Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Д.Бямбажав: Орон нутгийн загвар гэрээг өөрчлөх шинэчлэх шаардлагатай

“Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь” сэдвээр өмнө нь илтгэл тавьж, уул уурхайн салбарынханд танигдсан Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав энэ удаад Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь Орон нутгийн гэрээний хэрэгжилтийн  үр дүн, явц байдлын талаар  хийсэн судалгаа, зөвлөмжөө танилцууллаа.

Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд болсон тус хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ болон хувийн хэвшлийн төлөөллүүд, иргэний нийгмийнхэн оролцсон юм.    

Монгол улсад 2006 оноос Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчид Орон нутгийн гэрээ байгуулах үүргийг хүлээж ирсэн. Тэгвэл Д.Бямбажав докторын Орон нутгийн гэрээний хэрэгжилтэд хийсэн бодлогын судалгаа нь ОНГ-ний эрх зүйн зохицуулалт, гэрээ байгуулж ирсэн туршлага, тэдгээрийн давуу болон сул талыг үнэлэхийг зорьжээ.

Түүгээр зогсохгүй ОНГ-ний сайн туршлага, сургамжийг  судалгаагаараа тодорхойлон гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг санал болгохыг зорьсон гэдгээ тэрээр хэлэлцүүлгийн эхэнд онцолж байсан юм.

2006 оноос хойш цөөн тооны Орон нутгийн гэрээ байгуулагдаж иржээ. 2012 оноос Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд орон нутгийн гэрээний тухай мэдээллийг оруулдаг болсон ч нийт 200 гаруй  компаниас зөвхөн  “Орон нутгийн гэрээ” гэж үзэж болохуйц 30 орчим гэрээний л тухай маш товч мэдээлэл байх аж.

Энэ нь өнөөдөр Орон нутгийн гэрээг байгуулахад институцийн, бодлогын хөшүүргүүд үгүйлэгдэж байгааг харуулж байгаа нэг жишээ хэмээн Д.Бямбажав доктор ярилаа.

Орон нутгийн гэрээ байгуулах тухай хуулийн шаардлага хангалттай хэрэгжиж чадахгүй байгаагийн чухал шалтгаан нь Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дүгээр заалт  бөгөөд энэ нь уул уурхай, газрын тосны төсөлд холбогдох мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл олгох үйл явцтай ямар нэгэн холбоо, уялдаагүй байна.

Орон нутгийн загвар гэрээ нь зарим орон нутагт суурь жишиг болж буй хандлага байгаа бол ихэнх тохиолдолд орон нутгийн захиргаад түүнийг огт ашиглахгүй байгааг бодлогын судалгаа харуулж буй. Компаниудын хувьд  ч дорвитой хөшүүрэг болж чаддаггүй байна.

Д.Бямбажав доктор  орон нутгийн гэрээ хийх шаардлагатай эрдэс баялгийн төслүүдийн тоог цөөлөхийг санал болголоо. Үүндээ  бүх лиценз эзэмшигчдээс биш,  харин эрдэс баялгийн төслийн хэмжээ, үе шат зэргээс хамаарсан тодорхой босгыг үндэслэн зөвхөн зарим төслүүдээс гэрээ байгуулахыг шаардсанаар орон нутгийн гэрээ байгуулах, хуулийн зохицуулалтыг илүү  үр дүнтэй болгох аж.

Ингэснээр орон нутгийн гэрээ ба гэрээг байгуулах үйл явц чанаржиж, тэр хэмжээгээр уул уурхайн төслүүдээс ялангуяа том төслүүдээс орон нутагт очих үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал, 2168 хайгуулын лицензийг 42.1 заалтын үйлчлэх хүрээнээс хасч болно гэсэн саналыг тэрээр хэллээ.

Өнгөрсөн жилүүдэд хайгуулын лиценз эзэмшигч орон нутгийн гэрээ байгуулах тохиолдол маш ховор байгаа тохиолдолд загвар гэрээг өөрчлөх шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарчээ.

Ингэхдээ орон нутгийн гэрээнд зайлшгүй тусгах ёстой зөвлөлдөх үйл явц, түүний журам заавар, гэрээг дүгнэх, ил тод байдлыг хангах, гэрээний ил тод байдал, холбогдох хороо, шийдвэр гаргах  бүтцийг бүрэлдэхүүн, тайлагнах үүрэг хариуцлага зэрэг цөм заалтуудыг багтаасан Үндсэн хэсэг, талууд сайн дурын үндсэн дээр өөрчлөх, нөхцөл байдалдаа нийцүүлэн ашиглах боломжтой Дэд хэсэг гэсэн үгндсэн хоёр бүрдэлтэй байх нь илүү үр дүнтэй аж.

Энэхүү бодлогын судалгааг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс дэмжиж, орон нутгийн гэрээний хэрэгжилтийн мониторингийн төслийг хэрэгжүүлсэн төрийн бус байгууллагуудын тайлан, сургалт семинарын үр дүнд тулгуурлан боловсруулжээ. ББЗХ нь энэ оны гуравдугаар сард Нээлттэй нийгэм форумтай хамтран мониторингийн төслүүдийн тайланг олон нийтэд танилцуулах уулзалтыг зохион байгуулж байсан юм.

Г.Идэр