Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Институцийг бэхжүүлэх сургалтыг яагаад залуу мэргэжилтнүүдэд зориулах ёстой вэ?


Ж.Мэндээ (Бритиш Колумбын их сургууль)
Мария-Лью Эрмиш (Канадын олон улсын нөөц, хөгжлийн хүрээлэн)


 Монголын аль ч байгууллагад ачааны хүндийг залуу мэргэжилтнүүд үүрдэг. Ялангуяа төрийн албанд зүтгэж буй залууст аливаа бодлого, шийдвэрийн анхны төслийг боловсруулах хариуцлагатай үүрэг ногддогийг тооцвол бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, өөрчлөх үйл явцад залуу мэргэжилтнүүд ихээхэн чухал үүрэгтэй хүмүүс юм. Хүн амд эзлэх залуусын тоогоор тэргүүлдэг Монгол улсын хувьд энэ нь бүр ч илүү байж болох юм. Гэвч залууст мэргэжлийн хувьд өсч хөгжих боломж хомсхон бөгөөд тэдний хувь нэмрийг үл ойшоох, ажлын туршлагагүй, системтэй мэдлэггүй, чадвар муутай гэж үзэх хандлага нийгэмд давамгайлах нь бий. Энэ хандлагыг засахад өчүүхэн ч болов хувь нэмэр оруулах зорилгоор Канадын Олон улсын нөөц, хөгжлийн хүрээлэн нь  Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь салбар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран уул уурхайн чиглэлээр ажиллаж буй залуу мэргэжилтнүүдэд зориулсан сургалт семинарыг өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан билээ.

Энэхүү арга хэмжээнд Афганистан, Киргизийн залуу мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан юм. Уул уурхайн бодлогын сургалтыг зохион байгуулахад нэн тохиромжтой газар бол яах аргагүй Монгол юм. Монголын уул уурхайн салбар хөгжлийн өвөрмөц гурван үе шатыг дамжин хөгжиж байна. 1924-1990 оны буюу Зөвлөлтийн болон бусад социалист улс орнуудын тусламжид тулгуурласан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе. Үүний дараагаар улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн буюу зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үе. Улмаар өнөөгийн буюу байгалийн баялагийн үнийн өсөлт, бууралт бүтэн циклийг мэдэрсэн 2000 оноос хойшхи үе.

Эдгээр үе шат нь хоорондоо нягт харилцан хамааралтай төдийгүй энэ үе шат бүрийн мэргэжилтнүүд өөр өөрийн онцлогтой мэдлэг чадвар, дадлага, туршлагатай.
Өнөөдөр уул уурхайн салбарын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь мэргэжлийн суурь боловсролоо 1970-1980 онд социалист хамтын нөхөрлөлийн улс орнуудад олж авсан байхад 1990-ээд оноос хойших үеийнхэн барууны улс орнууд, түүнчлэн хөрш зэргэлдээ улсад янз бүрийн түвшинд сурч, боловсорсон байх жишээтэй. Энэ утгаараа Монгол улс бодлогын аливаа сургалт явуулахад яах аргагүй үр өгөөж ихтэйд тооцогдоно.

