх боломж байна. Гол нь гадаад орны ноу хауг шингээхийн тулд тухайн орнуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Хятадууд манайхаас авсан малын түүхий эдийг боловсруулаад хэд дахин өндөр үнээр эргүүлээд бидэнд худалдаж байна. Тэр бүхэнд валют гадагшаа урсаж байна.
Тиймээс уул уурхайн хөгжлийг орон нутгийн хөгжилтэй уялдуулах шаардлагатай. Орон нутагтай ойлголцохгүй, сонирхлыг нь төрүүлж чадахгүй бол иргэд, малчид уул уурхайг эсэргүүцсээр байх болно.

Нөгөөтэйгүүр, уурхайн хаалт, хөгжлийн менежментийн асуудлыг одооноос ярих ёстой. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн нөөц дуусахад уурхайг дагаж ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн цаашдын орлогыг бүрдүүлэх талаар бодох цаг ирээд байна. Уурхай хаагдлаа гэхэд Эрдэнэтийн үйлдвэр машин угсралтын цогцолбор болох боломж бий. Германы зураг төслийн компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийг ирж үзээд ийм мундаг том цогцолбор мөртлөө төрөл зүйлийн хувьд их бага бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж шүүмжилсэн. Тэгээд Оюунтолгойн далд уурхайд ашиглагдах ачдаг, чирдэг, өрмийн зэрэг бүх машин техникийг зэсийн үйлдвэрийн бааз сууриа ашиглан үйлдвэрлэхийг зөвлөсөн. Тэр машины үйлдвэрийн зураг төслийг хийж өгөх саналыг Германы компани тавьсан юм. Катерпиллар, Комацу зэрэг дэлхийд брэнд болсон машин механизмын зураг төслийг хийдэг туршлагатай компани юм билээ. Машины үйлдвэр байгууллаа гэхэд мэдээж үйлдвэрлэж чадахгүй зарим сэлбэг тоноглолыг гаднаас авч таарна. Заавал уул уурхайн том оврын машин техник гэхгүйгээр багаас нь эхэлье л дээ. Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг автобус, бусад унаанд суухад зориу­лагд­сан төхөөрөмж, стандартыг батлуулаад хүүхдийн автобус үйлдвэр­лэе. Ингэж чадвал 30-40 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн одоогийн энэ том хүчин чадал, бааз суурь дээр машин үйлдвэрлэлийн цогцолбор бий болж, цаашид хөгжих олон боломжийг шинээр нээх тул бид аливааг өргөн хүрээнд харах хэрэгтэй байна.  

Цаг гарган ярилцсанд баяр­лалаа.  

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар