Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Монголын зах зээлд анх удаа PС-3000 экскаваторыг нийлүүлнэ



Комацу” брэндийн албан ёсны дистрибьютерээр 2009 оноос хойш тасралтгүй,  амжилттай ажиллаж байгаа “Трансвест Монголиа” компани харилцагчдынхаа боловсролыг ямагт эрхэмлэж,  тэдэнтэйгээ байнгын уялдаа холбоотой олон үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн нэг нь “Комацу” үйлдвэрийн сүүлийн үеийн, дэвшилтэт техникүүдийн тухай болон уул уурхайн салбарт өрнөж буй хамгийн сонирхолтой мэдээллүүдийг багцалсан цуврал сургалтууд юм.

Тиймдээ ч сургалт бүрийг салбар тус бүрээр мэргэшсэн,  өндөр түвшний мэдлэгтэй, туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүд удирдаж, Монголын уул уурхайн салбарынханд маш үр өгөөжтэй мэдээллийг өгдөг юм. Энэ удаад ч мөн  Брайс Шорт хэмээх эрхэм уригдаж “Том оврын гидр экскаваторууд” сэдвийн дор “Комацу” брэндийн техникийн хамгийн сүүлийн ололт  амжилт, давуу талуудын талаар ярилаа. Дэлхийд алдартай “Комацу Герман” үйлдвэрийн бүс хариуцсан Худалдааны менежер Брайс Шортын хувьд өмнө нь “Трансвест Монголиа” компанид жил гаруй хугацаанд ажилласан, Монголын соёл ахуй, уул уурхайн талаар мэдлэгтэй, туршлагатай инженер   юм. Тэрээр   “Комацу Герман” брэндийн Хойд Америк, АНУ, Канад болон Монгол дахь зах зээлийг дагнан  хариуцан ажилладаг. 1980-аад оноос уул уурхайн салбарт анх хөл тавьж, арав гаруй жилийн туршид уул уурхайн компанид ажиллажээ. Зэсийн уурхайгаас ажлын гараагаа эхлүүлсэн Брайс Шорт эрчим хүчний болон коксжих нүүрсний уурхайд амьдралынхаа ихэнх хугацааг зориулжээ.



Түүнчлэн “Трансвест Монголиа”-гийн хөрөнгө оруулагч  толгой компани болох SMS группын засвар үйлчилгээ хариуцсан менежерээр ажилласан гэдгээрээ  энэ салбарын хамгийн чадварлаг мэргэжилтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. SMS группыг  Канад дахь Комацугийн диллер гэдгийг уншигчид андахгүй.
Брайс Шорт SMS группт элснээс газрын тос ялган авдаг томоохон төслийг хариуцдаг байж. Энэхүү төсөл нь Канадын хойд хэсэгт хэрэгждэг ба дэлхийн газрын тосны гурван том төслийн нэг хэмээн тэрээр өөрийгөө товч танилцуулахдаа дурьдлаа.



Сургалт бүрийн эхэнд “Трансвест Монголиа” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх Монголын болон дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаад  тэрээр нүүрсний өнөөгийн зах зээл, ирээдүйн чиг хандлагын талаар харилцагч нарт тодорхой ойлголтууд өглөө.  

