Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Шивээ-Овоо”-гийн цахилгаан станцын төслийн зөвлөхүүд тодорчээ

Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд төслийн нэгж байгуулан холбогдох судалгааг хийж байгаа юм.

Сүүлийн үеийн мэдээллээр энэ оны 6 дугаар сар гэхэд төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан ЭХЯ-нд хүргүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн төслийн багийнхан мэдээлэв. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан ЭХЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байгаа юм.  Мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын “State Grid” корпораци төслийн зөвлөх үйлчилгээний тендерүүдийг зарлаж, зөвлөхүүдээ сонгосон аж.

Урьдчилсан тооцоогоор “Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн 9240 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, түүнийг дагасан дэд бүтцийг байгуулна. Энэ нь одоогоор суурилагдсан хүчин чадлаас 8 дахин өндөр хүчин чадалтай болох бөгөөд дэлхийд хамгийн том нүүрсээр ажиллах цахилгаан станц болох юм. Энэхүү төсөл 10-аад жилийн өмнө яригдаж байсан ч Засгийн газраас гаргах хөрөнгө мөнгөний шалтгаанаар царцаж байжээ.