Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Засгийн газрын бодлого, эрдэмтдийн судалгааны зөв хослол




Н.Ариунтуяа
/Малайз Куала Лампур. 2016.04.23-05.01/


Малайзийг Азийн томоохон улс, эрчтэй хөгжиж буй орон болоход нөлөөлсөн нэг том хүчин зүйл нь дал мод юм. Өдгөө энэ улсын ДНБ-ий гуравны нэгийг дал модны аж ахуйгаас гарган авсан бүтээгдэхүүн бүрдүүлж байна.  

Африкаас ирсэн харь ургамал Малайзад яагаад ийм сайн нутагшиж, улмаар улс орны хөгжлийг тодорхойлсон салбар болж хувирав гэдэг асуулт эрхгүй төрнө. Малайз улс Экваторт хамгийн ойрхон оршдог нь дал модонд ургах таатай нөхцөл бүрдүүлжээ. Түүнээс гадна Засгийн газрын бодлого дэмжлэг, эрдэмтдийн нөр их судалгааны зөв хослол дал модны аж ахуй тогтвортой хөгжих үндэс болсон байна. Энэ аж ахуйгаа Малайз улс стратегийн түвшинд авч үзэх ба Засгийн газрын бодлогоос гадна үндэсний бодлоготой гэдгээс харвал ямар их хүч, анхаарал тавьдаг салбар болох нь харагдах биз ээ.

Дөрөвдүгээр сарын 23-30-нд Куала Лампурт хийсэн компанийн нийгмийн хариуцлагын туршлага судлах аялалын үеэр ийм танилцуулга хийгдсэн юм. Аялалын хөтөлбөр тэр чигээрээ дал модны үйлдвэрлэлд зориулагдсан байв. Хөтөлбөрийг Малайз-Германы худалдаа аж үйлдвэрийн танхим бэлдэж, зохион байгуулалтыг хангажээ.  Монголчуудад яагаад ийм хөтөлбөр бэлдсэнийг анхандаа гайхсан ч эдийн засгаа нуруун дээрээ авч явдаг салбартаа улс орон нь хэрхэн ханддагаас бидэнд суралцах зүйл их байгааг харсан билээ.  
 
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн “Орон нутгийн цогц хөгжил түншлэл” төслийн хүрээнд Малайз улсад зохион байгуулсан танилцах аялалд төвийн болон орон нутгийн төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Голдуу уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хурал уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээг сурвалжилж ирсэн The Mongolian Mining Journal энэ удаа Малайзийн стратегийн чухал салбар дал модны аж ахуйд төвлөрсөн танилцуулгад оролцоод ирлээ.



Дал модны үйлдвэрлэгчид ирээдүйн эрчим хүч үйлдвэрлэгчид болно гэж Малайз-Германы Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий менежер Томас Брэндт хэлсэн юм.   

Дал модны тосыг хүнснээс гадна машины түлш, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Малайз улс өдгөө дал модыг ямар ч хаягдалгүйгээр иж бүрнээр ашиглаж байна.  Жимсийг нь шахаад тос, жимсний ясаар нь дайвар бүтээгдэхүүн хийнэ. Жилдээ 80 сая тонн дайвар бүтээгдэхүүн гаргадаг. Жимсийг шахах явцад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болдог биомасс гардаг байна. Энэ утгаараа дал мод Малайзийн асар том, ундарч буй баялаг юм.

Малайз нь газрын тос, байгалийн хий гээд эрчим хүчний уламжлалт нөөцтэй учраас сэргээгдэх эрчим хүчийг төдий л сонирхдоггүй. Үүнийг улсынх нь нийт хэрэглээний 2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадгаас харж болно. Гэхдээ Томас Брэндтийн хэлснээр Малайз орон яг одоо эрчим хүчний шилжилтийн үедээ явна. 15 жилийн өмнө улсын төсвийнх нь  43%-ийг бүрдүүлж байсан байгалийн хий, газрын тосны орлого, эдийн засагт эзлэх хувь хэмжээ буурсаар өдгөө дал модонд байр сууриа тавьж өгчээ.   