Өдгөө дэлхийд нүүрсний  баталгаат нөөц 861  тэрбум тонн бөгөөд Монгол улсын нүүрсний таамаг нөөц 173,3 тэрбум  тонн. Ерөнхийдөө дэлхийн нийт нүүрсний нөөцийн дийлэнх нь Азийн бүс нутагт харъяалагдаж байгаагаас манай хойд хөрш ОХУ нь дэлхийн нийт нүүрсний нөөцийн 14,1%-ийг, эрчим хүчний нүүрсний 14,3%, коксжих нүүрсний 7%-ийг  эзлэдэг байна.  Монгол улсын тухайд 2016 онд 25,8 сая тонн, 2017 оны есдүгээр сарын 30-ний байдлаар 25,7 сая тонн нүүрс экспортлосноос “Энержи Ресурс” ХХК 2,3 сая тонн баяжуулсан нүүрс, Эрдэнэс Тавантолгой 6,9 сая тонн нүүрс, орон нутгийн өмчит Тавантолгой 3,3 сая тонн, “Монголын алт” компани 3,6 сая тонн нүүрсийг тус тус экспортложээ хэмээн Д.Болдсүх захирал ярилаа. Тэрээр эдгээр мэдээллийг УУХҮЯ, Үндэсний статистикийн газар зэрэг  албан ёсны эх сурвалжаас авсан гэдгээ тодотгосон юм. 

Уул уурхайн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт, хөрөнгө оруулалтын орчинтойгоо ямагт уялдаж байдаг учраас Д.Болдсүх захирал энэ удаад экспортод томоохон байр суурь эзэлдэг нүүрсний салбарыг онцгойлон авч үзжээ.

Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд уул уурхайн салбарын гэнэтийн өсөлтөд ямагт бэлэн байх ёстойг өнгөрсөн түүх харуулдаг. 2011 онд  дэлхийд алдартай 110 том оврын техник Монголд нийлүүлэгдэж байсан нь өмнө нь гарч байгаагүй томоохон амжилт бөгөөд жилд 800 сая ам.доллар бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэж байв.
 
Тоног төхөөрөмжийн борлуулалт, нүүрсний экспортын хамаарал 94,1%-тай байдаг аж. Энэ утгаараа  2017 оноос уул уурхайн салбарт тодорхой сэргэлт бий болж байгаа ба цаашдаа  30 сая тонн нүүрс экспортлоход тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд нийлээд 700-800 сая ам.долларын импорт хийгдэх боломж харагдаж байгаа аж.
“Трансвест Монголиа” компани нь “Комацу” брэндийн бульдозер, гидр экскаватор, дугуйт ачигч, автосамосвал, авто грэйдер гэсэн үндсэн таван техникийг Монгол улсад нийлүүлдэг. Тэгвэл энэ удаад PС-3000, PС-4000, PС 5500, PС-7000, PС-8000 загварын Комацу экскаваторуудын борлуулалт, зах зээлийн асуудлыг хариуцан ажилладагийн хувьд  Брайс Шорт  энэ чиглэлийн мэдээллээ түлхүү танилцуулсан.  

“Энэ таван загвар нь шууд, урвуу утгуурын аль ч хэлбэрээр зах зээлд нийлүүлэгдэж болно. Мөн дизель болон цахилгаан хөдөлгүүртэй ч байж болно. PС-2000 экскаватор нь Японд үйлдвэрлэгддэг.Монголын зах зээлд, тухайлбал Хишиг Арвин Индустриал компанид 3, Оюутолгойд 1 ширхэг PС-2000 экскаватор ажиллаж байна. Би яг энэ төрлийн экскаваторын борлуулалтыг хариуцаж ажилладаггүй учраас  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн Брайс Шорт менежер ярилаа. Тэгвэл түүний борлуулалт, зах зээлийг нь хариуцдаг экскаваторуудын талаар товч танилцуулъя.

“Шууд болон урвуу утгууртай экскаваторуудын эд анги, ажиллах зарчим нь адилхан. PС5500 болон PС3000-ын хөдөлгүүр нь адил учраас хооронд нь сэлбэг эд ангийг шилжүүлж ашиглах боломжтой аж. “Комацу Герман”  үйлдвэр /KomatsuGermany  Manufacturing/ нь 110 жилийн түүхтэй. 1907 оноос анхны техникүүдээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 1954 онд дэлхийд  хамгийн анхны бүрэн гидр экскаваторыг үйлдвэрлэсэн гэдгээрээ ихээхэн алдаршжээ. “Урвуу, шууд утгууртай анхны универсал экскаваторыг манай үйлдвэр бүтээж байлаа” хэмээн Брайс Шорт  яриан дундаа тодотгож байсан.
“Комацу Герман” үйлдвэрийн тухайд өдгөө ч дэлхийн уул уурхай, техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт  манлайлагч  хэвээр байгаа  бөгөөд цаашид ч энэ үзүүлэлт, байр сууриа хадгална  гэдэгт тэрээр итгэлтэй  явдагаа нуусангүй.   Тус үйлдвэр нь 1980-аад оноос хойш үйлдвэрлэж, дэлхийн уул уурхайн зах зээлд  нийлүүлсэн том оврын экскаваторуудын тоо 1020-д хүрчээ.

