Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын импортын өсөлт зэсийн үнийг өсгөв

Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт сүүлийн нэг сар гаруй хугацаан дахь дээд хэмжээнд буюу 5764 ам.доллар/тонн-д (гурван сарын гэрээт үнэ) хүрлээ. Ийнхүү зэсийн үнэ өсөхөд Хятадын цэвэр зэсийн импортын хэмжээ өнгөрсөн сард харьцангуй өндөр байсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын цэвэр зэсийн импорт дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 30%-иар өсч 390 мянган тоннд хүрсэн байна. Зэсийн импортын дүн нь зах зээл шинжээчдийн тооцоолж байснаас дээгүүр гарсан нь зах зээл дэх уур амьсгалыг илүү эерүүлж байна.

Гэхдээ тус улсын цэвэр зэсийн импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.3%-иар буурчээ. Өнгөрсөн 2016 оны байдлаар Хятадын цэвэр зэсийн нийт импортын хэмжээ 4.95 сая тоннд хүрч дээд амжилт тогтоож байсан юм. Харин энэ оны эхний таван сарын байдлаар Хятадын цэвэр зэсийн нийт импорт 1.84 сая тоннд хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20%-иар доогуур байна. Зах зээл шинжээчдийн дунд Хятадын зэсийн импорт тавдугаар сард өссөн ч цаашид суларч магадгүй гэх хэсэг ч байна. Үүний зэрэгцээ тавдугаар сарын өсөлтийн дүн нь өнгөрсөн оны сарын импортын дундаж үзүүлэлтээс доогуур байгаа юм.

Харин хагас боловсруулсан түүхий эд буюу зэсийн баяжмалын импортын тухайд өнгөрсөн тавдугаар сард Хятад улс 1.15 сая тонныг гаднаас худалдаж авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20%, өнгөрсөн дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 15.4%-иар буурсан дүн болж байна. Ийнхүү зэсийн баяжмалын импорт буурсан нь дотоодын зэс хайлуулах томоохон үйлдвэрүүд тавдугаар сард урсгал засвартай байсантай холбоотой ажээ. Нөгөөтэйгүүр зэсийн баяжмалын томоохон нийлүүлэгч болох Чили улсын Эскондида, мөн Индонезийн Грасбэрг зэрэг уурхайн нийлүүлэлт буурсан нь тус улсын баяжмалын импорт багасахад нөлөөлжээ.

 

Б.Төгс