|

Дэлхийн банк: Монголын өсөлт хасах үзүүлэлтээс нэмэх болов

2017 оны 10 сарын 4

Дэлхий банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус банк Монголын 2017 оны өсөлтийн төлөв -0.2%-тай байна гэж тооцож байсан бол аравдугаар сарын тайланд өсөлтийг 2.8%-тай байна гэж тэмдэглэжээ. Үүнд макро эдийн засгийн тогтворжуулалтын хөтөлбөр болон нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Гэхдээ өсөлт сайн байгаа ч улс төрийн тогтворгүй байдал, цаг уурын нөхцөлөөс үүдсэн хүндрэл, түүхий эдийн үнийн савлагаа, бүсийн тогтворгүй байдал зэрэг нь манай улсын төлөвт эрсдэл учруулж болзошгүйг давхар тэмдэглэсэн байна.

Монголын хувьд макроэдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн дүнд уул уурхай болон тээврийн салбарт өсөлт гарч байгаа нь 2017-2018 оны өсөлтийн төлөвийг сайжруулж байгааг тайланд тэмдэглэсэн байна.

Мөн манай улсын төсвийн алдагдал энэ онд мэдэгдэхүйц буурахаар байгааг тайланд  дурджээ. Өнгөрсөн онд төсвийн алдагдал ДНБ-ийн 17%-тай гарч байсан бол энэ оны хувьд төсвийн алдагдал 8.4%-тай тэнцэхээр байна.

Эдийн засгийн бусад үзүүлэлт, тэр дундаа өрхийн орлого, дундаж цалингийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөнөөс гадна экспортын хэмжээ багагүй хувиар өснө гэж тооцжээ.

Ийнхүү манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд 2.8%-тай байхаар тооцсон бол ирэх онд 3.1%, 2019 онд 7.3%-тай байна гэж төсөөлж байгааг тайланд тэмдэглэсэн байна. Гэхдээ Монголын дунд хугацааны өсөлтөд уул уурхай, худалдаа, тээврийн салбарт хийх хувийн хөрөнгө оруулалтын өсөлт голлох үүрэгтэй байхыг сануулжээ.

Тус тайланд мөн УИХ саяхан Засгийн газрыг огцруулсан явдал нь төсвийг нэгтгэх хөтөлбөрийн хэрэгжилт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтад эерэг таатай орчныг бүрдүүлэх зэрэг Засгийн газрын үйл хэрэг цаашид хэвийн үргэлжлэх эсэхэд тодорхойгүй байдал үүсгэж, хүлээлт бий болгосныг дурджээ. Улс төрийн ийм өөрчлөлт нь Засгийн газрын бондыг дахин санхүүжүүлэх ажлыг ярвигтай болгож мэдэх бөгөөд хэрэв энэ эрсдэл бодитоор биелэх аваас төсөөлж буй өсөлтийн явцыг сулруулах болно гэж тайланд онцолжээ.

Түүнчлэн түүхий эдийн үнийн хэлбэлзэл Монголын өсөлтөд нөлөөлж болзошгүй бөгөөд үүнд хариу болгож Засгийн газрын зүгээс экспортын орлогыг зөв зохистойгоор удирдах нь чухал болохыг анхааруулсан байна.

Харин Зүүн Ази, Номхон далайн бүсийн хувьд энэ онд бүс нутгийн хэмжээнд 6.4%-иар өсөхөөр байгаа юм. Дэлхий эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв сайжирч, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгуудын дотоодын эрэлт нэмэгдэж байгаагаас тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв байдал эерэг байна хэмээн Дэлхийн банкнаас бүс нутгийн шинэ тайланд дурджээ. Ийнхүү өмнө төсөөлж байсантай харьцуулахад өсөлтийн төлөв өндөр гарсан нь Хятадын эдийн засгийн өсөлт 6.7%-д хүрэхээр байгаатай холбоотой ажээ. Гэхдээ цаашид Хятад улсад хөрөнгө оруулалтад шүтсэн бус дотоодын хэрэглээнд түшсэн өсөлтийн горим руу чиглэсэн аажим шилжилт үргэлжлэх төлөвтэй байгаа юм. 2018 онд тус улсын эдийн засгийн өсөлт удааширч 6.4% болж буурах төлөвтэй байна гэж Дэлхийн банкны бүс нутгийн эдийн засгийн тайланд тайлбарлажээ.

 

Б.Төгс

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар