Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“En+” групп нүүрс тээвэрлэх төмөр замд хөрөнгө оруулж байна

Оросын “En+” групп нүүрсний Бейскийн ордоос “Оросын төмөр зам”-ын сүлжээтэй холбох төмөр замын эхний ээлжийн 16 км замыг ашиглалтад оруулсан байна. Өмнө нь тус компани ордоос нүүрсээ авто замаар тээвэрлэж байжээ. Шинэ төмөр зам нь 3 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр дахь шатны төмөр зам ашиглалтад орсноор 12 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Ордын ашиглах төслийн хүрээнд шинээр байгуулсан 16 км төмөр замаас гадна нэмж 10км, 15км тус бүр салаа замуудыг бүтээн байгуулах аж.

Эдгээр төмөр замуудыг бүтээн байгуулснаар “En+” групп нь 2020 он гэхэд нүүрсний тээвэрлэлтээ жилд 20 сая тоннд хүргэх зорилттой. Тус групп нь хоёр дахь шатны төмөр замын бүтээн байгуулалтад 1,5 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.

Олег Дерипаскагийн “En+” групп нь 2014 онд 170 сая рублиэр Бейскийн орд газрын тусгай зөвшөөрлийг худалдаж авснаас хойш эл ордод хөрөнгө оруулж эхэлжээ. Одоогоор ордыг ашиглах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2018 оноос нүүрс олборлож эхлэх юм байна. Нүүрсээ Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд нийлүүлэх аж. Эл ордыг ашиглах төслийн нийт хөрөнгө оруулалтыг өнөөгийн байдлаар 16 тэрбум рубль гэж тооцоолж буй. 
 
“En+” групп нь Хятадын “Шенхуа” групптэй хамтран 30 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай нүүрсний төслийг Оросын Забайкалийн хязгаар нутагт 2018 оноос хэрэгжүүлэх гэж байгаа билээ.  

ОХУ-ын Хакаси улс нь жилд 20 сая тонн нүүрсний олборлолтоороо Орост тавдугаарт ордог бүс нутаг юм. Тус бүс нутагт дахь Бейскийн орд нь 4 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй.

Bloomberg агентлагаас дэлхийн 5 том хөрөнгө оруулалтын банкинд явуулсан санал асуулгаар 2018 онд дэлхийн зах зээл дэх 1 тонн коксжих нүүрсний үнэ 85-100 ам.доллар байх бол хүрэн нүүрс 50-80 ам.долларын үнэ хүрч өсөх таамаглалтай байна.

Э.Од