|

Ганцмодны боомт дээр татан авалтын тодорхойгүй байдал үргэлжилсэн хэвээр байна

2017 оны 10 сарын 5

Э.Од

Гашуунсухайт-Ганцмодны боомтоор оны эхний найман сарын байдлаар 13 сая тонн нүүрс  БНХАУ-д гаргажээ. 2016 оны мөн үед Гашуунсухайт-Ганцмодны боомтоор тээвэрлэн гаргасан нүүрсний хэмжээ 6.6 сая тонн байсан бөгөөд энэ жилийн хувьд дөрвөн сарын өмнө өнгөрсөн жилийн амжилтад хүрээд байна. Нүүрсний экспорт ийнхүү нэмэгдсэн нь БНХАУ-ын нүүрсний эрэлтийг дагаж нийлүүлэлт өссөнтэй холбоотой юм.

Зах зээл таатай байгаа үед Монголын нүүрсний экспорт нэмэгдэж, салбар сэргэх хандлагатай болж ирсэн ч нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр саатал үүссэнээр экспортын үзүүлэлт саарч эхлэв. Долдугаар сарын сүүлчээс Ганцмод боомт дээр татан авалтын тодорхойгүй байдал үүссэн юм. Хятадын талын Ганцмодны боомт нь нүүрс хүлээж авдаг 4 гарцынхаа 2 гарцыг тодорхойгүй  хугацаагаар хаасантай холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан машины урт дараалал үүсчээ.

2017 оны статистик үзүүлэлтээр оргил үедээ хоёр улсын боомтоор өдөрт 1605 машин гарч байсан бол одоо гурав дахин буурч, 450-500 машин гарч байна. Үр дүнд нь Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан машины дараалал хамгийн уртдаа 124 км хүрч байсан бол одоогийн байдлаар 100 гаруй км үргэлжилж байгаа юм. 1 км дарааллыг 40 машин үүсгэдэг. 100 км-ээр тооцвол 4000 орчим машин дараалалд зогсож байгаа хэрэг.

Татан авалтыг бууруулж, дөрвөн гарцаа хоёр болгосон шалтгааны талаар Хятадын талаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Ганцмодны боомт дээр үүссэн нөхцөл байдлын талаар Монголын Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчид есдүгээр сарын 7-нд Хятадын Хилийн гаалийнхантай уулзалт хийжээ. Хятадын гаалийн байгууллагын зүгээс саатуулж буй зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Монголын талаас мөн Ганцмодны Боомтын зөвлөлд асуудлаа тавьсан ч гарцыг хаасан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэсэн хариулт өгсөн тухай Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ Coal Mongolia хурлын үеэр мэдэгдсэн.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадын ургацын баяртай холбогдуулан аравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Ганцмодны боомт 4 хоног амрах төлөвтэй байна. “Гашуунсухайт авто зам” ХХК-аас энэ байдлаар 20 хоногоор ч дараалалд зогсож болзошгүй тул тээвэрлэлтээ зохицуулахыг тээвэрлэгч компаниудад сануулаад байна.

Гашуунсухайтын боомтоор Өмнөговь аймаг дахь Тавантолгойн бүлэг ордоос “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн ‘Тавантолгой” компаниуд нүүрсээ экспортолдог. Орон нутгийн “Тавантолгой” компанийн  төлөвлөгөөт  3 сая тонн нүүрс бүрэн гарсан бол “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компаниудын график дутуу, тасалдалтай явж байгаа аж.

Энэ байдлаар нүүрсний татан авалтын тасалдал тодорхойгүй хугацаанд үргэлжилсэн хэвээр байх нь.

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар