Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Газрын тосны хайгуул, ашиглалтыг эрчимжүүлнэ



The Mongolian Mining Journal /2016.12 -097/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбаттай газрын тосны хайгуул, ашиглалт, хөрөнгө оруулалт, Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.

Ярилцсан С.Болд-Эрдэнэ

 
Газрын тосны үнэ өсч байна. Экспортын орлого хэр байгаа вэ? Төсөвт төлөвлөснөөс тасалдсан уу?
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2016 онд хэлбэлзэлтэй байсан. Brent маркийн тосны үнэ энэ оны 1 дүгээр сарын 20-нд 27.88 ам.доллар/баррель байснаа 12 дугаар сарын 12-нд 55.69 ам.доллар/ баррель буюу 2 дахин өсөөд байна.
Өнгөрсөн 9, 11 дүгээр сард Алжир болон Австрид болсон Газрын тос экспортлогч орнууд (ОПЕК)-ын ээлжит хуралдаануудаар гишүүн орнууд газрын тосны хоногт олборлох хэмжээг 1.2 сая баррелиар бууруулахаар тогтсон. Мөн хэдхэн хоногийн өмнө ОПЕК-ийн дарга ОПЕК-ийн гишүүн бус орнуудтай хийсэн уулзалтаар хоногт олборлох хэмжээг 0.558 сая баррелиар бууруулахаар боллоо. Ингэснээр нийт газрын тосны хоногийн олборлолтын хэмжээг 2 хувиар бууруулахаар тохиролцоод байна. Энэ шийдвэрүүдээс хамаарч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хагас сард 10 гаруй ам. доллараар өслөө.

Монгол Улсын хэмжээнд 1996-2015 оны хооронд нийт 35.5 сая баррель буюу 4.8 сая тонн тос олборлож, 4.5 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолсон байдаг. Үүний орлогоос нийт 953 орчим тэрбум төгрөгийг Монгол улсын төсөвт төвлөрүүлсэн.

 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.05 сая тонн газрын тос олборлож, нэг сая тонныг экспортлох төлөвтэй байна. Дэлхий зах зээлийн үнэтэй уялдан газрын тосны борлуулалтын орлогоос энэ онд улсын төсөвт 123 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ба хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ зорилт биелэх боломжтой. Ирэх жил 1.1 сая тонн газрын тос олборлож экспортлон, улсын төсөвт 176 тэрбум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Газрын тосны салбар төсвийн орлогод голлох нөлөө үзүүлдэг. Олборлолт, экспортод нөлөөлж байгаа асуудал байна уу? Тухайлбал Хятадын хилийн боомтууд хураамжаа нэмэгдүүлсэн үү?

Газрын тосны экспортыг Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор хийж байгаа. Хураамжид ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвийн явагдаж байна.

Олборлолт дээр тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа. УУХҮЯ асуудлуудыг түргэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал энэ жил ажиллах хүчний асуудлыг хожимдож шийдсэнээс төлөвлөсөн зарим ажил хойшилсон. Уг нь хавар ажиллах хүчний асуудлаа шийдээд явчихвал 4-11 дүгээр сарын хооронд өрөмдлөг, шингэн хагалбар, цооногийн засвар, үйлчилгээ гээд олборлолтыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах техник, технологийн гол ажил хийгдчихдэг юм. Энэ онд ажиллах хүчний асуудлыг 8 сар гаргаж байж шийдсэн. Энэ жилийн ажил хийгдээгүйгээс 1.360 сая тонн олборлолт хийхээр төлөвлөсөн ч төлөвлөгөөндөө хүрэхээргүй болж байна. Төлөвлөгөөндөө хүрэхгүй болохоор улсад орох орлого буурна, дараа жилийн олборлолтын төлөвлөлөгөөнд бас сөргөөр нөлөөлчихдөг. Тэгэхээр энэ ондоо багтаагаад ирэх жилийн ажилчдын асуудлыг шийдэхээр зорьж байна. Шийдчих юм бол ирэх жил олборлолт саатах, орлого тасрах, олборлолтын технологийн горим алдагдах зэрэг асуудал, эрсдэлийг бууруулж болно. Энэ талаар   яам болон  АМГТГ-аас хуулийн хүрээнд бүхий л дэмжлэгийг гэрээлэгчдэд үзүүлэн ажиллана.

Үүнээс гадна хүндрэлтэй байгаа асуудал бол эрчим хүч. Тамсагийн хоёр талбайн төсөл 16-17 мВт эрчим хүч хэрэглэж байгаа. Оргил үедээ 24мВт хүртэл хэрэглэнэ. Дорнод аймагт уул уурхайн төслүүд эхэлж байна. “Шинь Шинь” компанийн уурхай, Адуунчулууны уурхай гээд эрчим хүчний том хэрэглэгчид гарч ирж байна. Дорнодын цахилгаан станц 36 мВт-ын хүчин чадалтай. Үүнийг 50 мВт-аар өргөтгөх асуудал олон жил яригдаж, өнгөрсөн 8 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулалтыг нь шийдсэн. 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ төсөл 2019 онд дуусч, эрчим хүчээ үйлдвэрлэх юм билээ. Тэр болтол хоёр жил яаж зохицуулах вэ гэдэг түвэгтэй асуудал  байгаа. Одоо эрчим хүчний хязгаарлалтад орчихсон. Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбай  дээр ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компаниуд болон зарим нэг цооногуудын цахилгааныг нь салгачихсан байх жишээтэй. Яагаад гэвэл 14мВт-аас илүү хэрэглэж болохгүй гээд цахилгаан станцаас нь хязгаарлалт хийчихсэн.

Ирэх 2 жил эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх талаар “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас тодорхой санал ирүүлсэн. Хятадаас эрчим хүч импортлох шугам татъя гэж байна лээ. Бид үүнийг судалж, шийдвэрлэнэ. Хилийн цаахна Хайлаарын сав газраас газрын тос олборлож буй компаниас эрчим хүч татахаар ярьж байгаа юм билээ. 5 мВт-ын шугам татах болохоор цаг хугацаа, зардлын хувьд боломжийн байх. Энэ бүгдийг гэрээлэгч өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Үүний дагуу хийгдэж байгаа ямар ажлууд байна вэ?
Газрын тосны тухай хууль анх 1991 онд батлагдан гарснаас хойш зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулснаас өөр зүйлгүй, ихэнх зохицуулалтаа журмаар зохицуулж ирсэн. Энэ нь цаг хугацааны хувьд бусад хууль эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөж байсныг 2014 онд шинэчлэн найруулж УИХ-аар баталсан. Тус хуулийг дагалдан гарах дүрэм, журам, гэрээний загваруудыг батлуулж, бүртгүүлэх зэрэг эрхзүйн бичиг баримттай холбоотой ажлууд ерөнхийдөө хийгдээд дуусч байна.

Мөн энэхүү шинэчлэн найруулсан хуулийн холбогдох заалтуудын дагуу өмнөх хууль, хэрэгжүүлэх журмын дагуу байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/-нүүдийг тус хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний шинэчлэн батлагдсан загварт нийцүүлэн шинэчлэх ажил үргэлжилж байна. Нийтдээ 21 гэрээлэгчид 25 талбайд БХГ-ний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс ашиглалтын үйл ажиллагааны хугацаандаа шилжсэн 3 гэрээ, хайгуулын үйл ажиллагааны хугацаандаа байгаа 10 гаруй гэрээнүүдийн шинэчлэх асуудал яригдаж байгаа. Одоогоор хайгуулын үйл ажиллагааны хугацаандаа хэрэгжиж буй 4 гэрээг шинэчилсэн. Мөн хууль шинэчлэн батлагдсанаас хойш байгуулагдсан 4 БХГ-г холбогдох хууль, журмын дагуу байгуулаад байна.

Ашиглалтын шатанд байгаа “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн БХГ удаж байгаа гэрээнүүд. Өөрчлөхөд түвэгтэй зүйлүүд тулгарч байгаа байх. Хэлэлцээр хэр үргэлжилж байна вэ?

Дээр хэлсэнчлэн Засгийн газрын энэ оны 130 дугаар тогтоолоор БХГ-нүүдийн үндсэн нөхцөлийг өөрчлөхгүйгээр БХГ-ний загварт нийцүүлэн шинэчлэх арга хэмжээ авах талаар шийдвэр гарсан. Хууль, түүнийг дагаж гарсан эрх зүйн баримт бичгүүдтэй одоо хэрэгжиж буй БХГ-нүүдийг нийцүүлэн шинэчлэх, зарим нэмэлт, өөрчлөлт гэх асуудлыг гэрээлэгчтэй тохиролцох юм.

1993 онд байгуулсан Тосон уул XIX талбайн БХГ, 1996 онд байгуулсан Тамсаг ХХI талбайн БХГ, 1997 онд байгуулсан “БХГ97” гэрээнүүд бол хамгийн анх байгуулсан БХГ-нүүд юм. Үлдсэн нь 2005 оноос хойш байгуулагдсан гэрээнүүд. 2014 онд хууль өөрчлөгдсөнөөс хойш 4 компанийн БХГ байгуулагдсан.

Эхний гурван гэрээнээс Тосон уул XIX талбайн БХГ-нд роялтийн тоо хэмжээг тодорхой заагаагүй. Нөгөө хоёрт нь роялтийн тоо хэмжээ байдаг. Ойлголтыг нэг болгож, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Газрын тосны тухай хуулийн 45.1-т зааснаар нөөц ашигласны төлбөр буюу роялтийн тоо хэмжээг гэрээлэгчтэй харилцан тохиролцохоор заасан. Тосон-Уул XIX талбайн БХГ-нд роялтийн тоо хэмжээг тодорхой заалгүйгээр Монгол улсын Засгийн газарт ногдож байгаа ашигт тосонд нөөц ашигласны төлбөр болон ашигт тос орно гээд заачихсан байдаг. Энэ гэрээ байгуулагдах цаг үе нь өнөөдрийнхөөс өөр, Монгол Улсад газрын тосны салбарын хоёр дахь дахин сэргэлтийн эхэн үе, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг урьж байх үед байгуулсан байдаг. Гэрээнд түрүүний хэлсэн роялтийн тоо хэмжээг тодорхой заагаагүй ч огт байдаггүй гэж ойлгож болохгүй юм. Тэгэхээр тоо хэмжээг л гэрээлэгчтэй тохирч, хуульд заасан тоо хэмжээний хүрээнд гэрээндээ тусгах хэлэлцээр хийгдэж байгаа гэсэн үг. Гэрээлэгчийн зүгээс эрх зүйн болон эдийн засгийн эрх ашгийг хөндөхгүй байх нөхцөлд уг асуудлыг ярих талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн. Хууль шинэчлэн батлагдсанаас хойш энэ талаар олон удаа уулзаж ярилцсан. Засгийн газрын бүтэц өөрчлөгдснөөс хамаарч өмнө ажиллаж байсан ажлын хэсгийг УУХҮ-ийн Сайдын тушаалаар шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс энэ сард гэрээлэгч компанитай уулзалт хэлэлцээр хийж, тодорхой зүйлүүд дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн. Зарим зүйл дээр ойлголцоогүй асуудал ч бий. Ямар ч байсан хэлэлцээр тодорхой түвшинд ахисан гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд дахин уулзахаар тохирсон.

Газрын тосны хоолой барих талаар яригдаж байсан. Энэ ажилд ямар нэг шийдвэр гарсан уу?
2010 онд Тосон уул XIX талбай, 2012 онд Тамсаг XXI талбай, Зүүнбаянгийн Цагаан элсний ордын хайгуулын хугацаа дуусч, нөөцөө ЭБМЗ-д хүлээлгэж өгсөн.
Орд ашиглах төлөвлөгөөгөө батлуулаад 2039-2042 он хүртэл олборлох төлөвлөгөөгөө гаргасан.

