Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Энэтхэгийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр Монголын хэсгийн тэргүүний хувиар Монгол-Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хорооны /ЗГХХХ/ V хуралдааныг Шинэ дели хотноо 4 дүгээр сарын 28-нд зохион байгуулж байна. 

ЗГХХХ-ны V хуралдааныг хамтран даргалсан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНЭУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Вижэй Кумар Синх нар хоёр орны найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бүс нутаг, олон улсын байдлын харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурсан байна.

Манай улс 1990 оноос хойш БНЭУ-аас 27,51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан нь Монголын нийт хөнгөлөлттэй зээлийн 1 хувийг эзэлж буй. Өнгөрсөн оны 5 дугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол улсад айлчилахдаа 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай дэд бүтцийн салбарт зориулж олгохоо мэдэгдсэн байдаг. Энэтхэгийн талаас анх Libor+1.5%, 8 жилийн хугацаанд эргэн төлөгдөх санал тавьж байсан юм. Харин талууд өнгөрсөн сарын эхээр Дели хотноо хийсэн хэлэлцээрийн үр дүнд зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 7 жил байхаар тохиролцсон билээ.