Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Нарны эрчим хүч: Энэтхэгийн цахилгааны хамгийн том шинэ эх үүсвэрээр тодров

Дэлхийн долоо дахь том эдийн засагтай улс болох Энэтхэг орны шинээр суурилуулж буй цахилгааны эх үүсвэрт нарны эрчим хүч нүүрснийхийг давсан тухай өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Ингэснээр шинээр суурилуулсан эрчим хүчний эх үүсвэрийн 39%-ийг нарны станцаас бүрдүүлж байна. Зөвхөн энэ оны байдлаар нийт 7.1ГВт хэмжээний нарны хавтангуудыг тус улсад суурилуулаад байна. Өнгөрсөн онд уг үзүүлэлт 4.3ГВт байсантай харьцуулахад энэ оны дүн хавьгүй өсөлттэй гараад байгаа тухай АНУ-д төвтэй Mercom Capital судалгаа, зөвлөгөөний компани мэдэгджээ.   

Энэтхэг улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 2022 он гэхэд ногоон эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 175ГВт-д хүргэхээр зорьж буй ажээ. Үүний 100ГВт нь нарных байна гэж төлөвлөөд байна. Гэхдээ энэ зуур нүүрсний станцын хүчин чадлын хэмжээ ч бас адилхан нэмэгдэх төдийгүй 2027 онд Энэтхэгийн нүүрсний хэрэглээ оргилдоо хүрээд буурах замдаа орох тухай IEEFA байгууллагын мягмар гаригт дэлгэсэн тайланд өгүүлжээ.

Өнгөрсөн оны хувьд Энэтхэгийн эрчим хүчний салбарт эргэлт гарсан жил байсан гэж хэлж болно. Учир нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын өргөтгөл анх удаагаа уламжлалт эрчим хүчнийхийг давжээ. Энэ жил ч энэ байдал үргэлжлэхээр байгааг PwC судалгааны байгууллагын ажилтан Амит Кумар тэмдэглэжээ.

2016 оны аравдугаар сарын байдлаар Энэтхэг улсын нийт эрчим хүчний 61 орчим хувийг нүүрс, 15.1%-ийг сэргээгдэх эрчим хүч, 14%-ийг ус, 8.1%-ийг хий, 1.9%-ийг цөмийн эрчим хүч, 0.3%-ийг дизель станц эзэлж байжээ.

Нарны станцын хувьд энэ онд үлэмж амжилт тогтоогоод байгаа ч дамжуулах сүлжээнд холбох ажилд тус улсын Засгийн газар хөшүүн хандаж байгаагаас гадна суурилуулалт энэ оны зорилтот хэмжээнээс даруй 3ГВт-аар доогуур байгаа ажээ.   

Энэтхэгийн зах зээлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх орон зай эрчимтэй тэлж буйн шалтгааныг шинжээчид энэ төрлийн цахилгааны эх үүсвэрийн үнэ тариф буурч буйн зэрэгцээ үр ашиг нь дээшилж байгаатай холбон тайлбарлаж байна.



Б.Төгс