Гэхдээ ийм өвөрмөц нөхцөлд ажиллах, уул уурхайн салбарыг ирээдүйд авч явах мэргэжилтнүүд маань бас л харилцан адилгүй түвшинд бэлтгэгдсэн, давуу болон сул талтай. Өнөөдрийн залуу мэргэжилтнүүдийг суурь болон мэргэжлийн боловсролын байдлаар нь гурван ерөнхий ангилалд хувааж болно. Барууны улс орнууд болон хоёр хөршид сурч боловсорсон залуус байна. Тэдний хувьд олон улсын тэргүүлэх стандарт, туршлага, техник технологитой танилцсан давуу талтай байж болох юм. Удаах нэг хэсэг нь зөвхөн дотоодын их дээд сургууль төгссөн, уул уурхайн салбарт ажилласан туршлагатай бөгөөд тэд өөрийн орны онцлог, нөхцөл байдлыг сайтар мэдэрсэн байх учиртай. Тэгвэл гадаадын болон дотоодын их дээд сургууль, мэргэжлийн сургалтад аль алинд нь хамрагдсан өөр нэг хэсэг залуус байна. Тэдний хувьд асуудалд арай нээлттэй байдлаар хандах чадвартай, харьцангуй туйлшрахгүй байх магадлалтай. Гэхдээ аливаа сургалт, боловсролын түвшин нь суралцсан хугацаа, суралцагчийн өөрийн боломж чадвараас хамаараад харилцан адилгүй. Ийм учраас харилцан адилгүй түвшин, орчинд бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүдийг дадлагажуулах, ялангуяа тэдэнд бодлого боловсруулах чадварыг системтэйгээр олгох шаардлагатай юм.

Ингэснээр, залуу мэргэжилтнүүд нэгдүгээрт, харилцан бие биенээсээ сурах, хоёрдугаарт, аливаа бодлогын асуудлаар хамтран ажиллах, дадлагажих, гуравдугаарт, ахмад мэргэжилтнүүд, экспертүүдээс хамтаар суралцах боломжтой. Бодлогын сургалтын онцлог нь залуу мэргэжилтнүүдэд тодорхой бодлого гаргах асуудалд системтэй хандах арга барилыг олгоход чиглэдэг. Үүний тулд залуус тодорхой асуудлыг шийдэхийн өмнө судлах, бодлогын хувилбаруудыг боловсруулах, эдгээр хувилбарыг мэргэжилтнүүд болон шинжээчдэд танилцуулж, улмаар бодлого боловсруулах бүтэн циклд ажиллах, үр дагаврыг урьдчилан тооцох дадлага, чадвартай болох учиртай. Ингэж чадвал засаглалыг сайжруулах, тухайлбал уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна. Учир нь эдгээр залуу мэргэжилтнүүд уул уурхайн салбарын бодлогын уламжлалыг хадгалах, тогтвортой байдлыг хангах, мөн үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг гардан хэрэгжүүлэгчид болох нь тодорхой.

Энэ удаагийн сургалт-семинарт оролцогчдыг сонгохдоо, зохион байгуулагчид 35-аас доош насны, уул уурхайтай холбоотой асуудлаар төрийн байгууллага, уул уурхай компани болон иргэний нийгмийн байгууллагад 1-ээс багагүй жил ажилласан байх шалгуур тавьсан.  Улмаар сургалт-семинарт Монголын 15 залуу мэргэжилтэн (төрийн байгууллага, уул уурхайн компани, иргэний нийгмээс тус бүр 5 хүний төлөөлөлтэйгээр), Киргизийн 4, Афганистаны 1 залуу мэргэжилтэн оролцсон юм. Ингэхдээ сургалт-семинарыг бодлогын тодорхой асуудлуудтай залуу мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцах, асуудлыг бие даан шийдвэрлэх дадлага хийлгэхэд илүү анхаарсан билээ. u

Энэ нь Канадын Олон улсын нөөц, хөгжлийн хүрээлэн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс өмнө зохион байгуулсан хоёр удаагийн сургалт-семинарт оролцогчдоос өгсөн үнэлэлт, хүсэлт, мөн хамтрагч байгууллагуудын хэрэгцээнд тулгуурласан юм. Өмнөх сургалтуудыг төрийн оролцооны асуудлаар 2016 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод, мөн оны 11 дүгээр сард Киргизэд зохион байгуулсан бөгөөд дээрх сургалтуудыг санаачлан, хамтран зохион байгуулагч нь Монгол улсын Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сан байсныг дурдах нь зүйтэй.

