Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ХАБЭА-н чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулав


“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэх Санамж бичигт өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн  нар гарын үсэг зурлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүндэтгэлийн танхимд болсон Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас, ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны холбогдох  албан тушаалтнууд оролцлоо.

“2017 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа орж байгаад таатай байна” гэж  дэд сайд С.Мөнгөнцэцэг уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрээр “ХБНГУ-ын  мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд  амжилттай, сайн ажилладаг. Бид энэ туршлагыг Монгол улсад нэвтрүүлж ажиллах тал дээр  анхаарлаа хандуулна. Монгол бол залуусын орон. Хөдөлмөрийн зах зээл дээрх  эрэлт хэрэгцээг зөв, зохистой түвшинд байлгаж, чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд ихээхэн үүрэгтэй байх болно.

Бидний хамтран хэрэгжүүлэх төсөл үр дүнтэй хэрэгжсэнээр Монголын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлт зөв, зохистой түвшиндээ очиж, олон залуус сургуулиасаа шууд ажлын байран дээр гарч ажиллах боломж бүрдэнэ” хэмээн ярилаа. Энэ оны нэгдүгээр сард С.Мөнгөнцэцэг дэд сайд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүс Герман улсад зохион байгуулагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн долоо хоногийн сургалтад хамрагдаж, тус улсын Залуучуудын хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаатай танилцсан нь ихээхэн үр өгөөжтэй болсон гэдгийг  тэрээр мөн уулзалтын үеэр  онцолсон юм.   


ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас “Герман, Монголын хамтын ажиллагааны нэг чухал сэдэв бол мэргэжлийн боловсрол. Бид өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд  амжилттай хамтран ажиллаж ирсэн.  Мэдээж хэрэг,  Монголын залуус мэргэжлээ зөв сонгох, дадлага туршлагатай, сайн боловсон хүчин болж бэлтгэгдэн гарах нь энэ төслийн гол үр дүн байх болно” хэмээн тодотголоо.

Тэрээр уулзалтын төгсгөлд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь  хөдөлмөр эрхлэлттэй шууд холбоотой асуудал  бөгөөд ирээдүйн, чадварлаг боловсон хүчнийг хадгалж үлдэх, ажил олгогч болон ажилтны үүрэг оролцоог тодорхойлсон чухал сэдэв юм.  2017 онд бид энэ чиглэлд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний  хүлээгдэх үр дүнг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, журам, стандарт боловсронгуй болж, хамтарсан сургалтуудыг зохион байгуулагдаж, ХАБЭА-н талаархи мэдлэг, зорилтот бүлгүүдийн хүрээнд сайжирч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн тогтолцоог бүрдэнэ хэмээн тодорхойлжээ.

Тус төлөвлөгөө нь ХАБЭА-н хууль тогтоомж, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурталчлах, ХАБЭА-н үндэсний стандартыг евростандарт, олон улсын стандарттай нийцүүлэн  шинэчлэх, ХАБЭА-н сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах гэсэн  үйл ажиллагааны төрлүүдэд хуваагдаж байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЭТИС хөтөлбөрийн хариуцаж  хэрэгжүүлэх ажлуудыг  тодорхойлон  тусгасан байна.

Г.Идэр