Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Бэрэн” гангийн үйлдвэрийн эхний шугамаа ирэх хавар нээнэ



Монголын гангийн салбарт хүч түрэн орохоор хүлээгдэж буй цөөн хэдэн үйлдвэрийн нэг нь “Бэрэн” компанийн ган төмөрлөгийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийн ган үйлдвэрлэлийн өмнөх үе шат болох ширэмийн үйлдвэр 2014 оноос эхлэн шат дараатайгаар ашиглалтад орж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн 100 мянган тонны хүчин чадал бүхий ширэм хайлах үйлдвэр ашиглалтад орчихоод байгаа бөгөөд гангийн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн гаргах эхний шугамыг нээхээр тус компанийн ажилчид идэвхийлэн ажиллаж байна. Гангийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг оруулж ирснээс гадна байгууламжийн суурь цутгалт зэрэг үндсэн ажлыг хийж дуусгажээ.

Ирэх хавар ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус гангийн үйлдвэрийн эхний шугамыг ажиллуулж эхэлснээр жилдээ нийт 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Монгол улсын хувьд зөвхөн арматурын тухайд 300-400 мянган тонны эрэлт хэрэгцээ байгаа бөгөөд үүний дийлэнхийг гадны орноос импортлон оруулж ирж байгаа. “Бэрэн” ган төмөрлөгийн үйлдвэр нь зөвхөн арматураар хязгаарлагдахгүй ган бөмбөлөг болон гангаар хийж болох бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм. Үйлдвэрийн хоёр дахь шугам ирэх 2017 оны хавар ашиглалтад орох төлөвтэй байна. Ингэснээр ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 100 мянган тонноор зузаатгах юм.

Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ огцом унасантай холбоотойгоор Монголын дотоодын жижиг уурхайнууд бүгд зогссон билээ. Харин Бэрэнгийн үйлдвэрт түүхий эдийн татан авалтын хувьд хүндрэл гарахгүй гэж тус компани үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн үнэ буурсан нь гангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэргээр ашигтайгаар нөлөөлөх нөхцөл болжээ. Тодруулбал, хэдэн жилийн өмнө уурхайн аман дээр тонн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш үнэтэй байсан бол одоо ердөө 15 доллар болжээ. Коксын үнэ ч өмнө нь 300 ам.доллараас дээш үнэтэй байсан бол одоо 100 орчим ам.доллартай байна.