Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн олборлолт 3.5%-иар өсөв

Өмнөговь аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа мэдээллээ.

Уг тайланд дурдсанаар тус компанийн уурхайн олборлосон хүдрийн хэмжээ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн нэгдүгээр улиралтай харьцуулахад 3.5%-иар нэмэгдэж 25 сая тоннд хүрчээ. Харин борлуулалтын хэмжээ өнгөрсөн улиралд 182 мянган тонн баяжмал худалдсан үзүүлэлттэй гарсан ч экспортолсон баяжмал дахь металын хэмжээ мэдэгдэхүйц буурсан байна. Тодруулбал баяжмал дахь металын агуулга буурсан тул өнгөрсөн хоёрдугаар улиралд алтны борлуулалтын хэмжээ өнгөрсөн нэгдүгээр улирлынхтай харьцуулахад 28%-иар буурч 23 мянган унц, зэсийн борлуулалт 5.6%-иар багасч 37.3 мянган тонн-оор тус тус тэмдэглэгджээ.

Харин оны эхний хагас жилийн байдлаар тус компани нийтдээ 347 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 372 мянган тонн баяжмал экспортолжээ. Гэхдээ үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.7%-тай болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ихээхэн буурсныг илтгэнэ. Уурхайн үйлдвэрийн метал авалтын хэмжээ ч оны эхний хагасын байдлаар мэдэгдэхүйц бууралттай гарлаа. Тухайлбал зэсийн метал авалт 74.7%, алтных 48.3%, мөнгөнийх 52.9% байна.

Энэ оны хувьд Оюутолгой уурхайгаас 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн байна.

Б.Төгс