Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос улс хямралын хүнд шалгуурын өмнө



Э.Оджаргал

Ийм гарчиг бүхий нийтлэл “Синхуа” агентлагийн олон улсын гол мэдээнүүдийн дундаас дэлхий нийтийн сонирхлыг татсан юм. Улиран өнгөрсөн оны төгсгөлд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад дахь албан ёсны айлчлалын өдрүүд дөнгөж дуусмагц энэхүү нийтлэл олон улсад цацагдав. Үлэмж дүнтэй төслүүд багтсан 30 гаруй баримт бичгийг талууд үзэглэсэн үр дүнтэй айлчлалын дараа хятадууд стратегийн гол түнш орныхоо эдийн засгийн хямралыг онцлон бичсэн нь оросуудын ч гайхшралыг төрүүлжээ.

Үнэхээр улсынх нь төсвийн орлогын 80%-ийг бүрдүүлдэг газрын тосны үнэ “шалдаа” буусан энэ цаг үед Орос орны эдийн засаг бэрхийг туулж байна. Шинэ онд ч хямрал үргэлжилнэ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн таамаглалаас харахад л энэ нь тодорхой юм. Оны эхний сард Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 30 ам.долларт хүрэв. Үүнээс Urals маркийн газрын тосны үнэ 2-3 ам.доллараар хямд байдаг гэж үзэхээр хойд хөршийн  эдийн засагт  хүндхэн үе үргэлжлэх нь. Сүүлийн 11 жилийн хугацаанд хамгийн доод үнэдээ хүрсэн хар алтны ханш 10 ам.долларт ч хүрч болзошгүй гэсэн Америкийн гол банкуудын таамаглал оросуудын “эмзэг газар”-ыг хатгаад авсан.

Газрын тосны хямд үнэ араасаа олон асуудал дагуулах нь гарцаагүй. Рублийн ханш сулрах, инфляцийн түвшин өсч, импорт буурч, хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэнэ. Тиймээс шинэ онд мөрдөгдөж эхэлсэн 50 орчим шинэ хууль тогтоомжийг Орос оронд өөрчлөлт, шинэчлэл авчирна гэхээсээ илүүтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зохицуулалт гэж хэлж болох юм.

Сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа 1 жилийн төсвийг ОХУ-ын Засгийн газар баталлаа. Уг нь бол гурван жилийн төсөөлөлтэйгээр улсынхаа төсвийг баталдаг ч газрын тосны тогтворгүй ханш Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулахад хүргэсэн нь энэ. Оросууд энэ оны төсөвтөө Urals газрын тосны үнийг 50 ам.доллар байхаар суулгажээ. Ийм “өөдрөг” төсөөллөөр тус улсын төсвийн алдагдал 2.36 их наяд рубльд хүрнэ. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаас харахад газрын тосны үнэ 25 ам.долларт хүрэхэд тун ойрхон байна.

Энэ онд төсвийн орлого 13.7 их наяд рубль, харин зарцуулалт 16 их наяд рубль байхаар тооцжээ. Тус улсын Төв банкны тухай хуулиар банкны ашгийн тодорхой хувийг улсын төсөвт татдаг. Тогтмол 50% байсныг 2010 онд хуульд өөрчлөлт оруулахдаа 75% болгон нэмсэн байдаг. Харин өнгөрсөн оны төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төв банкны эмиссийн орлого буюу ашгийн 90%-ийг улсын төсөвт “дайчлах” тухай хуулийн өөрчлөлтийн баримт бичгийг үзэглэв. 2015 онд Төв банк 330 тэрбум рублийн ашигтай ажиллаж, 300 тэрбум рублийг улсын төсөвтөө оруулжээ. Ашгийн хувьд үндсэн орлого нь бусад банкуудад олгосон зээлийн хүүгээс бүрддэг.

Оросын банкуудын хувьд энэ оноос олон улсын “Базель III” стандартад шилжиж буй. Өнгөрөгч оны 11 сарын дүнгээр Оросын банкуудын нийт ашиг 265 тэрбум рубль буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ юуны түрүүнд иргэдийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой аж. 

2014 онд рублийн ханш огцом суларснаас өнөөдөр оросуудын тал хувь нь зээлээ эргэн төлж чадахгүйд хүрээд байна. Тоогоор авч үзвэл 39.4 сая иргэн нийт 10.6 их наяд рублийн өртэй. Өнгөрсөн 10 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн ОХУ-ын Хувь хүний дампуурлын тухай хуулиар 196 мянгаас эхлээд 127 сая рубль хүртэлх зээлтэй иргэд дампуурлаа зарлахаар шүүхийн шийдвэр хүлээж байна. Гурван сар хэтэрсэн 500 мянган рубль буюу 7600 ам.доллараас дээш зээлтэй хувь хүн банкны зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй болсноо мэдэгдэх эрхийг тус хуулиар олгож байгаа юм. Автомашинаас эхлээд орон сууц, гадаад зээл ч хамаарч буй. Нэгэнт дампуурлаа зарлаж “зээлийн өршөөлд” хамрагдсан иргэн дараагийн 5 жилийн хугацаанд зээл авах эрхгүй. 

Гэхдээ дампуурлаа зарлахгүйгээр зээлийн асуудлыг хөнгөвчлөх, зээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан хуулийн бас нэгэн зохицуулалт шинэ он гармагц хэрэгжсэн юм. Иргэдийн зээлийн сар бүрийн төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулах, төлбөрийн тогтсон хугацааг уян хатан болгох, аливаа зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд тухайн иргэний муу зээлийн түүхийг архиваас устгах, зээлдэгчээс өр барагдуулах талаар банк, зээлийн компаниудын шаардах эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах зэрэг зохицуулалт оржээ. Орос даяар явагдсан санал асуулгаар иргэдийн 20% нь ажлын цомхотгол, 15% нь цалин буурсан шалтгаанаар зээлээ эргэн төлж чадахгүйд хүрсэн гэж хариулсан байна.  

Өнөөгийн нөхцөл байдал 2008 онд тулгарч байсан хямралаас ч хүнд гэдгийг Орос орны санхүүг 11 жил тооцоолж, хамгийн удаан хугацаанд Сангийн яамыг тэргүүлсэн эрхэм Кудрин анхааруулав. Тэрээр 2011 онд төсвийг хэлэлцэх үеэр батлан хамгаалах салбарын зарцуулалтын мөнгийг хэмнэхийн төлөө ОХУ-ын Ерөнхиийлөгч Медведевтэй марган дуулиантайгаар албан тушаалаа орхиж байв. Энэ удаад мөн л тэтгэвэр, цалин нэмэхэд улсын төсвөөс “илүүчлэх” боломж үгүй гэсэн өөрийн байр суурийг илэрхийлээд авчээ. “Газрын тосны 1 баррелийн үнэ 35 ам.доллартай тэнцэж байхад цалин, тэтгэвэр нэмэх талаар ярих ч хэрэггүй. Хэрэв 2016 онд инфляцийн түвшин 12%-тай байна гэж тооцож байгаа бол тэтгэвэр нэмэхийн тулд төсөвт илүү 660 тэрбум рубль шаардлагатай. Энэ мөнгөний хэмжээг ойлгохгүй байгаа хүмүүст зориулан хэлэхэд Орос улс дээд боловсролд 600 тэрбум, эрүүл мэндийн салбарт 300 тэрбум рубль зарцуулдаг” хэмээн Гайдаровын форумын индэр дээрээс Кудрин хатуухан хэлсэн юм.

Гэлээ ч шинэ онд тэтгэврийг 4%, цалингийн доод хэмжээг мөн дайтай нэмж 6205 рубль байхаар тогтжээ. Харин цалин, хөлсийг цагт нь тавиагүй, хоцроосон, хугацаанд нь саатуулсан ажил олгогчийг энэ оноос торгох хуультай болсон байна. Ажил олгогчтой холбоотой бас нэгэн шинэ хууль гарсан нь тодорхой агентлагаар зуучлуулан ажилчин хөлслөх үйлчилгээг хоригложээ. 2015 оны байдлаар Оросын нийт хүн амын 53% буюу 76.6 сая иргэн ажил эрхэлж байна. Оросын Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 10 мянган иргэнд 108 төрийн албан хаагч ногдох аж. Гэтэл энэ тоо Энэтхэгт  29, Хятадад 72 байх жишээтэй. Энэ онд Оросын төрийн албан хаагчийн орон тоог 10%-иар бууруулна. Орон тоог цөөлөхөөс гадна албан хэрэгцээний мөнгөний зарцуулалтыг хязгаарлах, зарцуулалтыг нээлттэй болгох шинэ журам баталсан байна. Оросын эрх бүхий байгууллагын удирдлагууд албандаа 2.5 сая рублиэс дээш үнэтэй машин болон 15 мянган рублиэс дээш үнэтэй гар утас хэрэглэхийг хоригложээ. Төрийн албан хэрэгцээнд худалдан авах аливаа бараа бүтээгдэхүүний зориулалт, худалдан авах үнэ зэргийг тодорхой бичсэн баримтыг ОХУ-ын Мэдээллийн нэгдсэн санд оруулж Олон нийтийн зөвлөлөөр хэлэлцүүлж байх аж.

2011 онд Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа “Манайхан төрийн хэрэгцээнд 1 их наяд рубль зарцуулдаг. Ойролцоогоор улсын нийт төсвийн 10% гэсэн үг. Энэ зарцуулалтыг харьцуулж үзвэл “Москва-Екатеринбург” хурдны авто замын төсөл 1.5 их наяд рублийн өртөгтэй” хэмээн шүүмжилж байсан удаатай.

Өнөөдөр Орос оронд 17.8 сая иргэн жижиг, дунд бизнес эрхэлдэг. Өнгөрсөн гурван жил татвартай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаагүй бол ирэх гурван жилд татварын хяналт, шалгалтаас чөлөөлөх хууль хэрэгжиж эхэллээ. Жижиг, дунд бизнес хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэн дотоодын эдийн засгаа дэмжихийг зорьж буй хэрэг. Мэдээж энэ хууль нь гал түймэр, байгаль орчин, цөмийн эрчим хүч, цацраг идэвх зэрэг онцгой салбар чиглэлийн бизнест хамаарахгүй.

Мөн энэ оноос Оросын ашигт малтмал, геологи хайгуулын салбартай холбоотой хуулийн хоёр ч шинэ журам батлагдлаа. Байгалийн асар их нөөц баялагтай тус улс нь “Газрын хэвлийн баялгийн геологийн мэдээллийн нэгдсэн сан” байгуулахаар болж, үүндээ ашигт малтмал ашиглах явцтай холбоотой геологийн бүх мэдээллийг хамруулах юм. Газрын хэвлийн баялгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар металын бусад хольцтой алтыг /dore gold/ ашигт малтмалд тооцож, ашигт малтмалын олборлолтын татвар ногдуулахаар болжээ. Өмнө нь алт агуулсан хүдрийн олборлолтын хэмжээнээс хамааран татварын хэмжээг тогтоодог байв.   

Эдийн засгийн гадаад харилцааны хувьд Орос улс нь Украин, Туркийн эсрэг хоригийг он эхэлмэгц тогтоолоо. Хөдөө аж ахуйн зарим нэр бүхий түүхий эд, бүтээдэхүүнийг Украинаас импортлохыг хоригложээ. 2015 оны 9 сарын статистик мэдээллээр Орос улс Украинаас 4.2 тэрбум ам.долларын импорт хийсан байна. Энэ нь Украины нийт импортын 15%-ийг эзлэх дүн юм. Хүнсний эмбарго тогтоосны улмаас Украин 94,4 сая ам.долларын импортоо алдахад хүрч байна. Харин Киевийн зүгээс алдагдлыг 600 ам.доллар гэж үзжээ. Харин Турк улсын хувьд энэ оноос Орос руу визгүй зорчих горим цуцлагдаж байгаа юм. Орост үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн компаниудын тодорхой төрлийн ажил, үйлчилгээг хязгаарлахаас гадна тус улсаас шинээр ажиллах хүч авахыг хориглов. Цэцэг, давс зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд хориг тавьсан байна. 2015 оны байдлаар Турк улсын нийт экспортын 18.9%-ийг Орос улсынх эзэлж байжээ. Орос улсын эдийн засгийн хориг нь Турк улсад 9-10 тэрбум ам.долларын хохиролтой гэж олон улсын эдийн засагчид тооцсон байна.   

Эцэст нь 2016 оноос Орос орон бие даасан байдал, улс орныхоо эрх ашгийг хамгаалсан Үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчлээд буй. Өнгөрсөн оны сүүлчийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баримт бичгийн өөрчлөлтөд гарын үсэг зурсан билээ. 2020 он хүртэл мөрдөгдөхөөр заасан энэхүү баримт бичигт Үндэсний аюулгүй байдлын стратегийн гол зорилтуудын нэг нь “Эдийн засгийн өсөлт” болохыг тодорхойлсон байна. ДНБ-ний өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч 5 улсын нэг болж, эдийн засаг болон технологийн салбар дахь үндэсний аюулгүй байдлыг шаардлагатай түвшинд хүргэх тухай тусгажээ. Эдийн засгийн тогтвортой байдлын гол эрсдэл, аюул занал бол үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадвар буурах, эрдэс баялаг дахь хяналтаа алдах, аж үйлдвэрлэл болон эрчим хүчний түүхий эдийн бааз муудах, бүс нутгуудын тэнцвэргүй хөгжил, өсөн нэмэгдэж буй мэргэжилтэн дутмаг, үндэсний санхүүгийн системийн тогтворгүй байдал, эдийн засаг-санхүүгийн харилцаанд авлига болон гэмт хэргийн орчин бүрдсэн хэвээр байгаа, иргэдийн хууль бус шилжилт хөдөлгөөн зэргийг онцолсон байна.

Цасны “Даниэлла” циклон  айлчлан Орон оронд хүйтний эрчийг улам чангалсан 1 дүгээр сарын энэ өдрүүдээр Төрийн Дум нь 2016 оны төсөвт дахин тодотгол хийхээр чуулж буй. Сангийн сайд Антон Силуанов төсвийг хамгийн боломжит дээд хэмжээ болох 10%-иар танах саналыг дэвшүүлж, харин газрын тосны үнийг 40-25 ам.доллараар төсөвт суулгах талаар сайдуудын “халуухан” маргаан өрнөсөөр...