|

Хятад төмрийн хүдрийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцална

2017 оны 10 сарын 12
Гэрэл зургийн эх сурвалж: bendtechgroup.com.au

2019 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гол хэрэглэгч улс Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд төмрийн хүдрийн олборлолт явуулдаг уурхайнуудын тусгай зөвшөөрлүүдийн 1/3-ийг цуцлахаар төлөвлөж байна. Цуцлах тусгай зөвшөөрлүүд нь хүдрийн агуулга доогуур, нөөцийн хэмжээ багатай ордуудад ихэнхдээ хамаарах юм. Одоогоор 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлахаар мэдэгдэл хүргүүлсэн тухай Хятадын төмөрлөгийн уурхайнуудын ассоциацийн Ерөнхий инженер Лэй Пинси мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд тус улсын төмрийн хүдрийн олборлолт явуулдаг 3000 гаруй уурхай өнөөгийн байдлаар 1900 болж буураад байгаа юм. 2016 онд Хятадын төмрийн хүдрийн олборлолт 3%-иар буурч 1.28 тэрбум тоннд хүрсэн.

Энэ долоо хоногийн мягмар гаригийн байдлаар Хятадын Циндао боомт дээр нэг тонн төмрийн хүдэр 61.1 ам.долларын үнэтэй байна. Тэгвэл Далианы боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай баяжмалын үнэ 2%-иар буурч 440 юаниар худалдаалагдаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын далайн боомтуудын төмрийн хүдрийн нийт нөөц 0.5%-иар өсч 133.9 сая тоннд хүрчээ.

Нийлүүлэгч гол улс Австралийн далайн боомтууд дээр төмрийн хүдрийн үнэ мөн л буурч 59 ам.доллараар худалдаалагдаж байна. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдож байгаа юм. The Steel Index агентлагийн мэдээллээр, есдүгээр сар эхэлснээс хойш дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 20%-иар буураад буй.

Э.Од

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар