Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

ОУСК: Өмнийн говийн усны менежментийг сайжруулна

Өмнийн говийн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй голлох компаниудын төлөөлөл өнөөдөр усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст гарын үсэг зурлаа. Нийт зургаан зарчим бүхий энэхүү сайн дурын кодекс нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын усны менежментийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) санаачлан хэрэгжүүлж буй юм. Кодексын зарчимд Хариуцлагатай ил тод байх; Үндэсний хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцэж ажиллах; Санаачилгатай харилцаж, оролцоог хангах; Усны нөөцийн үр дүнтэй менежмент ба хамгаалал; Эерэг нөлөөллийг бий болгох; Орон нутгийн усны дэд бүтэц ба холбогдох үйлчилгээг дэмжих гэсэн хэсгүүд оржээ.

Говийн бүсэд уул уурхайн томоохон төслүүд ажиллах урт хугацааны төлөв буй ч эсрэгээр усны урт хугацааны менежмент дутмаг байгаа нь уул уурхайн хөгжлийг саатуулж улмаар Монголын төлөвлөсөн ирээдүйн өсөлтөд ихээхэн саад болох эрсдэлтэй байна. Иймд хайгуул, олборлолтын компаниуд усыг дундын баялаг байдлаар хамтран зохицуулах шаардлагатайг сайтар ойлгожээ.

Уг кодекс амжилттай хэрэгжсэнээр усыг байгальд ээлтэйн сацуу эдийн засгийн үр ашигтайгаар ашиглах боломж бүрдэхэд дөхөм болно гэж ОУСК үзэж буй юм.

Сүүлийн жил хагасын хугацаанд өмнийн говийн нийт 13 голлох компанийн төлөөлөл зөвшилцсөний үндсэн дээр ОУСК олон улсын шилдэг туршлагад тулгуурлан Монголын нөхцөлд нийцүүлсэн байдлаар энэхүү сайн дурын кодексыг боловсруулжээ. Кодекст “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэ Монгол”, “Саусгоби Сэндс”, “Терра Энержи”, “Гоби Коал энд Энержи” зэрэг компанийн төлөөлөл гарын үсэг зурсан юм.

Усны менежментийн кодекс нь компанийн хариуцлагын маш тод жишээ бөгөөд Монгол улсын говийн бүс нутгийн иргэдийн усны хэрэгцээ болон уул уурхайн салбарын хөгжлийг харилцан тэнцвэржүүлэхэд зайлшгүй хэрэгтэй юм гэж компаниудын төлөөлөл хэллээ.

ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен кодекст гарын үсэг зурах ёслолын үеэр Монголын хувьд ус бол хамтын удирдлага, зохицуулалт шаардсан дундын нөөц болохыг тодотгон хэлэв.

Кодексыг хэрэгжүүлснээр компаниуд усны мониторингийн ажлыг илүү өндөр түвшинд жигд хийж эхлэх үүрэгтэйн сацуу энэ ажлыг орон нутгийн оролцогч талуудын хамтаар биелүүлэх юм. Үүний хажуугаар малчдад хүнд хэцүү цагт туслалцаа дэмжлэг өгөх үүрэг ч багтжээ. Түүнчлэн кодексын хүрээнд цаашид усны зарцуулалт, усны мониторингийн үр дүнг олон нийтэд хүртээмжтэй байдлаар танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Уг төслийг Канадын Засгийн газар, 2030 Усны нөөцийн бүлэг, Австралийн олон улсын хөгжлийн агентлаг, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Уул уурхай, төмөрлөгийн олон улсын зөвлөл зэрэг байгууллага дэмжин ажиллажээ.


Б.Төгс