Налайхын хаягдсан уурхай - Өнгөрснөө харж, ирээдүйг төсөөлөх нь

Уурхайн хаалтын бодлого байхгүй бол юу болдгийг харуулах зорилгоор сургалт-семинарыг Налайхын уурхайгаас эхэлсэн билээ. 1922 оноос эхлэн ашиглаж эхэлсэн тус уурхай нь Монголын хамгийн анхны том хэмжээний уурхай болсон. Налайхын уурхай   төмөр зам, зам, эрчим хүч зэрэг өөрийн дэд бүтэцтэй төдийгүй уурхайд түшиглэсэн хот суурин ч байгуулагдсан. Ялангуяа, уул уурхайн салбарын хөгжлийн оргил үе буюу 1970-1980-аад оны үед Налайх нь уул уурхайн мэргэжилтнүүдээрээ, тэдгээр мэргэжилтнийг бэлтгэх томоохон бааз суурь болж чадсанараа  алдартай байлаа. Гэвч 1990 онд тус уурхайд болсон 20 орчим хүний аминд хүрсэн томоохон дэлбэрэлт, түүнчлэн ЗХУ задран унасны улмаас Зөвлөлтийн тусламж зогссон зэргээс шалтгаалан уурхайг зохих журмын дагуу хаалгүй, зүгээр л “хайхралгүй” орхисон билээ. Уурхайн хаалтын төлөвлөгөө байсангүй. Түүнээс хойш Налайхын уурхай дэлхийн хамгийн аюултай нүүрсний далд уурхай болон хувирч, жилдээ 20-25 бичил уурхайчин хувиараа ашигт малтмал олборлож байгаад амь насаа алдаж байна. Хувиараа ашигт малтмал олборлогчдын эмх замбараагүй үйл ажиллагааны үр дүнд байгаль орчин сүйдэж, Налайх дүүргийн нийгэм-эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байна. Энэ бүхний гол бурууг уурхайд хаалтын бодлого байгаагүйнх гэж   залуу мэргэжилтнүүдэд тайлбарлаж байв.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд Налайхын уурхайн өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээлийн талаар залууст ярихдаа, цаашид хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн нөхөрлөлд шилжүүлэх, хөдөлмөр хамгааллын стандартыг мөрдүүлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулсан билээ. Ярилцлагын үеэр орон нутгийн удирдлагууд хууль эрхзүй бодлогын орчны зөрчил, хүндрэлтэй асуудлуудаар санал солилцож, бичил уурхай эрхэлж буй иргэдийг орлогын өөр эх үүсвэртэй болгох хувилбаруудаар санал солилцсон юм. Түүнчлэн, орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс Налайхын уурхайг ашиглан Монголын анхны уул уурхайн музей байгуулах санаачилга дэвшүүлж байгаагаа тайлбарласан билээ. Дэлхийн олон улс оронд ашиглахаа больсон уурхайг танин мэдэхүй, боловсролын чиглэлээр музей болгодог жишээ бий.

Залуу мэргэжилтнүүдийг Налайхын уурхай дээр очиход уурхайн аврах ангийн ажилтнууд бичил уурхайчдын үйл ажиллагаа, аврах ажиллагааны талаар танилцуулсан юм. Нэгэн цагт хэвийн ажиллаж байсан Монголын томоохон нүүрсний уурхай буруу, бодлогогүй үйл ажиллагааны улмаас юу болж хувирсныг газар дээр нь үзэж танилцсан билээ. Налайхын ЗДТГ-ын ажилтнуудын мэдээлснээр жилдээ 1086 хүн хөдөлмөр хамгаалал хамгийн хангалтгүй нөхцөлд нүүрс олборлодог бөгөөд одоогоор нийт нөөцийнхөө дөнгөж 3/1-ийг ашиглаад байгаа аж. Уул уурхайг зохистой хөгжүүлэхэд бодлогын оновчтой зохицуулалт, шийдэл хэчнээн чухал болохыг мэдрүүлэхэд Налайхын уурхайд хийсэн нэг өдрийн сургалт чиглэсэн билээ.



Монголын нүүрсний уурхайн хоёр загвар

Налайхын уурхайн дараагаар, сургалтад оролцогчид дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгой нүүрсний орд газар үйл ажиллагаа явуулж буй төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” болон хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компанийн уурхайтай газар дээр нь очиж танилцсан юм. Энэхүү аяллын өмнө залуу мэргэжилтнүүдэд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн засаглалд хийсэн үнэлгээний дүнг танилцуулж, төрийн өмчит улсын үйлдвэрийн түүх, бүтэц, зохион байгуулалт, сул болон давуу талаар хараат бус шинжээчидтэй ярилцах боломж олгосон юм. Дээрх хоёр уурхайн байдалтай танилцсанаар залуу мэргэжилтнүүд төрийн болон хувийн хэвшлийн уурхайн сул болон давуу талыг харьцуулах боломжтой болсон. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани нь оператор компаниудтай гэрээ байгуулж, олборлолтод голлон анхаардаг бөгөөд компанийн нийгмийн хариуцлага болон орон нутгийн эдийн засгийг дэмжих, дэд бүтцэд бага ач холбогдол өгч байна. Харин хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компани нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, ус дахин ашиглах байгууламж, орон нутгийн дэд бүтцийг бэхжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зэргээр асуудалд цогц байдлаар ханддаг нь оролцогчдод тодорхой харагдсан юм.

Залуу мэргэжилтнүүд энэхүү танилцах аяллын үеэр уурхайн мэргэжилтнүүд болон орон нутгийн иргэдтэй уулзаж, уул уурхайн томоохон төслүүдийн байгаль орчины болон нийгэм-эдийн засгийн нөлөөллийн талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй болсон нь дамжиггүй. Нүүрс тээвэрлэлтийн асуудал үүний нэг тод жишээ болж байв. Хэдэн мянган хүнд даацын ачааны машин 50-60 км дараалал үүсгэн нүүрс зөөж байгаа нь байгаль орчин болон иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд таагүй нөлөө үзүүлж байгааг залуу мэргэжилтнүүд нүдээр харсан билээ.


“Оюутолгой”-н Хамтын ажиллагааны гэрээн дээр хийсэн дадлага

Залуу мэргэжилтнүүдийн сургалтыг нэгтгэн зангидсан арга хэмжээ нь орон нутгийн хөгжлийг дэмжих гэрээний дээр хийсэн дадлага ажил байлаа. Саймон Фрэйзийн их сургуулийн Бэдигийн бизнес сургуулийн профессор Эрик Веркер хараат бус судлаач Д.Бямбажав нар энэхүү дадлагыг удирдсан билээ.

Дадлагын эхэнд профессор Веркер Канадын Камплупсын ойролцоох Нью Афтон алтны уурхай нутгийн уугуул иргэдийн хоёр овгийн төлөөлөлтэй байгуулсан орон нутгийн гэрээг жишээ болгон тайлбарлаж, орон нутгийн гэрээ байгуулах талаарх Канадын 30 орчим жилийн туршлагыг танилцуулсан юм. Сургалтад оролцогчдод уул уурхайн хөгжлөөр тэргүүлж буй улс орны жишиг, туршлагыг хуваалцах, онцлогийг ойлгуулахад энэхүү мэдээллийн зорилго оршиж байлаа.

