Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрдсийн экспортын орлого бууралттай хэвээр байна

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар Монгол улсын нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос, цайрын хүдрийн экспортын биет жин бүгд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Харин жонш, гянтболдын баяжмал, цэвэр зэсийн экспорт өмнөх оныхоос биет жингээр бага дүнтэй  гарчээ.

Хэдийгээр эрдсийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс бууралттай хэвээр байгаа юм. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний бууралтаас үүдэн экспортын орлогын хэмжээ багасч буйг харуулж байна.
Нүүрсний тухайд оны эхний таван сарын байдлаар нийтдээ 7.2 сая тонныг экспортолж, 222 сая ам.долларын борлуулалт хийсэн нь биет жингээр 38.4%-иар өссөн ч орлогын хувьд 7.1%-иар буурчээ.

Зэсийн баяжмалын тухайд оны эхний таван сард нийтдээ 698 мянган тонн баяжмал нийлүүлж, 800 сая долларын худалдаа хийсэн нь биет жингээр 30%-ийн өсөлттэй байгаа ч орлогын хувьд 10%-иар багассан үзүүлэлттэй гарлаа.

Зах зээлийн хүнд үе тохиож буйгаас үүдэн Монгол улсын төмрийн баяжмалын уурхайнууд бүгд зогсонги байдалд ороод байгаа билээ. Харин “Болд төмөр Ерөө гол” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлт зах зээлийн шуурганд тэсч үлдээд байгаа юм. Оны эхний таван сард улсын хэмжээнд 1.9 сая тонн төмрийн баяжмал экспортолж, 67.8 сая долларын борлуулалттай байсан нь биет жингээр өмнөх оныхтой дүйж буй ч орлогын дүнгээр 30%-ийн бууралттай байгаа юм.

Харин алтны тухайд зах зээлийн нөхцөл байдал харьцангуй сайн байгаа бөгөөд үнийн уналтаас үүдэн томоохон алдагдал хүлээх аюул бусад эрдэстэй харьцуулахад холхон байгаа нь сайн хэрэг юм. Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол улс 5.2 тонн алт экспортолж, 204.8 сая долларын орлого хийсэн нь биет жин болон үнийн дүнгийн хувьд 50 гаруй хувиар тус тус өсөлттэй гарлаа.

Ийнхүү оны эхний таван сарын байдлаар Монгол улсын эрдсийн экспортын биет жин нэмэгдсэн ч орлогын дүн бууралттай гарсан хэвээр байгаа нь зах зээлийн байдал манай улсын ганц салбараас хамаарсан эдийн засгийн гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж буйг тод харуулсаар байна.

Улсын хэмжээнд мөн хугацаанд гадаад худалдааны нийт эргэлт 2.94 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.77 тэрбум доллар, импорт 1.17 тэрбум доллартай гарчээ. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1%-иар, экспорт 5.1%, импорт 19%-иар тус тус буурчээ. Экспортын бууралтад эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 176 сая ам.доллараар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийнх 9.7 сая доллар, хүнсний бүтээгдэхүүний экспорт 8.9 доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин импортын бууралт эрдэс бүтээгдэхүүн, төмөрлөг эд, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний импорт буурсан зэргээс шалтгаалсан байна. 

Б.Төгс