Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголын эрдэс баялгийн салбар 95 жил



The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Н.Ариунтуяа

Монголын эрдэс баялгийн салбар 95 жилийн баялаг намтар туулжээ. Хэдий монголчуудын уул уурхайн хөдөлмөр эрхэлж байсан түүхийг 5000 жилээр тоолсон археологийн баримт бий ч орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн үе цагаа 1922 оноос эхлүүлдэг. Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа Налайхын нүүрсний уурхайг улсын болгох Ардын Засгийн шийдвэр гарсан өдрийг эдүгээ Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжих суурь тавигдсан буюу уурхайчдын баярын өдөр хэмээн ёслон тэмдэглэсээр иржээ.

Эх орны улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн түүхтэй 95 жилийн түүх салшгүй холбоотой. Монголын уул уурхайн түүх бол социалист системтэй, цор ганц хойд хөршийнхөө түүхий эдийн эрэлтийг хангагч орноос эрдэс баялгийн нөөц боломжоор дэлхийн анхаарлыг татсан, асар их потенциал бүхий орчин цагийн уул уурхайн орон болсон түүх юм. Гэхдээ социализмын он жилүүдэд олон зуун ашигт малтмалын орд нээгдэн, хэдэн арваараа ашиглалтад орж, үндэсний мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн арми  бэлтгэгдсэнийг мартаж болохгүй. Тэр л үе цагт нээн илрүүлсэн томоохон орд газрууд хөрөнгө оруулалт татан, эдийн засгийн эргэлтэд орж, үр шимийг нь өнөө цагт хүртэх үндэс болсон билээ.

95 жилийн түүхэн энэ мөчлөгт сүүлийн 27 жил онцгой байр суурьтай. Хөгжлийн шинэ бодлогоор урагшилсан нэн сонирхолтой цаг үе билээ. Ерээд оноос хэрэгжүүлсэн чөлөөт эдийн засгийн систем эрдэс баялгийн салбарт цоо шинэ дүрмийг тогтоосон. Монгол улс гадны хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниудад үүд хаалгаа цэлийтэл нээсэн юм. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжин, бизнесийн ямар үйл ажиллагаа эрхэлдгээс үл хамааран дурын компани, хувь хүнд хүссэн эрдэс баялгаа хайх, олборлох тусгай эрхийг чөлөөтэй олгож эхэлсэн. Гадны хөрөнгө оруулалт татах нээлттэй хаалганы бодлого өрөмдөх газар хайсан асар олон компанийг дэлхийн өнцөг булан бүрээс Монгол руу хошууруулав. Боломжийг ашиглан олон уул уурхайн компани Монголд орж иржээ, бас эргээд гарчээ. Энэ хугацаанд Монголын эрдэс баялгийн салбар хүрзнээс өөр зэвсэггүй хувь нинжа нараас эхлээд дэлхийн түвшинд хүрсэн үндэсний шилдэг компаниуд, хүчин чадал, нөөц баялаг, техник технологиороо дэлхийд гуравт эрэмбэлэгддэг Оюутолгойн уурхайтай болжээ.