Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монгол улсын хилээр ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг нэвтрүүлэхгүй

“Энэ удаагийн хэвлэлийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийе” хэмээн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг  сар бүр зохион байгуулагддаг  “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо.

Тэрээр “Засгийн газрын өчигдрийн ээлжит  бус хуралдаанаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Хуулийн төслийг УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Уул уурхайн сайд Р.Жигжид УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан” гэв.

“Хуулийн төсөлд ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн нэгдүгээр зүйлд Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан” хэмээн Д.Артаг дарга мэдээлэлдээ дурьдсан юм.

Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварыг Ашигт малтмалын хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулсан нь УУЯ-ны хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудын нэг аж. Тус загвар гэрээ батлагдсанаар аймаг, сум, дүүргийн түвшинд олон төрлийн гэрээ хийдэг байсныг нэг мөр болгож гэрээнд оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага тодорхой болж байгаа юм байна.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс оруулж буй хөрөнгө оруулалт орон нутаг, хүн амын хөгжилд хэрхэн үр өгөөжтэй зарцуулагдаж байгаа, ил тод шударга ойлгомжтой харилцааг хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд бий болгох ач холбогдолтой гэдгийг   Уул уурхайн яамны удирдлагууд онцлов.

Гацууртын орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр өнгөрсөн өдрүүдэд болжээ. Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч талтай Орд ашиглах гэрээний зүйл, заалт бүрээр нь нарийвчлэн хэлэлцжээ. Хөрөнгө оруулагч тал ирэх долоо хоногт Монголд хүрэлцэн ирж хэлэлцээг үргэлжлүүлэх аж.

Уул уурхайн яам болон Ашигт малтмалын  газрын удирдлагууд одоогийн байдлаар хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгоод байгаа тухай мэдээллээ.  Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг  цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 3915 дугаар олгоод байгаа аж. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.  Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 1079 байгаагаас  тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн нь 579, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 649, өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 28 ширхэг өргөдөл байгаа аж.
 
Г.Идэр