Малайз хөгжиж буй улс. 2025 онд аж үйлдвэржсэн улс болох зорилго тавьсан. Тэр үед өдгөө нэг хүнд ногдох ДНБ 9000 ам.доллар байгааг 15000 ам.доллар болгох зорилттой. Тэрхүү төлөвлөгөөнд сэргээгдэх болон цөмийн эрчим хүч ашиглах бодлого тусгалаа олжээ. Тиймээс Малайзийн эрчим хүчний зах зээлд асар их орон зай байгаа бөгөөд энэ орон зайд Германы технологи, мэдлэг хувь нэмрээ оруулна гэдэгт Томас итгэлтэй байна. Малайзид дал модны жимснээс тосыг нь шахдаг 430 үйлдвэр ажилладаг. Эдгээр үйлдвэрээс маш их эрчим хүч гаргаж авах боломж бийг био массаар эрчим хүч үйлдвэрлэдгээрээ дэлхийд тэргүүлдэг Герман улс хэдийнэ олж хараад, судалгаа шинжилгээгээ эхлүүлжээ.

Танилцах хөтөлбөрт Малайзийн Дал модны тосны тогтвортой үйлдвэрлэлийн талаарх дугуй ширээний уулзалт /Roundtable on Sustainable Palm Oil-RSPO/, Малайзийн Дал модны тосны зөвлөл /Malaysian Palm Oil Council-MPOC/, Малайзийн Дал модны тосны удирдах зөвлөл (MPOB- Malaysian Palm Oil Boardl), Ойн судалгааны институт (FRIM) гээд бодлого зохицуулалт, судалгаа шинжилгээний олон байгууллага үйл ажиллагаагаа танилцуулсан.

Дал модны салбарыг ирээдүйн хөдөө аж ахуй хэмээн үзэж, асар их судалгаа шинжилгээ өрнүүлж буйн үрээр энэ аж ахуй өндөр технологи, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл болон хувирч байна. Тэрхүү судалгаа шинжилгээг Засгийн газар бодлогоор, санхүүжилтээр дэмждэг.  Судалгаа шинжилгээг өргөн хүрээнд олон чиглэлээр явуулахдаа бодлогын үзүүр нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түүнийг хэрэглэгчдэд хэрхэн хүргэхэд чиглэдэг учраас бидний ярьдгаар их “амьдралтай” судалгаа хийгддэг аж. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээний ажил нь академик талаасаа илүүтэй хэрэглээ, эдийн засгийн үр ашиг тал руу чиглэсэн практик чанартай. Тэр дотор дал модны салбар тогтвортой үйл ажиллагаа явуулахад хууль эрхзүйн орчинд юу болохгүй байгаа, түүнд хэрхэн өөрчлөлт хийх талаар судалгаа хийж, Засгийн газартаа танилцуулдаг функц ч бий. Зөвхөн дал модны салбарын хууль эрхзүйн орчинг судалж, дүгнэлт гаргах нэгж гэсэн үг. Түүнийг Засгийн газар хүлээж авч, бодлогын зохицуулалт хийдэг. 



Нэг дэлхийд нэг зовлон, нийтлэг асуудал, бэрхшээл тулгарах нь зүй. Дэлхийн тулгамдсан асуудал өдгөө хүнсний дутагдал болж байна. Эрэмбээрээ ДОХ-ын дараа орох тулгамдсан асуудал юм. Дэлхий даяарын хүнсний хэрэглээг өнөөгийн түвшинд хадгалвал 1.6 дэлхий байж тэр хэрэглээг хангана гэсэн тооцоолол гарчээ.

Дал модны жимснээс гаргаж авсан тос дэлхийн хүнсний зориулалттай ургамлын тосны 30%-ийг хангадаг. Тэгвэл түүний 85%-ийг Индонези, Малайз улс экспортолдог байна. 5 жилийн  өмнө үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг байсан Малайз тариалах газар нутаг багассаар буйн улмаас өдгөө хоёрт орох болжээ. Учир нь Малайз улсынхаа газар нутгийн 50 хувийг унаган чигээр хадгалах бодлого баримталдаг бол Индонези аль болох эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой.

Тогтвортой бусаар хүнсний нөөцөө устгаж байгаа дэлхийд дал модны үйлдвэрлэл нь хамгийн зохистой хэлбэрээр ашиглаж буй үйлдвэрлэл хэмээн Малайзийн дал модны салбарынхан үздэг. Үнэхээр ч тийм. Дэлхийн хүнсний хэрэглээний ургамлын тосны 30%-ийг хангадаг боловч тариалангийн газар нутгийн 0,4%-д л тариалалт хийгддэгээр нь тэгж үнэлэхээс аргагүй. Тиймээс ч Бразил, Төв Азийн улсуудад дал мод тариалах сонирхол нэмэгдэж байгаа аж.
Өдөр ирэх бүр нөөц баялаг хомстсоор байгаа дэлхийд тогтвортой хөгжил гэдэг нь тулгамдсан асуудал төдийгүй шинэ үеийн “моданы хэллэг” болж байна.