Сонирхолтой баримт дурьдахад,  тус үйлдвэрийн бүтээсэн  техникүүд 1980-аад оноос хойш буюу өнгөрсөн хориод жилийн хугацаанд нийтдээ 150.000 мото цагаас дээшээ ажиллаж байгаа гайхалтай жишээ олон бий гэнэ.

Урт хугацаанд ажиллах чадвартай, олон жилийн төсөл дээр ажиллахаар  зориулагдсан, найдвартай, аюулгүй,  үр ашигтай,  өндөр чанарын  техникүүдийг үйлдвэрлэдэг нь “КomatsuGermany  Manufacturing” үйлдвэрийн  амжилт юм.“Техникийн найдвартай, бат бөх чанар гэдэг бол бэлэн байдлыг хангаж байгаа нэг  шалгуур үзүүлэлт. Бэлэн байдал өөрөө бүтээмжийг бий болгодог. Харин бүтээмжийг үр ашиг гэж ойлгох хэрэгтэй” гэдгийг Брайс Шорт хэлж байсан юм.
Монгол улсад PС3000 экскаваторууд анх удаа нийлүүлэгдэх гэж буй учраас дилерийн тасралтгүй дэмжлэг, сэлбэг хэрэгслийн найдвартай хангамж юу юунаас чухал байгааг саяхан Монголд ирээд буцсан “Комацу Герман” үйлдвэрийн Сэлбэг хариуцсан дэд Ерөнхийлөгч онцолсон гэдэг.  Тиймдээ ч PС3000-ийг нийлүүлсэн эхний хоёр гурван жилд хэрэглэгдэх сэлбэг хэрэгслийг тооцоог “Трансвест Монголиа” компанийхан нарийн тооцоолж, судалгааны ажлаа хийж буй. Тус компанийн зүгээс энэ чиглэлээр гурван засварчныг хоёр долоо хоногийн хугацаатай сургалтад хамруулж байгаа бөгөөд PС3000-ийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах үүднээс хоёр талаас ихээхэн хүчин чармайлт, анхаарал тавьж ажиллаж байгаа аж.

“Комацу Герман” үйлдвэр бол экскаваторуудын загвар дизайныг зохиож,  төмөр бэлдэцээ бэлтгэхээс нь авахуулаад шууд үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдгээрээ “Комацу” техникүүдийг угсарч, борлуулдаг үйлдвэрүүдээс ялгардаг. Үйлдвэр дээр гэхэд робот гагнуурууд ажиллаж байдаг. Бэлэн болгосон техникүүдийн маш нарийн тестлэж, шалгадаг байна. “Манайд үйлдвэрлэсэн бүх экскаваторыг би Бүтээлийн машин гэж нэрлэх дуртай. Анхнаасаа бид энэ бүхнийг тооцож үйлдвэрлэдэг юм” хэмээн Брайс Шорт менежер сургалтын төгсгөлд өгүүлж байлаа.

“Том оврын гидр экскаваторууд”  сургалтад Монголын уул уурхайн компаниудын удирдлагууд, менежерүүд, банкны салбарынхан, уул уурхайн судлаач, шинжээчид, Шинжлэх ухаан, технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд олноор оролцлоо.