Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголын нүүрсний экспортын дахин сэргэлт



Тавдугаар сарын байдлаар Монгол улс 15 сая тонн нүүрс экспортод гаргаснаар нүүрсний борлуулалтаас 1 тэрбум 11 сая доллар олоод байна. Энэ нь хар алтны салбарынхны хувьд 2011 оны аз, од гийсэн үеийн түүхэн амжилт руу дөхсөн үзүүлэлт болов. Хямралд туйлдсан эдийн засагт ч чухал үзүүлэлт юм.  

2011 онд 21.1 сая тонн нүүрс экспортолж, 2.25 тэрбум доллар олсон нь Монголын нүүрсний салбарт дээд амжилт гэж тэмдэглэгдэн үлджээ. 2016 онд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, 25.8 сая тоннд хүрснээр Монгол улсын түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болсон ба экспортын орлого 973 сая доллар хүрсэн нь 2011 оноос хойшхи хамгийн өндөр үнийн дүн байсан юм. Арван долоон оны эхний таван сар энэхүү үзүүлэлтийг эвджээ. Оны эхний таван сарын байдлаар эрдсийн экспортын тэргүүлэх түүхий эд зэсийг нүүрс ардаа орхин тэргүүлж эхлэв. 2011 онд экспортыг үргэлж өнгөлж ирсэн зэс нүүрсэнд анх байр сууриа тавьж өгсөн ч зах зээлийн таагүй нөхцөл байдлаас үүдэн нүүрс тэргүүлэх зэргээ буцаан алдсан билээ.  

Нүүрсний борлуулалтын сэргэлт нь зах зээлийн эерэг төлөв байдлаас гадна Монголын уурхайнуудын олборлолт, экспортоо нэмэгдүүлсэн хүчин чармайлтын үр дүн юм. Тодорхой хэлбэл, нүүрсний экспортын голлох компаниуд болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Монголын Алт”, “Чинхуа МАК Нарийнсухайт”, “Саусгоби сэндс”, “МоЭнКо”, “Өсөх зоос” зэрэг компанийн ханцуй шамласан ажлын үр өгөөж болохыг С.Болд-Эрдэнийн харьцуулсан мэдээллээс хараарай.

Монголын нүүрсний экспортын дийлэнхийг үүрдэг коксжих нүүрсний үнийн өсөлтөд үүлэн чөлөөний нар хэсэгхэн туссан ч муугүй өгөөжтэй байж чаджээ. Монголын нүүрс экспортлогчид зах зээлийн өөрчлөлтийг хурдтай мэдэрч, ашгаа тодорхой хэмжээнд өсгөсөн байна. Хэрэв ирэх саруудад коксжих нүүрсний зах зээлд өнөөгийн харьцангуй эерэг хандлага хэвээр хадгалагдваас Монголын нүүрс экспортлогчдод илүү таатайгаар нөлөөлж чадах юм. 2017 оны төсвийн тодотголд дурдсанаар, манай улс 25.8 сая тонн нүүрс экспортолж, 299.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Эхний 5 сарын байдлаар 60 гаруй хувийн биелэлттэй яваагаас уг төлөвлөгөө бараг давж биелэх дүр зураг харагдаж байна.

The Mongolian Mining Journal зургадугаар сарын дугаартаа онцлон хөндөж байгаа сэдэв нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын эдийн засаг цаашид хэрхэх тухай ОУВС-гийн тайлан. ОУВС хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд МАН-ын Засгийн газрын шийдэмгий байдалд итгэл төгс байгаа ч гол итгэл найдвар нь Тавантолгой, Оюутолгой, Гацуурт болон уул уурхайн бусад төсөл, эрдсийн зах зээлийн өөдрөг төлөв ажээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж эдийн засгаа аварч, улмаар тогтвортой хөгжилд хүргэхэд уул уурхайн төслүүдийн хэрэгжилт юу юунаас чухал зорилт болон тулгарч байна. Том төслүүдийг үгүйсгэж замын дунд нураалгүй, ажил болгох амаргүй даваа өмнө иржээ. Эс чадвал ОУВС-гийн их мөнгө эргээд хөмөрч мэдэх эрсдэл дагуулж байгааг тайлангийн агуулгаас дэлгэрүүлэн уншина уу.

 Өрнө дорныг холбосон эртний худалдааны замыг өнөө дахин сэргээн босгох өмнөд хөршийн бодлого дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Эх орныхоо имижийг эерэгээр харуулахыг зорьсон Си Жинпиний амбицтай төлөвлөгөөнд таван их наяд доллар цацна гэж байгаа. Уг санаачилга эрдсийн зах зээлд итгэл найдварын туяа цацруулж байна. Тавдугаар сарын Бээжингийн форумын дараа “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт дэд бүтцийн хөрөнгө оруулалт, гангийн хэрэглээнд хэрхэн нөлөөлөх талаар судалгааны байгууллагууд, уул уурхайн том компаниуд түүхий эдийн зах зээлийн боломжийг хэт өөдрөгөөр харсан төсөөлөл, таамаглалууд дэвшүүлж эхэлсэн юм. Харин эдгээр өөдрөг төсөөлөл хэр бодитой талаар Б.Төгсбилэгтийн тойм энэ дугаарт хэвлэгдэж байна.

2014 оны халуун зунаар Цагаансуваргад төр хувь эзэмшихгүй гэх шийдвэр гарсан бөгөөд The Mongolian Mining Journal хямралын ололт хэмээн тодотгон бичиж байв. Гэвч нэр бүхий УИХ-ын гишүүний “санаачилгаас” үүдэн, бэлэн шахуу төслийн хувь заяа хэсэг хугацаанд тодорхойгүй байдалд орсон юм. Үр дүнд нь Цагаансуварга төсөл бүтэн гурван жил таг чиг болсон. МАК-ийн Үйлдвэр, төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Г.Цогт Цагаансуваргын ажил эрчимжиж буй талаар гэрэлтэй мэдээг MMJ-ийн сэтгүүлчид дуулгажээ.