15 жилийн өмнө Малайзийн дал модны салбарт гэрчилгээжүүлэх, тогтвортой үйлдвэрлэл гэсэн ойлголт байсангүй. Харин одоо 1.5 сая хүн ажилладаг энэ салбарт тогтвортой хөгжлийн тухай ойлголт уг мөн чанарт нь гүн шингэжээ. Дал модны тосны тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихийн тулд том үйлдвэрлэгч компаниудыг дэмжих ёстой гэсэн бодлого явдаг. Энэ нь эргээд үйлдвэрлэлээ найдвартай болгож буй хэрэг юм. Зөвхөн ашгийн төлөө бус урт хугацаандаа тогтортой үйлдвэрлэл явуулах нь Малайзийн дал модны салбарын алсын хараа юм.

15 жилийн өмнө үйлдвэрлэгчид болон төрийн бус байгууллагынхан дал модны салбарыг хөгжүүлэхийн тулд илүү өөр түвшинд гарах ёстой гэдэгт санал нэгджээ. Түүний үндсэн дээр дал модны тосны тариалалтын тогтвортой байдлыг хадгалах стандартыг бий болгож мөрдүүлэх Дал модны тосны тогтвортой үйлвэрлэл, хөгжлийн дугуй ширээний байгууллага хэмээх ашгийн төлөө бус, сайн дурын байууллагыг 2004 онд байгуулжээ. Энэ байгууллагад тариаланчид, боловсруулагчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчид, банк санхүүгийн байгууллага, байгал орчны болон нийгмийн сайн сайхны төлөө төрийн бус байгууллага гээд энэ салбартын бүхий л оролцогчид хамрагддаг. Гэрчилгээжүүлэлт, зарчим, үйлдвэрлэгчийн шалгуур, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, бүтээгдэхүүн нь тогтвортой эх үүсвэр мөн болох, байгаль орчныг хамгаалах, зөв бизнес эрхэлж буйг батлах, зах зээлийн бусад салбарт борлуулах гээд олон асуудал энэ байгууллагад хамаарна. 

Нэг тонн дал модны бүтээгдэхүүнээс 11 PM /Малайзийн үндэсний мөнгөн тэмдэгт ренгит/ суутгах ба 9 PM нь энэ байгууллагын санхүүжилт бол үлдсэн 2 PM нь судалгаанд зориулагддаг.

Тус байгууллагаас RSPO /Roundtable on Sustainable Palm Oil/ стандартыг бий болгож, түүнд дал модны аж ахуйн үйлдвэрлэгчид, тариаланчид хамрагдан мөрддөг. Өдгөө Малайзийн дал модны салбарт RSPO, MSPO гэсэн хоёр стандарт мөрдөгдөж байна. MSPO нь илүү үндэсний эрх ашгаа  харгалзсан үндэсний стандарт юм.  RSPO-г анх бий болгохдоо Индонезийн туршлагаас санаа авсан бөгөөд өндөр шалгууртай, голдуу гадаадад мөрдөгддөг. Учир нь дал модны тосны экспортын 15%-ийг өндөр шалгуур бүхий Европын эдийн засаг руу гаргадаг байна. RSPO сертификат авахын тулд маш өндөр үнэ төлдөг. Нөхцөл, шаардлага ч өндөр. Биологийн төрөл зүйлийн үнэлгээ хийхийг шаарддаг RSPO сертификатыг нэр хүндийн баталгаа гэж үздэг. 

Хэдий дал модны салбар монголчуудаас харь хол мэт боловч стратегийн салбар гэж тодорхойлсноор нь, улс орны эдийн засгийг нуруун дээрээ авч яваагаар нь Монголын уул уурхайн салбартай жишиж харж харьцуулах зүйл цөөнгүй байлаа. Ялангуяа өндөр технологи, судалгаа, мэдлэг дээр төрийн бодлогоор дэмжигдэх нь ямар ч салбарыг амжилтад хүргэх нөхцөл болдог ажээ.

The Mongolian Mining Journal 2016.005 №090
 

  • Хүний хүүхэд ийм айхтар (202.70.38.18)
    гоё юмаа
    2016 оны 06 сарын 23 | Хариулах