Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Коксжих нүүрсний үнийн өсөлт саарч эхлэв

Австралийн зүүн хойд эргийг өнгөрсөн сарын сүүлээр хүчтэй дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр эвдэрч, тээвэрлэлт нь зогсоод байсан нүүрсний төмөр замын гол сүлжээ Goonyella маргааш ашиглалтад орох төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн Австралийн Квийнслэнд мужид нүүрсний олборлолт эрхэлдэг BHP Billiton, Рио Тинто, Пибоди, Гленкор зэрэг компани коксжих нүүрс нийлүүлэлтээ сэргээхээр хүлээгдэж байна. Уг мэдээлэл цацагдахтай зэрэгцэн өнгөрсөн баасан гаригийн байдлаар Австралийн  сайн чанарын коксжих нүүрсний үнэ ганцхан өдрийн дотор 9%-иар буурч 263.4 ам.доллар/тонн болж буурчээ.

Ийнхүү засварын төлөвлөсөн хугацаанаасаа 11 хоногийн өмнө Goonyella төмөр замын сүлжээг нээхээр болсныг Квийнслэнд мужийн нүүрсний төмөр замын тээврийн оператор компани Aurizon мэдээллээ. Энэ хугацаанд Квийнслэнд мужаас нийтдээ 21 сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт саатаж байгааг компани мөн онцолжээ. Энэхүү нийлүүлэлтийн саатал нь хэний ч тооцоолоогүй их хэмжээний экспортын алдагдал болсон бөгөөд улмаар коксжих нүүрсний үнийн өсөлтийг даллан дуудаж 300 ам.долларын босгыг дахин давахад хүргэсэн. Дэбби хар салхи тохиохоос өмнө коксжих нүүрсний үнэ тонн нь 150 ам.доллар буюу нэлээд нам түвшинд очсон байсан юм.

Австралийн Квийнслэнд мужийн нүүрсний уурхайнууд нь дэлхийн коксжих нүүрсний зах зээл дэх нийт нийлүүлэлтийн талаас илүү хэсгийг дангаар хангадаг төдийгүй Goonyella шугамаар мужийн нүүрсний нийлүүлэлтийн дийлэнх хэсгийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байна.

Өнгөрсөн онд Квийнслэнд мужийн уурхайнуудаас 211 сая тонн нүүрс экспортлогдсоны дор хаяж 75% нь коксжих нүүрс байсныг Квийнслэндийн Нөөц баялгийн зөвлөл мэдээлжээ.

Олонхи шинжээчийн таамаглаж байсанчлан энэ удаагийн коксжих нүүрсний үнийн өсөлт тун богино хугацаанд үргэлжлэх магадлал яг одоо болж буй үнийн бууралтаар бараг батлагдлаа.  

Коксжих нүүрсний үнэ энэ оны сүүлийн улиралд нэг тонн нь 146 ам.доллар, ирэх оны мөн улиралд 130 ам.доллар/тонн байна гэж FocusEconomics тооцжээ. Энэ бол нэлээд сөрөг таамаглал байж болох ч ерөнхийдөө ихэнх судалгааны байгууллага коксжих нүүрсний үнэ эргээд нам түвшинд очно гэж таамаглаж байгаа юм.


Б.Төгс