Манай баталгаат нөөц 332 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц 42.6 сая тонн байгаа. Нөөц маань тодорхой болоод ирэхээр экспортлох талаар яригдаж эхэлнэ. Одоо авто машинаар Бичигт, Баянхошуугийн боомтоор экспортолж байгаа. “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс дамжуулах хоолойн тээвэрлэлтийн талаарх саналаа 2012 оны үед тавьж байсан. Ер нь шинэчлэн батлагдсан Газрын тосны тухай хуульд энэ асуудлыг тодорхой тусгасан ба газрын тосны хоолой барихтай холбоотой шийдвэрийг Засгийн газар гаргахаар зааж өгсөн. Мөн 2014 онд ҮАБЗ-өөс Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Газрын тос дамжуулах хоолойг барьж болно. Сая Засгийн газрын хуралдаанаар Энэтхэгийн тэрбум долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарлаа. Жилд 1.5-2.3 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Сайншандад барихаар болсон. Үйлдвэрийн түүхий эдийг Тамсагийн ордоос хангахаар ярьж байгаа. Тэгэхээр Тамсаг-Сайншанд хооронд хоолой барьж болох юм. Эцсийн байдлаар ТЭЗҮ нь батлагдахаар хаагуур, хэр урт хоолой барих эсэх нь тодорхой болно.

Газрын тосны салбар гадаадын хөрөнгө оруулалт татдаг гол салбарын нэг. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт ямар хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орсон бэ? Ялангуяа сүүлийн 2 жилд хөрөнгө оруулалт буурав уу, өсөв үү?
Анх 1990 оны сүүлээр Газрын тос пүүс байгуулагдсан. 1991 онд “Газрын тосны тухай” хууль батлагдснаар Монгол Улсын газрын тосны хайгуул, ашиглалтын хоёр дахь сэргэлт эхэлсэн гэж үздэг. Үүнээс хойш 1993 онд анхны БХГ байгуулагдснаас хойш уг салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалт жил тутам нэмэгдсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 2.8 тэрбум ам.доллар нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй БХГ-т талбайнуудад хийгдсэн байдаг.

2008 онд газрын тосны үнэ баррель нь 147 доллар хүртэл өсч байхад Монгол улсад газрын тосны хайгуул хийе гэсэн компаниуд маш их хандаж байсан. 2009 онд манайх хамгийн олон БХГ байгуулсан нь үүнийг нотлох байх. Харамсалтай нь гадаад, дотоод хүчин зүйлээс хамаараад газрын тосны хайгуулын салбарт хийгдэхээр яригдаж байсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтууд зогсож эхэлсэн. 2009 онд Газрын тосны үнэ огцом унаж 40 хүрэхгүй доллар болсон нь гадаад талдаа хамгийн том нөлөөг үзүүлсэн. Газрын тосны үнэ буцаад өсч эхлэх үед дотооддоо бид “Газрын тосны тухай” хуулийг шинэчлэн найруулах талаар ярьж эхэлсэн. Хууль шинэчлэх ажил маань түргэн шуурхай хийгдэж чадаагүй. Хоёр их хурал, хоёр Засгийн газар дамжиж байж 2014 онд батлагдсан шүү дээ. Яг хууль шинэчлэгдэн батлагдах үетэй давхцаад газрын тосны үнэ унаад эхэлсэн. 110 гаруй доллараас унасаар байгаад энэ оны нэгдүгээр сарын эхэнд 27 доллар болсон.

Хууль шинэчлэх ажил маань хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн. Хууль хэр өөрчлөгдөж батлагдах бол гэсэн харзнасан байдалтай байх үед нь газрын тосны үнэ унасан. Хууль батлагдсан ч тосны үнийн уналтаас болоод хайгуулын хөрөнгө оруулалт царцанги байдалтай болсон.

Ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компани бол хөрөнгө оруулалтаа хийдгээрээ хийгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хайгуулын чиглэлээр ганц хоёрхон компани л хайгуулаа хэвийн явуулах гэж оролдсон. “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани өнгөрсөн онд БХГ байгуулаад 2 цооног өрөмдсөн. Энэ жил 520 км 2 хэмжээст чичирхийллийн хайгуулын ажил эхлүүлээд эхний 100 км-ийг нь хийсэн. Үлдсэн 420 км-ийг хийх үед тухайн орон нутгийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

“Капкорп” компани Богд IV, Онги V талбай дээр 2 хэмжээст чичирхийллийн хайгуул хийсэн. Энэ компанийн олж ирсэн хөрөнгө оруулагч “Бритиш Газ” компани “Шелл”-д зарагдаж, “Шелл” манай төслөөс татгалзсан. “Капкорп” компанид бүх эрх үүргээ шилжүүлснийг Засгийн газар зөвшөөрсөн. Ирэх жилээс хайгуулын ажил нь хэвийн үргэлжилнэ.

“Эн Пи Ай” компани Хөх нуур XVIII талбай дээр багахан туршилтын үйл ажиллагаа явуулсан. Үүнээс өөр зарим нэгэн геофизикийн хайгуулын ажлыг эс тооцвол хайгуул, үнэлгээний ажил 2014 оноос хойш хийгдсэнгүй.
Хуулийн дагуу БХГ-нүүдийг шинэчилнэ. Хайгуулын ажлын үндсэн хугацаа урьд нь 5 жил, нэмж 9 жил сунгадаг байсныг үндсэн хугацаа 8 жил, нэмж 4 жил сунгадаг болгож өөрчилсөн. Үндсэн хугацааг 5 жилээс 8 жил болгож компаниудад давуу тал бий болгосон. Үүнээс цааш БХГ-нийхээ дагуу хайгуулын ажлаа 100 хувь хийж гүйцэтгэ гэдэг шаардлагыг тавьж ажиллана. Тосны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа нь хайгуулын хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлнө.

Увс аймагт газрын тосны БХГ байгуулсан “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани үйл ажиллагаагаа зогсоосон. Ямар шалтгаантай байсан бэ?
“Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 4-нд газрын тосны хайгуулын Увс I талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. АМГТГ-аас баталсан тус компанийн 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөнд Увс аймгийн Наранбулаг, Тэс, Зүүнговь сумын нутагт нийт 520 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа, хүндийн хүчний болон соронзон судалгааны ажил хийхээр тусгасан. Тус төлөвлөгөөний дагуу 2016 оны 7-9 дүгээр сард дээрх 3 сумын нутагт хүндийн хүч ба соронзон судалгаа, Наранбулаг сумын нутагт 100 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Үлдсэн 420 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгааг Тэс, Зүүнговь сумдын нутагт хийхээр ажлаа эхлүүлсэн боловч нутгийн иргэдийн удаа дараагийн эсэргүүцэлтэй тулгаран арга буюу хайгуулын ажлаа зогсоогоод байгаа.

Энэ нь олон шалтгаантай. Орон нутгийн иргэдэд зөв танилцуулга хийгээгүйгээс дэмжлэг дутсан тал бий. Нөгөө талдаа орон нутгийн сонгуультай холбоотойгоор мушгин гуйвуулах, иргэдийг турхирах асуудал ч гарсан. БХГ бол ашигт малтмалын лиценз өгдөгтэй адил биш. “Газрын тосны тухай” хуулиар хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарладаг. Саналаа ирүүлсэн компаниудаас сонгон шалгаруулж, яамдаас саналыг авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор БХГ байгуулдаг. Хуульд Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн байгууллага, компанийн эрх үүргийг бүгдийг   нарийвчлан тусгасан байдаг. Увс I талбайн хувьд тухайн орон нутгийн удирдлагууд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Орон нутгийн сонгуультай давхацсан нь нөлөөлснийг үгүйсгэхгүй. 2015 онд хоёр цооног өрөмдөөд  тухайн орон нутгийн удирдлагууд дэмжиж байсан. Үүнээс болж энэ жил хайгуул хийх гэж байсан ганц компани маань ажлаа хагас дутуу хийгээд, өвөлтэй золгочихлоо.

