|

Оросууд Монголын газрын тосны импорт, нүүрсний салбарт анхаарал хандуулав

2017 оны 12 сарын 6


The Mongolian Mining Journal /2017.11 дүгээр сарын 23/

Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.3 сая тонн юм. Газрын тосны бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд 95%-ийг Орос, үлдсэнийг Хятад, Өмнөд Солонгос улсаас нийлүүлж буй.

Газрын тосны бүтээгдэхүүний дийлэнх хэрэглээгээ Оросоос хангадаг Монголын эрчим хүчний түүхий эдийн нөөц, зах зээлийн өнөөгийн байдал, тээвэр логистикийн нөхцөл, түүхий эдийн нийлүүлэлтийн үнэ ханшийн талаар судлах, энэ чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгын хүрээнд Оросын “Аргус” агентлагаас “Монгол улсын эрчим хүчний салбар” семинарыг арваннэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа.

1970 оноос эхтэй тус агентлаг нь олон улсын эрчим хүчний түүхий эдийн зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, энэ төрлийн мэдээллийг бусад орнуудад нийлүүлэх бизнес хийдэг. Орос улсын төсвийг боловсруулахдаа мэдээллийнхээ 60%-ийг “Аргус” агентлагийн мэдээлэлд тулгуурладаг аж. 
     
“Аргус” агентлагийн мэдээллээр, Орос улс энэ оны эхний есөн сарын байдлаар 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг төмөр замаар Монгол руу экспортолжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 256 мянган тонноор нэмэгдсэн байна. Мөн хугацаанд Монгол улс нийт  900 мянган тонн бензин, дизель түлш Оросоос импортолсноос дизель түлш 230 мянга, бензин 26 мянган тонноор тус тус нэмэгдэж импортын өсөлтийг хангажээ. Монгол руу Оросоос газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 60%-ийг “Роснефть” компани хангаж байгаа. Эхний есөн сарын хугацаанд Эрхүү мужийн Ангарскийн НБҮ-ээс 340 мянган тонн дизель түлш, 290 мянган тонн бензин нийлүүлсэн байна.

Монголын дизель түлшний гол хэрэглээ төмөр зам, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар, тэр дундаа өмнөд бүс нутаг дахь зэсийн Оюутолгой, Тавантолгойн нүүрсний томоохон уурхай болохыг агентлагийн шинжээчид онцолж байлаа.  
Дизель түлш, бензинээс гадна Оросоос керосин, битум, шингэрүүлсэн хий, алкилат түлш зэргийг Монгол улс импортолж байна. Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэлт төмөр замаар хийгддэг бөгөөд Монгол улсын өнөөгийн дэд бүтцийн хязгаарлагдмал байдал нь тээвэрлэлтэд хүндрэл учруулж буйг “Аргус” агентлагийн ОХУ, ТУХН хариуцсан тэргүүн Вячеслав Мищенко өгүүлсэн юм. Тэрээр “Хэрэв Монголд 72 вагонтой цуваа ирэх тохиолдолд цуваа 20 вагонтой хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Энэ нь Монголын талын төмөр замын дэд бүтцийн хүчин чадалтай холбоотой. УБТЗ-ын ачаатай цувааны дээд хүчин чадал нь ойролцоогоор 4.5 мянган тонн буюу 54 цистерний жинтэй байгаа юм. Харин 72 цистерний жин нь 6 мянган тонн байдаг. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүнийг төмөр замаар Монгол улсын нутгаар дамжин транзит тээвэр хийж нэмэгдүүлэхэд хүндрэлтэй” хэмээн тайлбарласан юм. 



“Монголын эрчим хүчний салбар 2017” семинарын хүрээнд эрчим хүчний түүхий эдийн нэг нүүрсний асуудлыг хөндлөө. Нүүрсний томоохон экспортлогч Орос улс, гол худалдан авагч Хятад улстай хил залгаа орших Монголын нүүрсний зах зээлд ихээхэн анхаарал хандуулж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын мэдээллийг сонирхож буйг семинарын зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.

“Аргус” агентлагийн нүүрсний зах зээлийн шинжээч Павел Щеглов Оросын нүүрсний салбарын сүүлийн үеийн мэдээллийг танилцуулсан юм. 2016 онд тус улс 383.3 сая тонн нүүрс олборлосноос 164.7 сая тонн нүүрсийг экспортолсон бол энэ онд нүүрсний экспорт 24%-иар өсөхөөр байна. Эхний есөн сарын байдлаар нийт 142.4 сая тонн нүүрс экспортолжээ. Сүүлийн жилүүдэд Ази-Номхон далайн орнууд руу нүүрсний экспорт нэмэгдэж байгаа аж. Хятад руу Оросоос эрчим хүчний нүүрс голлон экспортолдог. Өнгөрсөн онд Хятад руу экспортолсон Оросын нүүрсний төрлийг задаргаагаар харуулбал, 13.7 сая тонн эрчим хүч, 2.6 сая тонн коксжих, 2.6 сая тонн антрацидийн нүүрс байгаа юм. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 3.6 сая тонн коксжих, 13 сая тонн эрчим хүч, 5 сая тонн антрацидийн нүүрсийг тус тус экспортлоод байна.

Монголоос Хятадад нийлүүлдэг нүүрсний дийлэнхийг коксжих нүүрс бүрдүүлдэг. Гэхдээ 2015 онд Оросоос Хятадад нийлүүлэх эрчим хүчний нүүрсний экспортод бууралт ажиглагдах үед Монголоос Хятад руу экспортолдог эрчим хүчний нүүрсний хэмжээ өсч буйг анзаарчээ. Монголоос Хятад руу экспортолсон эрчим хүчний нүүрс 2015 онд 1.7 сая тонн байсан бол 2016 онд 2.7 сая, энэ оны эхний есөн сарын үзүүлэлтээр 6 сая тоннд хүрч өссөн байгаа юм. Арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар, Оросын нүүрсний экспортыг хангаж буй Алс Дорнодын Восточный боомт дээр эрчим хүчний нүүрс 86.5-97.8 ам.доллараар үнээр гадаад зах зээлд нийлүүлэгдэж байна.

Монголын нүүрсийг Алс Дорнодын Восточный боомтоор экспортлох боломжийн талаар Монгол улсын Ерөнхийлөгч “Дорнодын эдийн засгийн форум” дээр мэдэгдсэнтэй холбогдуулан “Аргус” агентлаг тойм тооцоо хийж үзжээ. Ингэхдээ Монголтой газар нутгийн байршлын хувьд ойролцоо орших Казахстаны нүүрсийг Оросын нутгаар дамжуулан Алс Дорнодын боомтоор экспортлох зардалтай харьцуулсан байна. Агентлагийн мэдээллээр, арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар Казахстаны Шубарколь уурхайгаас нүүрс тээврийн бүх зардал багтаад Восточный боомтоор 1 тонн нь 81.13 ам.доллараар экспортлогдож 8 ам.долларын ашигтай байгаа юм. “Евразийн эдийн засгийн холбоо”-ны гишүүн орнуудын хувьд төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй тариф эдэлж, 20 ам.доллараар тээвэрлэдэг. Харин Монгол улсад Оросын талаас одоо үзүүлж буй төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 33.5 ам.доллараар тээвэрлэх юм. Хэрэв Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон болох юм бол тарифын зөрүү 13.5 ам.долларыг тонн тутамд хэмнэх боломжийг шинжээч илтгэлдээ тодотгов.        


Э.Оджаргал

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар