Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт есдүгээр сард 2.3 сая тоннд хүрч буурав

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний гурван улирлын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.4%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.1 тэрбум ам.доллартай тэнцсэн бол экспорт 4.6 тэрбум ам.доллартай гарсан нь гадаад худалдаа 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсныг харуулж байна.

Эрдсийн экспортын тухайд оны эхний есөн сарын байдлаар 3.65 орчим тэрбум ам.доллартай тэнцэж, улсын нийт экспортын 80%-ийг эзэлсэн хэвээр байна.


Орлогын дүнгээр тэргүүлж буй нүүрсний экспорт мөн хугацаанд биет жингээр 25.8 сая тоннд хүрч, орлогын дүн нь 1.73 тэрбум ам.доллартай тэнцжээ. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний экспорт дангаараа 2.3 сая тоннд хүрсэн нь өмнөх наймдугаар сарын экспортоос 100 мянган тонноор буюу 4.2%-иар буурсан дүнтэй гарчээ. Харин нүүрсний экспортын эхний гурван улирлын дүн мэдээ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад орлогын хувьд 3.4 дахин өссөн бол биет жингийн хувьд 59%-иар нэмэгдсэн дүнтэй гарч байна.

Зэсийн баяжмалын экспорт мөн хугацаанд биет жингээр  1 сая 84.5 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.1%-иар буурсан бол орлогын дүн нь 1 тэрбум 155 сая доллартай тэнцэж, 9.3%-ийн бууралттай гарчээ. Цэвэр зэсийн экспортын тухайд эхний есөн сарын байдлаар 12.1 мянган тонныг гадагш нийлүүлж, 69.6 сая долларын орлого олсон нь жингийн хувьд 8.2%, үнийн дүнгээр 37.3%-иар өссөнийг илтгэж байна.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын хувьд оны эхний есөн сарын байдлаар жингээр 9.9 тонн хүрч, үнийн дүнгээр 402.7 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.4-0.9%-иар дээшилсэн үзүүлэлттэй гарлаа.

Боловсруулаагүй газрын тосны экспорт оны эхний гурван улирлын байдлаар 5.63 сая баррельд хүрлээ. Харин экспортын үнийн дүн нь 272 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 15.1%-иар өссөн гэсэн үг юм. Гэхдээ биет жингийн хувьд газрын тосны экспорт 4.7%-ийн бууралттай гарчээ.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний есөн сард жингээр 4.36 сая тонн, орлого нь 231.5 орчим сая доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр ялимгүй өсөлттэй, орлогын хувьд 38.6%-иар ахисныг илтгэж байна.

Цайрын баяжмалын экспорт энэ хугацаанд жингийн хувьд 90.7 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 7.3%-иар буурсан ч орлого нь 133.6 сая доллар буюу 22.8%-ийн өсөлттэй гарчээ.

Жоншны баяжмалын экспорт мөн хугацаанд 215.7 мянган тоннд хүрч, 55.2 сая долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл жоншны экспорт өмнөх оны мөн үеийнхээс жингээр 14.4%, орлогын дүнгээр 21.1%-иар өсөөд байна. Молибденийн хувьд ч мөн адил экспорт нь биет жин, орлогын дүнгийн аль аль нь дээшилсэн дүнтэй гарлаа. Оны эхний есөн сард молибденийн экспорт 4.9 мянган тонн, үнийн дүн 27.5 сая доллартай гарсан нь жингийн үзүүлэлт 19.6%, орлого 52.4%-иар өсөөд байна.

Хар тугалганы тухайд нийт экспортын үзүүлэлт жингээр 11.8 мянган тонн, үнийн дүнгээр 29.9 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 дахин өссөн дүн боллоо.

Харин гянтболдын экспорт энэ оны эхний гурван улирлын байдлаар 34 хувиар буураад байна. Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт жингийн хувьд 737.3 тонн, үнийн дүн нь 5.3 сая доллараар тэмдэглэгджээ.

 

 
Б.Төгс