Дараа нь оролцогчид уул уурхайн компани, төр засгийн байгууллага, орон нутгийн иргэд гэсэн гурван төлөөлөлд хуваагдаж, орон нутгийн гэрээ байгуулах талаар бүлгийн ажил хийсэн болно. Оролцогчдыг гэрээ байгуулагч талуудын “дүрд тоглуулсан”-аар оролцогч талуудын байр суурийг ойлгох, бусад талуудтай харилцан хэлцэл хийх, улмаар талуудын эрх ашигт нийцсэн гэрээ байгуулах үйл явцыг өөрсдийн биеэр мэдрэх боломж олгосон юм. Ингэхдээ гэрээ байгуулах үйл явцыг гурван үе шатад хувааж, үе шат  бүрийн дараа бүлгүүдийн хэлэлцээний үр дүнг сонсож, дараа нь бодит байдал дээр үйл явц яаж өрнөснийг шинжээч Д.Бямбажав танилцуулсан билээ. Дасгалын төгсгөлд Оюутолгой уурхайг ашиглахтай холбоотойгоор орон нутагтай байгуулах гэрээний ажлыг хариуцаж ажилласан, “Оюутолгой” компанийн Орон нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн ерөнхий менежер Ш.Байгалмаа болон аймгийн удирдлагыг төлөөлөн ЗДТГ-аас Ж.Сүх-Эрдэнэ нар оролцож, залуу мэргэжилтнүүдтэй нээлттэй ярилцсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм. Мөн “Говийн оюу” хөгжлийн хөтөлбөрийн захирал С.Эрдэнэбат орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, ЗДТГ-ын ажилтан Ганзориг Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөрийн бодлогыг танилцуулж, ярилцсан нь ихээхэн өгөөжтэй болов.


Дүгнэлт

Энэхүү сургалт-семинар нь Монголын 15 залуу мэргэ­жилтэнд харилцан суралцах боломж олгосноос гадна Кир­гиз, Афганистаны залуу мэргэ­жилтнүүдтэй хамтран ажиллах, ажил мэргэжлийн холбоо тогтооход тодорхой хувь нэмэр оруулсан юм.  Оролцогчид Монгол, Канадын мэргэжилтнүүдтэй хамтран уул уурхайн засаглал, менежментийн хувилбар, орон нутгийн хөгжлийн гэрээний тухай тодорхой ойлголттой болж, гэрээ байгуулах арга ажиллагаатай танилцаж, багахан ч гэлээ дадлага хийсэн билээ. Сургалт-семинар дууссан хэдий ч эдгээр залуусын ажил мэргэжлийн харилцаа холбоо цаашид үргэлжлэх нь тодорхой.

Энэ удаагийн сургалтаар зөвхөн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл явцыг тайлбарлан, таниулах дадлага хийгдсэн. Уул уурхайн салбар нь харьцангуй богино хугацаанд өргөжин хөгжиж байгаа Монгол улсын хувьд залуу мэргэжилтнүүдэд нягтлан судлах, ойлгох ёстой жишээнүүд олон бий. Тухайлбал, өмнөх бодлогын шийдлүүд болох Гэнэтийн ашгийн татвар (68 хувь), Урт нэртэй хууль, бичил уурхайн зохицуулалт гэх мэт бодлогыг залуу мэргэжилтнүүд судлах, ойлгох учиртай. Ингэхдээ эдгээр асуудлыг хариуцаж байсан туршлагатай мэргэжилтнүүдийг сонсож, өөрсдийн бодлогын хувилбарыг боловсруулах дадлага хийж, эдгээр хувилбаруудаа гадаад, дотоодын шинжээчдэд танилцуулж, суралцах нь зүйтэй юм. Ийнхүү залуу мэргэжилтнүүд бодлогын асуудалд системтэй, шүүмжлэлтэй хандах, түүнчлэн хамтран бодлогын хувилбар боловсруулж, үр дагаврыг тооцох зөв чадвар, дадлыг олгосноор уул уурхайн засаглалыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Хөгжлийн тусламжийн Засаглалын институцийг сайжруулахыг ихэнх хөтөлбөрүүд зорьдог. Ийм хөтөлбөрүүдийн хүрээнд залуу мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалт-семинар зохион байгуулах боломжтой. Ингэснээр залуус өөрсдөдөө итгэлтэй болж, ирээдүйд улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн бодлого, шийдвэр гаргагчид болох нь дамжиггүй. Монголын залуу мэргэжилтнүүдэд дадлагажих, харилцан суралцах боломж улам нэмэгдээсэй гэсэн чин хүслээр эл өгүүллийг бичиж байгааг болгооно уу.