Гэрээний нэг тал нь Засгийн газар, АМГТГ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн асуудалд орж байгаа юм. Энэ бол АМГТГ-аас лиценз авсан жирийн нэг компани биш. Засгийн газартай гэрээ байгуулсан компани. Хайгуул хийсэн үр дүнг Монгол улсын Засгийн газар өмчилдөг. Тухайн талбайд хайгуул хийлгээд үр дүнг нь авчихаж байгаа гэсэн үг. Бүх эрсдэлийг гэрээлэгч хариуцдаг, биднээс ямар нэгэн хөрөнгө оруулалт гарахгүй. Хайгуулын үр дүнд газрын тосны нөөц тогтоогдвол олборлолтын шат руу шилжинэ. Газрын тос олборлоод гарч ирсэн цагаас нь Монгол улс БХГ-ний дагуу тосоо хувааж авна. Нэг ёсондоо газрын тосны хайгуулд хөрөнгө оруулж байгаа компани бол маш өндөр эрсдэл үүрдэг.

Цаашид уг БХГ хэвийн үргэлжлэх үү? Үргэлжлэхгүй бол ямар үр дүн гарах вэ?
Газрын тосны тухай хууль болон БХГ-ээр Монгол улсын Засгийн газар нь хөрөнгө оруулагч талыг гэрээнд заасан хайгуул, судалгааны ажлаа хийж гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах эрх, үүргийг хүлээдэг. Тус хуулийн 10 дугаар зүйлд орон нутгийн удирдлагын байгууллагын эрх үүргийг ч мөн тодорхой зааж өгсөн байдаг. Увс I талбайд нэгэнт тус компанитай БХГ байгуулагдаад Засгийн газраас хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгэх эрх олгогдсон учраас энэ БХГ хэрэгжээд явна. Харин орон нутагтай үүсээд буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэн уг асуудлыг орон нутагт сурталчлан таниулах шаардлагатай.

Өмнөговь аймагт туршилтын олборлолт эхэлжээ. Нөөц нь тогтоогдсон юм уу?
“Зон Хэн Юу Тиан” гээд Хятадын компани 2009 онд Галба XI талбай дээр БХГ байгуулаад 2010-2011 онд хайгуулын ажлаа маш эрчимтэй хийсэн. Ханбогд, Хатанбулаг сумын нутгийн зааг дээр 14 цооног өрөмдсөнөөс 13 нь тосны илрэлтэй гарсан. Газрын тос байгаа гэдэг нь тодорхой болсон. Харин хэдий хэмжээний нөөцтэй вэ гэдгийг нь тогтоох, үнэлгээний ажил хийгдэнэ. Энэ ажлаа эрчимжүүлэхийг шаардаж байгаа.

Мөн Хөх нуур XVIII талбай буюу Чойбалсан хотоос хойшоо 100 орчим км газарт NPI компани 5 цооног өрөмдсөн. Зарим цооногоос нь тос илэрсэн. Энэ жил ажиллах хүчний асуудал нь шийдвэрлэгдээгүйгээс болж, ажил нь хойшлоод байна.
Эцэст нь хэлэхэд ЗГ-ын зүгээс гэрээлэгчдийн ажлыг хэвийн явуулахад хуулийн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэн, холбогдох зөвшөөрөл, тушаал, шийдвэрүүдийг цаг хугацаанд нь гаргаж, биелэлтийг ханган ажиллах болно.

Сэтгэгдэл (1)

  • сувджин (202.179.31.126)
    хэрэгжүүлээрэй
    2019 оны 09 сарын 30 | Хариулах