Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын амбиц ба зууны төсөл



Э.Жаргал

Хятад улс “Шинэ Торгоны зам” байгуулах амбицтай санаачилгаа дэлхийн улс орнуудад дахин санууллаа. Тавдугаар сард олон улсын анхаарлын төвд болсон “Бүс ба зам” форумаар дэлхийн 29 орны удирдагч болон олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудын өндөр албаны төлөөлөгч 130 орны 1500 зочдыг Бээжин хот сүр жавхлантай хүлээн авсан юм.

2013 онд Си Жинпин БНХАУ-ын төрийн эрхийг хүлээн авахдаа “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгаа анх удаа дэлхий нийтэд дуулгаж байлаа. “Бүс ба зам” буюу “Шинэ Торгоны зам” санаачилга нь “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Далайн торгоны зам XXI зуун”-аас бүрдэж байна. Хуурай газрын зам нь ӨМӨЗО-ны Шинжаан-Уйгарын автономит бүсээс эхлээд Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Ирак, Сири, Турк, Болгар, Румын, Чех, Герман улсаар дамжин 6500 км үргэлжлэх юм. Далайн зам нь Хятадын Гуанжоу хотоос Вьетнам, Тайланд, Малайз, Сингапур, Индонезиэр дамжин Энэтхэг улсад хүрэхээр төлөвлөжээ. Гэхдээ өнөөг хүртэл “Шинэ Торгоны зам”-ын хуурай замын чиглэл хэд хэдэн хувилбараар өөрчлөгдсөөр ирсэн юм. Геополитик болоод эдийн засгийн үр ашигтай, хамтын ажиллагаанаас хамаарч Хятад улс нь дэлхийг хэрэх худалдааны аварга сүлжээ замыг аль улсаар дайруулахаа шийднэ.
 
Энэ удаагийн “Бүс ба зам” форумаар дуулгасан хувилбараар “Торгоны замын эдийн засгийн бүс” нь гурван чиглэлтэй. Хойд- БНХАУ-аас Төв Азийн орнууд ОХУ-аар дамжин Хойд Европт хүрнэ. Төв- БНХАУ-аас Төв Азийн орнуудаар дайран Ойрхи Дорнод болоод газар дундын тэнгис чиглэх бол өмнөд нь БНХАУ-аас Зүүн-Өмнөд Азиар дамжин Энэтхэгийн далайд хүрэх гэнэ. Дэлхийн 65 орны далайн боомт, газрын тос, хий дамжуулах хоолой, авто болон төмөр замуудыг холбон улс дамнасан дэд бүтцийн парк, эдийн засгийн коридор бүхий аварга сүлжээ бий болгохыг Хятад улс хүсч байна. Улс орнууд ч “Бүс ба зам”-д нэгдэхэд бэлтгэн ОХУ “Евразийн эдийн засгийн коридор”, Монгол “Хөгжлийн зам”, Казахстан “Гэрэлт зам”, Вьетнам “Хоёр коридор, нэг тойрог”, Их Британи “Northern Powerhouse”, Польш “Хув зам”, Туркийн “Дунд коридор” зэргээр өөр өөрийн санаачилгыг дэвшүүлэх болсон юм.

Монгол улсын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хил залгаа хөрш орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахаар санамж бичиг байгуулж, энэ хүрээнд дэд бүтцийн 32 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү форум дээр ч  Монгол улсыг “Бүс ба зам” төслийн чухал хэсэг гэдгийг Хятадын удирдагчид зарласан.  

Хятад улсын зүгээс “Шинэ Торгоны зам” санаачилгадаа улс орнуудыг татан оролцуулахын тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хөшүүрэг хийж, 2014 оны 12 дугаар сард 40 тэрбум ам.долларын хөрөнгийн сантай “Торгоны замын сан”, 100 тэрбум ам.долларын Азийн дэд бүтцийн хөгжлийн банк (АДБХБ) байгуулсан юм. “Шинэ Торгоны зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд АДБХБ нь 9 төсөлд нийт 1.7 тэрбум ам.долларын зээл олгожээ. Харин “Торгоны замын сан”-гийн хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар давсан байна. Үүний зэрэгцээ Хятад улс нь Төв болоод Зүүн Европын 16 оронтой санхүүгийн “16+1” холдинг байгуулаад буй. “Шинэ Торгоны зам” санаачилга дор 2014-2016 оны хооронд гадаад хамтын ажиллагааны 305 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр үзэглэжээ. Ингэхдээ 20 оронд 56 эдийн засгийн чөлөөт бүс байгуулахдаа 180 мянган ажлын байр шинээр бий болгосон байна. Зөвхөн энэ оны эхний улиралд 34 тэрбум ам.долларын 1100 гэрээ байгуулсан аж. “Шинэ Торгоны зам”-д нэгдэх улс орнуудад ирэх таван жилд 600-800 тэрбум ам.доллар буюу нэг жилд 120-130 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. “Хамтдаа харилцан ашигтай хөгжих, эдийн засгийн нээлттэй дэлхийн зам буюу Зууны төсөл” гэж Си Жинпин “Бүс ба зам” форумын индрээс онцолсон юм.

“Бүс ба зам” форумын чухал зочдын нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байв. Орос улс “Хятад улсын стратегийн чухал түнш бөгөөд “Шинэ Торгоны зам”-ын санаачилгад хамтарсан мега төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн нэгэнтээ дэлхий нийтэд мэдэгдсэн байдаг. Путины энэ удаагийн Бээжин дэх айлчлалын гол зорилго нь Хятадын худалдаа арилжаа, бараа бүтээгдэхүүнийг Оросын газар нутгаар дамжин тээвэрлэх нь үр ашигтай гэдэгт стратегийн түншээ “итгүүлэх” юм. Орос орны хувьд Сибир, Алс Дорнодын бүс нутаг хөгжил сул. Байгалийн нөөц баялаг ихтэй ч дэд бүтэц хөгжөөгүй алслагдмал эдгээр бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэх бодлого барих болсон билээ. Стратегийн энэ бодлогын хүрээнд Орос орны газар нутгаар хөндлөн явсан Транссибирийн төмөр зам болон БАМ-ын шугам дагуух коридорыг хөгжүүлэхээр “Евроазийн эдийн засгийн коридор” санаачилгыг дэвшүүлээд буй. Ингэхдээ “Шинэ Торгоны зам”, Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын алинд ч бай оросууд Хятад улстай хамтрахдаа Сибир, Алс Дорнодын бүс нутагтаа хөрөнгө оруулалт татаж, орчин цагийн дэд бүтцийг хөгжүүлэх хэтийн зорилттой. 

Өнөөдөр Оросын гадаад худалдааны 14%-ийг Хятад  эзэлж байна. 2016 оны жилийн эцсийн дүнгээр стратегийн түнш хоёр орны гадаад худалдааны эргэлт 4%-иар өсч, 66 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ оны эхний улиралд Орос, Хятад улс 18.5 тэрбум ам.долларын худалдаа хийгээд буй. Дэлхийн хоёр том эдийн засаг худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа юм.

“Шинэ Торгоны зам” санаачилгын хүрээнд “Торгоны зам сан”-гаас Оросын байгалийн хий боловсруулах үйлдвэрийн “Ямал”, “Сибур” төслүүдийг дэмжээд байгаа. Мэдээж, стратегийн түнш орнуудын хувьд энэ нь чамлалттай тоо юм. Асар их хэмжээний хөрөнгө оруулах “аварга” төсөлдөө хятадууд ойрын түншээ бага хандуулж байгаад оросууд гонсгор яваа.

Учир нь Оросын хоёр төслийг дэмжихдээ Хятадын зүгээс төсөлд хувь эзэмших нөхцөл тавьсан юм. Ингэснээр байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулах “Ямал” төсөлд оросуудын эзэмшлийн 9.9%-ийг “Торгоны зам сан” эзэмшиж байна. Хятадын Хөгжлийн банкны бүрэлдэхүүнд багтдаг “Торгоны зам” хөрөнгө оруулалтын сан 1.08 тэрбум еврогийн үнээр 2016 онд худалдан авсан. Оросын Өмнөд-Тамбейн байгалийн хийн орд газарт жилд 16.5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Ямал” боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 150 тэрбум рубль юм. 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа үйлдвэр байгуулах уг төслийн 50.1%-ийг Оросын “Новатэк”, 20%-ийг Хятадын CNPC корпораци болоод 20%-ийг Францын “Total” компани болон 9.9%-ийг “Торгоны зам сан” тус тус эзэмшиж байна.

2016 оны сүүлчээр “Торгоны зам сан” Оросын “Сибур” компанийн 10%-ийг эзэмших болсон. Энэ нь хойд хөрш орны байгалийн хий, химийн томоохон үйлдвэрт хятадууд анх удаа хувь эзэмшиж байгаа хэрэг биш юм.

2016 онд Хятадын “Sinopec” компани 1.4 тэрбум ам.доллараар “Сибур” компанийн 10%-ийг худалдан авсан байдаг.
“Бүс ба зам” форумын нээлтэд үг хэлэх хүндтэй үүрэг хүлээсэн Путины айлчлалаар байгалийн хий Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч” төслийг ахиулах гэрээ хэлэлцээрийг байгуулах хүлээлт оросуудад байлаа.

Хоёр улсын түүхэн дэх хамгийн том төслийг хамтран хэрэгжүүлэхээр 2014 онд Оросын “Газпром”, Хятадын CNPC компаниуд 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятад руу нийлүүлнэ. Төслийн зүүн чиглэл болох “Эрхүү-Якут” 800 км, “Якут-Хабаровск-Владивосток” 3200 км хоолой татах 1 их наяд рублийн өртөгтэй бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд Хятадын хилд хүргэхийн тулд Амар мөрөн доогуур хоолой татах усан байгууламжийн барилгын ажил энэ тавдугаар сард дууссаныг айлчлалын үеэр хэлэлцээрийн ширээний ард онцолжээ.

Энэхүү хоолойгоор байгалийн хийн анхны нийлүүлэлт 2019 оны тавдугаар сард хийгдэхээр тооцоолж байна. Эхний ээлжинд жилд 5 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлж, цаашлаад 38 тэрбум шоо метр хүргэх төлөвлөгөөтэй. Одоо талууд “Сибирийн хүч 2” буюу баруун чиглэлийн хоолой Баруун Сибирийн нутгаас байгалийн хийг Новосибирск, Томскийн бүс нутгаар дайран Алтайн хязгаараар Хятад руу нийлүүлэх хугацаа, хэмжээний талаарх боломжтой хувилбаруудыг хэлэлцэж байгаа юм. Талууд Путины энэ удаагийн айлчлалаар “Сибирийн хүч” төслийн хүрээнд 3 гэрээ үзэглэлээ. Хятадын газар нутагт байгалийн хий хадгалах байгууламжийг байгуулах геологи, техникийн судалгаа хийх юм. Уг судалгааны ажилд оросууд Хятадын PetroChina компанитай хамтран ажиллахаар болж байна. Мөн   Хятадын газар нутагт ДЦС байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх нэгдсэн ойлголцолд хүрэв.

“Бүс ба зам” санаачилга хэмээх дэлхийн хэмжээний төсөлд хятадууд анхаарч байсан   учир энэ удаагийн Путины айлчлал өмнөд, хойд хөрш орнуудын хамтын ажиллагаанд үр дүнтэй гэхээсээ илүүтэй “бэлгэ тэмдэг”-ийн чанартай боллоо.

Лаосын жунглийн өтгөн ойгоор хучигдсан ууланд хятадууд хэдэн зуун тунель ухаж 418 км төмөр зам байгуулахад 6 тэрбум ам.доллар зарцуулж байна. Эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаа Пакистанд цахилгаан станц барих бүтээн байгуулалт хэрэгжиж буй. Энэ нь тус улсад хийсэн Хятадын 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг юм. Хятад улс Будапештаас Белград хүрэх төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаар зэхэж, Их Британид 23.7 тэрбум ам.доллараар “Hinkley Point C” атомын цахилгаан станц баригдаж байна. Ийм жишээгээр “Шинэ Торгоны зам” санаачилгын дор дэд бүтцийн томоохон төслүүд дэлхийн олон улс орнуудад хэрэгжиж байгаа.

Үүний зэрэгцээ өнөөдөр Хятадын Засгийн газрын бодлогоор алслагдсан хот суурингуудад шинэ байшин барилга, зам, тансаг зочид буудлуудыг сүндэрлүүлж байна. Ингэхдээ “Шинэ Торгоны зам” санаачилгын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын чанартай хурал үзэсгэлэнгүүд зохион байгуулахдаа дэлхийн улс орнуудын өндөр албаны төлөөлөгчдийг урих болсон юм. Хятад улсын шинэ цагийн худалдааны зам байгуулах санаачилгад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулахыг зорихдоо алслагдсан бүс нутгууд руугаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг ч давхар агуулж буй.

Том зургаар нь харвал Хятад улс маш өргөн цар хүрээтэй, асар их хэмжээний хөрөнгө оруулалтын тоо дурдах ч яг бодит байдал дээр харилцан ашигтай, хамтдаа хөгжих зорилт харагдахгүй байна гэж үзэх шинжээчид хавьгүй олон байгаа юм. Үүний нэг жишээ БРИКС дэх Хятадын түнш Энэтхэг улс “Бүс ба зам”  форумд оролцох төлөөлөгчөө илгээхээс татгалзаж эсэргүүцлээ илэрхийлсэн явдал болов. “Шинэ Торгоны зам“ санаачилгад багтсан “Хятад Пакистаны эдийн засгийн коридор” нь Пакистаны баруун-өмнөд боомт хот Гвадараас Хятадын Шинжаан-Уйгарын автономит бүстэй холбогдох зорилттой. Тус коридорын нэг хэсэг чиглэл нь Энэтхэг, Пакистаны маргаантай бүс нутгаар дайрч байгаа нь Энэтхэг улсын эсэргүүцлийн шалтгаан болж байгаа юм.

Ямартай ч “Шинэ Торгоны зам” санаачилга нь хил дамнасан бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа татан оролцуулах, тэр хэрээр 1.3 тэрбум иргэдээ ажилтай байлгаж, цаашлаад дэлхийд нөлөөгөө тогтоох гэсэн “Хятадын амбиц” уу, эсвэл дэлхийн улс орнууд харилцан ашигтай хөгжих бодит боломж уу гэдгийг одоогоор тодорхойлоход хэцүү.